Sunday, 9 February 2014



Швейцариуд цагаачлалыг хязгаарлахаар шийдлээ

Хоёрдугаар сарын 9-нд Швейцарьт болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын иргэд цагаачлалыг хязгаарлахын төлөө саналаа өгчээ. Гадаадын цагаачдын тоог хязгаарлахыг швейцариудын 50.3 хувь нь дэмжсэн байна. Хөдөө, тосгодын иргэд энэ хязгаарлалтын төлөө түлхүү санал өгсөн аж. Гадаад цагаачдын улмаас үнэ өсч, эрүүл мэндийн салбарт хүндрэл учирч байна хэмээн тэд үзэж байна. Хотын голдуу иргэд эсрэг санал өгчээ. Хотынхны үзэж буйгаар, цагаачид улс орны эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмэр оруулдаг аж.
Швейцарийн Ардын нам Европын холбооны иргэдэд хязгаарлалт тавих санаачилга гаргажээ. Найман сая хүн амтай тус улсад 2013 оны байдлаар цагаачдын тоо 80 мянгаар нэмэгдсэн байна. Швейцарь нь Европын холбооны гишүүн биш юм. 2002, 2004 онд Брюссель, Берний хооронд харилцан чөлөөтэй зорчих гэрээ байгуулж байжээ. Тус улс Европын бус орнуудаас ажиллах хүч авахдаа хязгаарлалт тогтоосон хэвээр байгаа юм.

Сирийн асуудлаар яаралтай хуралдаан зарлахыг уриалав

Саудын Арабын эрх баригчид НҮБ-д хандан Сири дахь нөхцөл байдлын асуудлаар ээлжит бус, яаралтай хуралдаан зарлахыг уриаллаа. Тус улс дахь дайн, хямрал зогсох төлөв ажиглагдахгүй байна хэмээн Эр-Рияд үзэж байгаа аж. “Сирид хүн төрөлхтний эсрэг харгис гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Женевт болсон хэлэлцээ Сирийн хямралыг шийдвэрлэхэд нэмэр болсонгүй” хэмээн мэдэгдлээ.
Саудын Араб Башар Асадын дэглэмийг эсрэгүүцэж, Сирийн сөрөг хүчнийхэнд санхүүгээр тусласаар иржээ. Сирийн хямралыг гадаадын цэргийн оролцоотойгоор шийдвэрлэх ёстой гэж үздэг улс орнуудын нэг нь Саудын Араб юм. Харин Башар Асад Саудын Арабын төрийн шашин гэгддэг лалын ваххабит үзлийг “Дэлхий нийтийн аюул заналхийлэл” хэмээн нэрлэж байжээ.

Азарган тахианы тулаан зохион байгуулагчдыг баривчилжээ

АНУ-ын Нью-Йорк хотын цагдаа хууль бус азарган тахианы тулаан зохион байгуулсан 70 орчим хүнийг баривчилж, мянга орчим тахиаг хурааж авчээ. Тахиануудын сарвуунд өргөстэй төмөр бэхэлсэн байсан хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Мөрдөн байцаалтын явцад, азарган тахианы зодооныг хоёр сард нэг удаа нэгэн дэлгүүрийн хонгилд зохион байгуулдаг байсныг тогтоосон байна. Бооцоо нь 10 мянган долларт хүрдэг байжээ. 

No comments:

Post a Comment