Wednesday, 12 February 2014



Агаарын бохирдлын эсрэг 1.6 тэрбум доллар зарцуулна

Хятадын Засгийн газар агаарын бохирдлын эсрэг идэвхтэй тэмцэж байгаа бүс нутгийг дэмжих зорилгоор 10 тэрбум юанийн (1.6 тэрбум доллар) сан байгуулах болсноо зарлалаа. Энэ тухай The South China Morning Post сонинд бичжээ. Тус сан агаарын бохирдлын эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг санхүүжүүлэхгүй, харин ийм ажил хийсэн хүн, байгууллагыг шагнаж урамшуулах ажээ.
Дундад улс нэлээд хэдэн жилийн өмнөөс агаарын бохирдол хэмээх томоохон асуудалтай тулгарах болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард зарим бүс нутагт агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс арав дахин их болж байсан юм.

Киргизид Валентины баяр тэмдэглэхийг хориглов

Киргизийн өмнөд хэсгийн Ош хотын бүх сургуульд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг хоригложээ. Хотын боловсролын хэлтсээс ийм шийдвэр гаргасныг тус хэлтсийн дарга Куштарбек танилцуулав. “Энэ баяр хүүхдүүдийн бэхжээгүй оюун ухаан, ёс суртахуунд сөргөөр нөлөөлдөг” хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Валентины өдрөөр сургууль дээр баярын илгээмж авдаг шуудангийн хайрцаг харагдах ёсгүй, үүнийг сургуулийн захирал хариуцна хэмээн боловсролын хэлтсийн захирамжид онцолжээ. Үүний оронд 15-ны өдөр Ош хотын залуусын байгууллага “Гэр бүлийн өдөр”-ийг зохион байгуулахаар болжээ.

No comments:

Post a Comment