В.Янукович “алга болж”, Ю.Тимошенко суллагдаж,
Украины ээлжит хувьсгал төгслөө
Украины нийслэл Киев хотод эмх замбараагүй
байдал, цус асгаруулсан тулаан болж 100 орчим хүн амь насаа алдсаны дараа
Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний лидерүүдийг хүлээн авч уулзаж,
Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд зарлахаар тохиролцож, жагсаал цуглаан ч
намжаад байсан билээ. Гэвч хоёр хоногийн дараа байдал эрс өөрчлөгдөж,
итгэмээргүй гэмээр үйл явдал өрнөв. Сөрөг хүчин болон Майдан дахь жагсагчдын
шахалтаар өнгөрсөн хагас сайнд гэнэт хуралдсан Украины парламент Ерөнхийлөгчийн
бүрэн эрхийг хязгаарласан тогтоолыг баталж, тавдугаар сарын 25-нд
Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шийдвэр гаргалаа.
Эдүгээ Киев хот сөрөг хүчний хяналтад ороод
байна. Виктор Янукович хаана байгаа нь тодорхойгүй. Тэрээр өнгөрсөн баасан
гаригт Харьковт ирсэн, тэндээ байгаа хэмээн мэдээлж байгаа ч өөр эх сурвалж
баталж буйгаар Донецк хавьд байгаа бололтой. Экс хэмээх гуншинтай болоод байгаа
Янукович Украиныг орхин Орос руу нисэх гэсэн боловч хилийн албан хаагчид
зөвшөөрөөгүй гэсэн мэдээ ирж байна.
Украины парламент Януковичийн эрхийг
хязгаарласнаас гадна шоронд долоон жилийн ял эдэлж байсан экс Ерөнхий сайд Юлия
Тимошенког суллах шийдвэрийг гаргажээ. Тэрээр Оросоос байгалийн хий авах гэрээ
байгуулахдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр долоон жилийн ял
сонсож, хоёр жил хоригдоод байсан юм. Харьков хотын эмнэлэгт харгалзагчтай
эмчлүүлж байсан Тимошенко эрх чөлөөтэй болонгуутаа нисэх онгоцоор Киевт ирж,
Киевийн Тусгаар тогтнолын талбай (Майдан) дээр цугласан хүмүүсийн өмнө тэргэнцэртэйгээ
гарч гарч ирж үг хэлжээ.
“Та бүгдийн зорьсон хэрэг бүтээгүй байхад та нар
энэ талбайгаас явж болохгүй. За одоо боллоо, гэртээ харьцгаа гэж хэн нэг нь
хэлвэл битгий итгээрэй. Засгийн газар, парламентыг та бүгдийн оролцоогүйгээр
байгуулвал хүлээн зөвшөөрч болохгүй. Одоо би шууд ажилдаа орно. Та бүгдийг
газар нутаг дээрээ аз жаргалтай байлгахын тулд би нэг ч минутыг алдмааргүй
байна” хэмээн Тимошенко ярилаа. Майданд цугласан украинчуудын ихэнх нь экс
Ерөнхий сайд хатагтайг нааштайгаар хүлээж авсан ч сөрөг хүчнийхэн түүнийг бүрэн
дүүрэн дэмжихгүй байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Украины олон иргэн Улбар
шар хувьсгалын дараа улс эх оронд авлига газар авч, эмх замбараагүй байдал үүссэний
хариуцлагыг Тимошенкотой холбож буруутгадаг билээ.
В.Янукович мэдэгдэл хийснийг Украины телевизээр үзүүлжээ. “Би хууль ёсны
дагуу сонгогдсон Ерөнхийлөгч. Би огцрохгүй. Ракикалууд, сөрөг хүчнийхэн төрийн
эргэлт хийхээр оролдож байна. Би олон
улсын хамтын нийгэмлэгт хандаж, хэт даврагсдын үйлдлийг зогсоох болно” хэмээн
Янукович ярилаа. Тэрээр Киевт болж буй үйл явдлыг 1930-аад онд Герман, Австрид
гарч ирсэн нацист удирдлагатай зүйрлэсэн байна.


No comments:
Post a Comment