skip to main |
skip to sidebar
Хууль бус цэвэрлэгч ажиллуулж
байсан сайд огцрох өргөдлөө өгчээ
Өрөөг нь цэвэрлэдэг үйлчлэгч
эмэгтэй Их Британид ажиллах зөвшөөрөлгүй байсныг мэдсэн Их Британийн
Цагаачлалын сайд Марк Харпер огцрох өргөдлөө өгчээ. Тэрээр 2012 онд Цагаачлалын
сайд болохдоо үйлчлэгчийнхээ бичиг баримтыг шалгаж байсан ч зөрчил илрүүлээгүй
аж. Гэвч сайдын өрөөг цэвэрлэдэг эмэгтэй Их Британид хязгааргүй хугацаагаар
байх эрхгүй байсан нь саяхан тогтоогдсон аж. Марк Харпер “Би тэр эмэгтэйн бичиг
баримтыг нягт, сайн шалгалгүй алдаа гаргалаа” гэжээ. Ерөнхий сайд Дэвид Кэмерон
түүний өргөдлийг хүлээн авч ёсоор болгосон байна. Британийн Засгийн газар улс
оронд хөл тавьж буй цагаачдын тоог бууруулж, жилд 100 мянгаас илүүгүй байлгах
зорилт тавиад байгаа билээ.
Япон орон цасанд дарагдав
Япон улсад сүүлийн 45 жил орж
байгаагүй их цас орсны улмаас долоон хүн амь насаа алдаад байна хэмээн NHK телевиз мэдээлэв. Цас төвийн бүс нутгаар оржээ.
Нийслэл Токио хотод гэхэд л бэртэж гэмтсэн хүний тоо 130-д хүрээд байна. Эдүгээ
тэнгэр онгойж, цаг агаар сайжирсан ч байгалийн гамшгийн хохирлыг арилгах ажил
ид үргэлжилж байна.
Н.Мадуро шуугиан, цуу ярианы
эсрэг тэмцэхээ зарлав
Венесуэлийн Ерөнхийлөгч
Николас Мадуро улс орон дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарлах хууль
батлана хэмээн амлав. Сонин хэвлэл цуу яриа, шуугиан дэгдээж “цус, үхлээр
хооллодог”-ийн эсрэг тэмцэнэ хэмээн тэрээр онцоллоо. “Энэ их хатуу хууль байх
болно. Намайг харгис дарангуйлагч гэж нэрлэвэл нэрлэнэ л биз, хамаагүй” хэмээн
Мадуро хэлжээ. Бүх улс орон даяараа энх тайванг хүсч байхад, хэвлэл мэдээллийн
зарим хэрэгсэл хүний зовлон, үхэл хагацалд баясаж, сурталчилж байгааг
Ерөнхийлөгч шүүмжилжээ. “Хэвлэл мэдээллийн зарим магнат гадаадад амьдардаг.
Эзэн нь гадаадад амьдардаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулиар хориглох
бодолтой байна” хэмээн Николас Мадуро мэдэгдлээ.
Сочигийн олимпийн нээлтийг
31.7 сая америк иргэн үзжээ
ОХУ-ын Сочи хотод эхэлсэн
өвлийн олимпийн нээлтийн ажиллагааг АНУ-ын 31.7 сая иргэн цэнхэр дэлгэцээр
үзжээ. Сочигийн олимпийн тоглолтыг дамжуулах эрхийг авсан АНУ-ын NBC телевиз нээлтийн ажиллагааг бичлэгээр үзүүлсэн ч (шууд биш) ийм олон хүн үзсэн нь 1994
оны Лиллехаммерийн олимпоос хойшх хамгийн өндөр үзүүлэт болж байна. NBC телевиз Сочигийн олимпийн нээлтийн ажиллагааг найман
цагийн дараа буюу АНУ-д үдшийн оргил цагаар үзэгчиддээ хүргэсэн аж.
Аль Капонегийн харш дуудлага
худалдаанд
АНУ-ын Флорида мужид Америкийн зартай мафи,
дээрэмчин Аль Капонед харъяалагдаж байсан тансаг орон сууц дуудлага худалдаанд
тавигджээ. 930 метр кв талбай, долоон унтлагын өрөө, долоон ариун цэврийн тасалгаа
бүхий орон сууц нь испани маягийн цагаан дотоод засал чимэглэлтэй. Энэ харш
хөлөг онгоцны зогсоол, том усан сан болон зочдын байртай. Америкийн мафийн
зартай толгойлогч Аль Капоне Алькатрас шоронд дөрөв гаруй жил хоригдож гарч
ирээд энэхүү байшиндаа амьдарч байгаад нас баржээ.
No comments:
Post a Comment