Saturday, 15 February 2014





Гурван жилийн хадгалах хугацаатай пицца

АНУ-ын Батлан хамгаалах яамны захиалгаар ажиллаж буй эрдэмтэд хөргөгчинд бус, энгийн температурт гурван жил хадгалсны эцэст идэж болох пиццаг зохион бүтээжээ. “Та энэ пиццаг зүгээр тавиур дээр гурван жил байлгачихаад идэж болно” хэмээн Натик дахь АНУ-ын армийн Эрдэм шинжилгээний төвийн ажилтан ярилаа. Тус төв нь цэргийн албан хаагчдын хоол хүнсийг бэлтгэх, судлах талаар мэргэшсэн ажээ.
“Мөнхийн пицца”-г бүтээх ажил хоёр жил үргэлжилжээ. Хадгалах хугацааг уртасгахын тулд бяслаг, лоолийн соусны хүчиллэг чанарыг өөрчлөх шаардлагатай болжээ. Хүчиллэг, исэллэг чанарыг бууруулснаар бактери үржих үйл явцыг удаашруулсан байна. Уг пиццаг металлжуулсан боодол, саванд байлгавал гурван жил хадгалж болно. Америк цэргүүдийн хамгийн дуртай хоол нь пицца юм.

Ливийн шоронгоос 100 орчим хоригдол зугтжээ

Ливийн Злитен хотын шоронгоос 100 орчим хоригдол зугтаажээ. Тэдгээрээс 20 орчмыг нь бариад байна. Баривчлах үеэр зарим нь эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаа нар зэвсэг хэрэглэжээ. Зарим мэдээллээр, хоригдлууд үймээн дэгдээж, хамгаалагчид тогтоож дийлээгүйн улмаас бөөнөөр гарч зугтаасан аж. Злитен хотын шорон 220 хоригдолтой байсан юм.
Ливийн шоронгуудад мэргэшсэн хуяг, хамгаалагч нар ихээхэн дутагдалтай байгаагийн улмаас хоригдлууд бөөнөөр оргох үзэгдэл байнга гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Триполи хотын шоронгоос 50, 2013 оны зун Бенгази хотын шоронгоос мянга орчим хоригдол оргож байжээ.

АНУ-д цасан шуурга 25 хүний аминд хүрлээ

АНУ-ыг нөмөрсөн цасан шуурга 25 хүний аминд хүрлээ хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. Шуурганы улмаас хоёрдугаар сарын 15-нд АНУ даяар хоёр мянга гаруй нислэг хойшлоод байна. Мөн цаг агаарын таагүй байдлын улмаас Валентины баярын хэдэн арван мянган цэцгийг захиалагчдад цаг хугацаанд нь хүргэж чадаагүй аж. Их цас олон мужид гэрэл, цахилгаан тасалдуулжээ. Виржини, Мэн зэрэг найман мужид сургуулиуд хаагдаад байна.

АНУ-ын армиас хөөгдсөн цэргүүдийн тоо нэмэгджээ

Янз бүрийн гэмт хэрэг үйлдэж, сахилга бат алдаж АНУ-ын армиас хөөгдсөн цэргүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсчээ. 2007 онд таван мянга 600 цэрэг сахилга бат алдаж, тэр тусмаа хар тамхи, архи хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж АНУ-ын армиас хөөгдөж байжээ. 2013 онд энэ үзүүлэлт 11 мянгад хүрчээ. Сүүлийн үед офицеруудын ёс суртахуун ихэд доройтож байна. 2010 онд 111 офицер хөөгдөж байсан бол, 2013 онд 387 офицер сахилга бат алдан армиас хөөгджээ.

Их цас Японыг сандаргаж байна

Японд цас ихээр орсны улмаас 18 мянган байшин барилга гэрэл, цахилгаангүй болж, тээврийн системд томоохон доголдол үүсээд байна. Токио болон бусад томоохон хотод дотоодын 830 нислэг цуцлагджээ. Хот хоорондын гол замууд хэсэгчлэн хаагдаад байна. Цасан шуурганы улмаас 11 хүн амь насаа алджээ.
Японыг нөмөрсөн их цас ойрын өдрүүдэд хойд нутгаар үргэлжлэн орно хэмээн Цаг уурын албанаас анхааруулав. Цаг агаарын хүндрэлийн улмаас олон улсын хэдэн арван нислэг хойшилжээ.

Кигизийн экс Ерөнхийлөгчийн хүргэнийг Москвад баривчлав

Киргизийн экс Ерөнхийлөгч Аскар Акаевийн хүргэн Адиль Тойгонбаев Москвад баривчлагджээ. Түүнийг Бишкекийн хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тойгонбаевийг Киргизид залилан хийсэн, улсын өмч хулгайлсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж байгаа ажээ. Түүнийг Москвад автомашинтай явж байхад цагдаа нар зогсоож саатуулсан байна. Тойгонбаев нь Казахстаны иргэн тул Киргизид шилжүүлж өгөх үндэслэл байхгүй хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдлээ.

Муктада Садр улс төрийг орхилоо

Иракийн шийт шашны лидерүүдий нэг Муктада Садр улс төрийг орхиж буйгаа өөрийн веб сайтаар дамжуулан мэдэгдэв. Садр төрийн ямар нэг албан тушаал эзлэх, эсвэл парламентад төлөөлөлтэй болох бодолгүй байгаагаа онцолсон байна.
Улс төрийн “Ас-Садр” хөдөлгөөний лидер, радикал шашны тэргүүн Муктада Садр 2003 онд АНУ-ын цэрэг Иракт ороход нэр нөлөө ихтэй болсон юм. Тэрээр 2007 онд гал зогсоох гэрээ байгуулах хүртэл “Махдигийн арми” бүлгийг толгойлж америкуудын эсрэг партизаны дайн өрнүүлж байжээ. Сүүлийн үед Садр Ерөнхий сайд Нури аль-Маликитэй таарамж муудаж, байр суурь нь суларчээ.

No comments:

Post a Comment