Венесуэльд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр
байна
Венесуэльд өчигдөр Ерөнхийлөгч Николас Мадурог
эсэргүүцэгчид болон дэмжигчдийн жагсаал боллоо. Нийслэл Каракас хотод хэдэн
арван мянган хүн гудамжинд гарсан нь Мадуро 2013 оны дөрөвдүгээр сард эрх
мэдэлд гарч ирснээс хойш хамгийн том жагсаал болов. Жагсаал ерөнхийдөө тайван
болсон ч цагдаа нарын эсрэг жижиг мөргөлдөөн үүсч таван хүн хөнгөн бэртжээ.
Сөрөг хүчний жагсаалтай зэрэгцэн Каракасын өөр
дүүрэгт Николас Мадурог дэмжигчдийн жагсаал болжээ. Гэвч Ерөнхийлөгчийн
эсэргүүцэгчдийн жагсаал хавьгүй их хүнтэй байв. Ерөнхийлөгч Мадуро болон түүний
Засгийн газрын бодлогод дургүйцсэн иргэдийн жагсаал арав гаруй өдөр үргэлжилж
байна. Энэ үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч арван хүн амь
насаа алдсан юм. Венесуэлийн иргэд улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал,
нэн тэргүүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргийг
эсэргүүцэн жагссаар байна.
Мохаммед Алигийн бээлий 836 мянган долларын үнэ
хүрлээ
Нударгач Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аварга
цолыг анх хүртэхдээ өмсч байсан бээлий Heritage Auctions дуудлага худалдаагаар
орж 836 мянга 500 долларын үнээр зарагдлаа. Анхны үнийг 500 мянган доллараар
зарлаж, 11 худалдан авагч үнэ хаялцсан байна.
Али 1964 онд Флорида мужийн Майами хотод дэлхийн
аваргын анхны цолоо авч байжээ. Тэр үед Кассиус Клэй хэмээх нэртэй байсан
Мохаммед Али Сонни Листонтой тулалдаж ялалт байгуулсан юм. Ихэнх мэргэжилтнүүд
Оистоныг түвэггүй ялна хэмээн таамаглаж байсан ч Али өрсөлдөгчөө долдугаар
раундад буулгаж авчээ. Түүхэн дахь хамгийн зартай боксчдын нэг Мохаммед Али
1964-1966, 1974-1978 онд дэлхийн дэлхийн үнэмлэхүй аварга цолоо хамгаалж байв.
Мөн 1960 оны олимпод түрүүлж байжээ.
Зургаан сая долларын үнэтэй алмааз олджээ
Сьерра-Леон улсад зургаан сая доллараар үнэлэгдэх
алмааз олджээ. 153 каратын жинтэй уг алмаазыг зүүн хэсгийн Коно мужийн нутгаас
олжээ. Сьерра-Леон нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг ч алмааз эрдэнийн
ордоор баян газар юм. Энэхүү үнэт чулуугаар Сьерра-Леон дахь иргэний дайныг
санхүүжүүлж байв.
2012 онд Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор Гаагын олон улсын
шүүхээс 50 жилийн ял сонссон билээ. Тэрээр Сьерра-Леон дахь иргэний дайны үеэр
сөрөг хүчнийг нь дэмжиж, турхирдаг байсан аж. Үүний хариуд Сьерра-Леоны
босогчид Тейлор болон түүний хамсаатнуудад алмааз илгээдэг байжээ. Ийнхүү
Сьерра-Леоны алмааз “Цуст алмааз” хэмээн нэрлэгдэх болсон байна.

No comments:
Post a Comment