Monday, 24 February 2014





Ким Чен Ун дахин эцэг болно

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны гэргий Ри Сол Жу хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна хэмээн Өмнөд Солонгосын “Чосон Илбо” сонин мэдээлэв. Хоёрдугаар сарын 18-нд Ри Солын шинэхэн гэрэл зураг хэвлэлд нийтлэгдсэн бөгөөд тэрээр чөлөөт хувцастай, жаахан жин нэмсэн байдалтай байжээ. Пхеньяны залуу лидерийн гэргий 2010 онд анх жирэмсэн байхдаа өмсөж хувцсаа өмссөн байсан хэмээн “Чосон Илбо”-д бичсэн байна. Түүнийг 3-5 сартай хөл хүнд хэмээн үзэж байна. Ким Чен Уны гэргий өнгөрсөн онд охин төрүүлсэн юм.

Марадона “Дэлхийн цом”-д тайлбарлагч хийнэ

Аргентины нэрт хөлбөмбөгч Диего Марадона Латин Америкийн Telesur телевизтэй гэрээ байгуулж, энэ зун Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тайлбарлахаар болжээ. Тэрээр сэтгүүлч Виктор Моралестэй хамтран тойм нэвтрүүлэг хийхээс гадна зарим тоглолтыг шууд тайлбарлах бололтой. Марадона эдүгээ Дубайд хөлбөмбөгийн элчээр ажиллаж байгаа билээ. Аргентины шигшээ 1986 онд Мексикт дэлхийн аварга болоход Марадона гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Samsung фитнесс-бугуйвчаа танилцууллаа

Өмнөд Солонгосын Samsung корпорац Барселона хотод болж буй технологийн үзэсгэлэн дээр Gear Fit ухаалаг бугуйвчаа танилцуулжээ. Уг багаж өдөрт хийж буй алхам, зүрхний цохилт, нойрны мөчлөг, зарцуулсан илчлэгийн хэмжээг тооцож гаргадаг аж. Мөн хөгжим тоглох, гар утсанд ирсэн зурвас, дуудлагын талаар мэдээлэх чадвартай. 432х128 нягтралтай, 1.84 ямх диагонал супер амолед, мэдрэгч дэлгэцтэй. Gear Fit нь нөөц оосортой, ус, тоосноос хамгаалсан их биетэй ажээ. Эл бугуйвч дөрвөн өдөр цэнэгээ барина хэмээн Samsung баталж байна. Gear Fit нь Galaxy Gear хэмээх өмнөх загвараасаа авсаархан болжээ. Samsung корпорац мөн Galaxy S5 гар утсаа танилцуулсан байна.

М.Ренцигийн Засгийн газарт итгэл үзүүлжээ

Италийн парламент шинэ Ерөнхий сайд Маттео Ренцигийн Засгийн газарт итгэл үзүүлэв. Ренци Барууны шинэ хүч, Иргэний сонголт, Төвийн холбоо болон Ардчилсан намын төлөөлөгчдийг багтаасан эвслийн Засгийн газраа байгуулсан юм. Шинэ Засгийн газрыг 169 депутат дэмжиж, 139 нь эсэргүүцжээ.
Италийн Ардчилсан намын лидер, 39 настай Маттео Ренци хоёрдугаар сарын 21-нд Сайд нарын танхимийг тэргүүлэн гарч иржээ. Өмнөх Ерөнхий сайд Энрико Леттаг амласан шинэчлэлээ хэрэгжүүлээгүй хэмээн огцруулсан юм. Ренци Италийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байна.

Перуд шинэ Ерөнхий сайд томилогдов

Перу улсад Засгийн газрын шинэ тэргүүн томилогдлоо хэмээн “Reuters мэдээлэв. Барилгын сайд байсан Рене Корнехо Ерөнхий сайдаар томилогджээ. Өмнөх Ерөнхий сайд Сесар Вильянуэва сөрөг хүчний шахалтад орж огцорсон юм. С.Вильянуэва Перу дахь цалингийн доод хэмжээг (270 доллар) нэмэгдүүлнэ гэсэн нь огцруулах шалтгаан болжээ. Сөрөг хүчний үзэж буйгаар, эдүгээ цалингийн доод хэмжээг нэмэх ямар ч боломгүй аж.

Харьковт Лениний хөшөөг буулгахыг хойшлууллаа

Украины Харьков хотод Лениний хөшөөг буулгах гэж байсан ч хойшлуулав. Харьковт бий болсон “Евромайдан” сайн дурын зөвлөлийнхэн ийм шийдвэр гаргажээ. Лениний хөшөөг буулгаснаар мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсч магадгүй гэж болгоомжилсны үүднээс ийм шийдвэр гаргасан гэдгээ тус зөвлөлийн гишүүд мэдэгдэв. Хоёрдугаар сарын 22-нд Харьковт жагссан хүмүүс Лениний хөшөөг буулгах шийдвэр гаргасан юм. Гэвч маргааш нь энэ шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс хөшөөний дэргэд цугларчээ.

Хойд Солонгосын эргүүлийн хөлөг онгоц усан хил зөрчжээ

Хойд Солонгосын зэвсэгт хүчний эргүүлийн хөлөг онгоц Өмнөд Солонгосын усан хилийг зөрчлөө хэмээн РИА Новости агентлаг мэдээлэв. Өмнөдийн Батлан хамгаалахын сайд мэдэгдсэнээр, хойдуудын цэргийн хөлөг онгоц Өмнөд Солонгосын мэдлийн усанд нэг өдрийн турш байжээ. Пхеньян ийм аргаар  сэтгэл зүйн дайралт хийсэн хэмээн Сөүл үзэж байгаа аж.
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийнхний хамтарсан хээрийн сургууль уржигдар эхэлсэн юм. Усан хил зөрчин орж ирсэн Хойд Солонгосын хөлөг онгоц Пэннэдо арлаас 23 км-ийн зайд ирж зогсчээ. Өмнөд Солонгосын хилчид сануулах дохио хэд хэдэн удаа өгсөн ч Хойд Солонгосын хөлөг онгоц 15 цагийн турш Өмнөд Солонгосын усанд байсны эцэст буцаж гарчээ.

No comments:

Post a Comment