АНУ-ын
зургаан мужид онц байдал зарлалаа
АНУ-д
цаг агаар эрс муудаж, ихээхэн цас орж буйтай холбоотойгоор зургаан мужид онц
байдал зарлаад байна. Виржини, Мэриленд, Хойд Каролина, Өмнөд Каролина,
Миссисипи мужийн захирагч нар онц байдал зарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн
зарлигаар Жоржиа мужид онц байдал зарласан байна. Холбооны агентлагууд
байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг анхааралдаа авч ажиллахыг Цагаан ордны
эзэн үүрэгдсэн аж.
Хойд
Каролина, Жоржиа мужид сургуулиудыг гурав хоногоор хаагаад байна. Төрийн зарим
байгууллага, албан газар ажлын цагаа багасгажээ. Атланта, Даллас, Хойд
Каролинагийн нисэх буудлууд дээр нийтдээ 900 орчим нислэг саатлаа. АНУ-ын нийт
газар нутгаар 1200 орчим нислэг хойшлоод байна хэмээн USA Today сонин мэдээлэв.
Үүний өмнөх өдөр мөн л мянга орчим нислэг саатаад байсан билээ. Америкийн
иргэдийг хувийн автомашинтай явахгүй байх, онц шаардлагагүй бол гэртээ үлдэхийг
зөвлөж байгаа аж.
Цаг
агаарын албанаас мэдээлж буйгаар, ойрын өдрүүдэд АНУ-ын зүүн өмнөд, зүүн хойд
нутгаар хоёр хоногийн турш ихээхэн цас орох төлөвтэй байна. Энэ нь сүүлийн 20
жилд АНУ-д орж байгаагүй их цас байх бололтой. Одоогийн байдлаар их цасны
түрүүч Жоржиа, Миссисипи, Алабама мужид орж эхэлжээ. Техас мужид цаг агаарын
таагүй байдлын улмаас гарсан авто замын ослоор дөрвөн хүн амь насаа алджээ.
2014
он гарсаар АНУ-ын зүүн хэсэг хэд хэдэн удаа их цасанд дарагдаад байна. Нэгдүгээр
сарын сүүлчээр зүүн өмнөд нутагт цас ихээр орж, шуурга дэгдсэний улмаас 13 хүн
амь насаа алдсан юм. Мөн 2014 оны эхэнд есөн иргэн цасан шуурганы золиос болж
байсан билээ. АНУ-д орж буй цас ер бусын их хүйтэн уур амьсгал дагуулж байгаа
аж. Цөөнгүй бүс нутагт хүйтэн цаг агаар олон жилийн хамгийн хүйтэн рекордыг
эвдсэн байна.

No comments:
Post a Comment