Tuesday, 11 February 2014





Диего Марадона дахин эцэг болох уу

Диего Армандо Марадонагийн хажууд бөмбөг дэлбэрсэн мэт нэгэн мэдээ түгэв. Одоогийн найз бүсгүй Росио Оливад Валентины өдрөөр бөгж зүүж өгөхөөр төлөвлөөд байсан Аргентины хөлбөмбөгийн 53 настай амьд домог өөрийгөө зургаа дахь удаагаа эцэг болох гэж буйгаа телевизийн дэлгэцээс мэдсэн аж. Одоогийн найз бүсгүй Олива биш, харин экс амраг, тав дахь хүүхдийнх нь эх Вероника Охеда цуутай хөлбөмбөгчийн хүүхдийг дахин төрүүлэх гэж байна гэсэн нь бөмбөг тэсэлсэнтэй адил зүйл болоод байна.
Нэр алдартай хүмүүсийн адал явдлыг сурвалжлан бичдэг нэгэн сэтгүүлд “Дугаар 10 экс амрагтайгаа нууцаар уулздаг байсан. Охеда түүнээс дахин жирэмсэн болсон байж магадгүй” хэмээн мэдээлсэн аж. Марадона энэ мэдээг сонсоод няцаалт хийсэн аж. Вероника Охеда саяхан Марадонагийн ажиллаж, амьдарч буй Дубай хотод очсон юм. Вероника нэрт хөлбөмбөгчөөс дахин жирэмсэн болсноо дуулгахаар очсон хэмээн Аргентины шар хэвлэлүүд шуугиж байна.
Марадона эдүгээ 23 настай Росио Олива хэмээх бүсгүйтэй үерхэж байгаа. Росио “River Plate”-ийн эмэгтэй хөлбөмбөгчдийн багт тоглож байсан аж. Домогт хөлбөмбөгч, түүний анхны эхнэр Клаудиа Вияафанье нар Дальма, Жанина гэсэн хоёр охинтой билээ. Тэдний дараа Марадонагийн гэрлэлтээс гадуурх харилцаанаас Диего, Жана хэмээх хоёр хүүхэд нь мэндэлсэн. Диего Марадонагийн тав дахь хүүхэд нь Вероника Охедагаас төрсөн Диегито Фернандо ажээ. Марадона, Вероника хоёр найман жил хамт амьдарсан юм.

Алжирт цэргийн тээврийн онгоц сүйрчээ

Алжирийн зүүн хэсэгт тус улсын Батлан хамгаалах яамны цэргийн тээврийн нисэх онгоц сүйрчээ. Ослын улмаас 77 хүн амиа алдлаа хэмээн Алжирийн “Аль-Ахбар” телевиз мэдээлэв. Нэг хүн амьд гарсан хэмээн мэдээлж байна. Уг нисэх онгоцонд цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүс явж байсан бололтой. Цаг агаарын таагүй нөхцөл байдал нисэх онгоцны сүйрэлд нөлөөлсөн гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. “Hercules C-130” нисэх онгоц Таманрассет хотоос хөөрч яваад Буахи мужийн уулархаг бүсэд унасан байна. Онгоц юунаас болж сүйрснийг тогтооход эрт байгаа аж.

Халиваар мөнгөний автомат машиныг онгойлгожээ

Москва хотын төвд хоёр этгээд халиваар (отвертка) мөнгөний автомат машиныг онгойлгон хулгай хийх гэж байгаад баригджээ. Новорог гудамжинд байдаг банкны дохиоллын систем ажиллаж “02”-т дуудлага иржээ. Хамгаалалтын ажилтнууд хэргийн газар ирж банкны автомат машиныг халиваар эвдлээд зогсож байсан 28 настай залууг хамсаатны хамтаар саатуулсан байна. Мань этгээд автомат төхөөрөмжийг онгойлгон дотор нь байсан 9.3 сая рублийг авч явахаар зэхэж байжээ.

Жон Керри Өмнөд Солонгост ирлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хойд Солонгосын асуудлаар ярилцахаар Сөүл хотод иржээ. Тэрээр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бен Сетэй уулзаж хэлэлцээ хийх юм. Тэд 2014 онд ийнхүү хоёр дахь удаагаа уулзаж байна.
Вашингтон, Сөүлийн дипломат албаны тэргүүнүүд Зүүн хойд Азийн аюулгүй байдал болон Хойд Солонгос дахь нөхцөл байдлын талаар голлон ярилцах бололтой. Ж.Керри, Юн Бен Се нар хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн хурал хийлгэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын төлөөлөгчид Хойд Солонгосын талтай өндөр түвшинд хэлэлцээ хийхээр хил орчмын Панмунжон тосгонд ирээд байгаа аж.

Түлэгдсэн хэлнийхээ төлөө 69 мянган доллар авахаар болов

Канадын Квебек мужийн оршин суугч эмэгтэй Tim Hortons хэмээх зоогийн газар шөл захиалж идэхдээ хэлээ түлж орхижээ. 58 настай канад бүсгүй 1998 онд тус зоогийн газарт төмсний шөлөнд дүрсэн халбаганд хэлээ түлсний улмаас олон жилийн турш хэл өвдсөн, хоолонд дургүй болсон, даралт ихэссэн, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан юм. “Манай шөлний халуун байдал нь стандартын хэмжээнд байсан” хэмээн зоогийн газраас мэдэгдсэн ч шүүхээс “Tim Hortons зоогийн газрын хоолны халуун байдал 2004 он хүртэл замбараагүй, тогтвортой бус байсан. Зоогийн газрын зүгээс үйлчлүүлэгчид “Шөл халуун шүү, түлэгдэхээс болгоомжил” гэсэн сануулгыг өгөх ёстой байсан” гэсэн дүгнэлт гаргасан байна. Дээд шүүх энэ хэргийг есөн өдөр судалж хэлэлцсэний эцэст зоогийн газар уг эмэгтэйд 69 мянган долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

“Талибан” хөдөлгөөний 65 гишүүнийг суллана

Пакистаны эрх баригчид “Талибан” хөдөлгөөний 65 гишүүнийг шоронгоос суллахаар болов. Ямар нэг гэмт хэрэгт холбогдолтой нь нотлогдоогүй талибуудыг шоронгоос суллаж байгаа аж. Тус хөдөлгөөний 72 гишүүнийг суллахаар төлөвлөж байсан ч АНУ олон НАТО-гийн шахалтад орсны улмаас заримыг нь шоронд үлдээхээр шийдсэн байна. Баграм дахь цэргийн баазын шоронд хоригдож байгаа талибуудыг долоо хоногийн дараа суллахаар болсныг Пакистаны тал мэдэгдлээ. 2013 оны арваннэгдүгээр сард Пакистанд “Талибан” хөдөлгөөний гурван томоохон төлөөлөгчийг шоронгоос сулласан билээ. 

No comments:

Post a Comment