Wednesday, 5 February 2014



АНУ-ын цэргийн хөлөг онгоц Хар тэнгист иржээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын “Маунт Уитни”, “Тейлор” хэмээх хөлөг онгоц Хар тэнгист орж ирснийг Пентагоны албаны төлөөлөгчид батлав. ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий штаб ч энэ мэдээллийг баталжээ. АНУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгч, контр-адмирал Жон Кирбигийн хэлснээр, АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд гадаадын боомтуудад байрлаж, экипажийн бүрэлдэхүүндээ сургалт явуулж байгаа бөгөөд ОХУ-ын мэдлийн усанд орох төлөвлөгөөгүй байгаа аж. Америкийн цэргийн хөлөг онгоцууд дээр 600 орчим тэнгисийн цэрэг байрлаж байна хэмээн мэдээлэв.

Батлан хамгаалахын сайд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов

Египетийн Батлан хамгаалахын сайд Абдель Фаттах ас-Сиси улс орны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрчээ. Зэвсэгт хүчний дээд зөвлөл Абдель Фаттахын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхээр болж түүний зөвшөөрлийг хүлээж байсан юм. Тэрээр Кувейтийн хэвлэлд ярихдаа “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргалаа. Энэ нь Египетийн ард түмний хүсэл зоригт нийцэж байна” хэмээн онцолсон байна. Египетийн Ерөнхийлөгчийн сонгууль зургаан сарын дотор болох ёстой.

Э.Херли Б.Клинтон нар дотно харилцаатай байсан уу


Британийн жүжигчин Элизабет Херли АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой дотно харилцаатай байсан гэх мэдээлэл АНУ-ын хэвлэлээр цацагдаж шуугиан тариад байна. Үүний дараа жүжигчин бүсгүй дээрх мэдээллийг няцаажээ. “Билл Клинтон бид хоёрын тухай шал тэнэг, худлаа мэдээлэл гарчээ. Одоо худлаа мэдээлэл цацсан хэвлэлийг шүүхэд өгөх л ажил үлдээд байна” хэмээн Херли Twitter-дээ бичсэн байна. Херли, Клинтон хоёр 15 жилийн өмнө ийм харилцаатай байсан, тэдний амраглал нэг жил үргэлжилсэн гэх мэдээлэл хэвлэлээр түгсэн аж.

No comments:

Post a Comment