Wednesday, 5 February 2014




Хойд Солонгос өмнөд ахан дүүстээ уян хатан хандах болжээ

АНУ, Өмнөд Солонгос хамтарсан хээрийн цэргийн сургууль хийж, Пхеньян үүнийг нь буруутган зэмлэсээр байгаа ч хоёр Солонгосын харилцаа уярч, зөөлрөх тал руугаа орж байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Өмнөд, Хойдын цус нэгт ахан дүүс 1950-53 оны Солонгосын дайын үеэр салсан гэр бүл, хамаатан садангийн уулзалтыг дахин зохион байгуулахаар хэлэлцээ хийж эхлэв. Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн ажилтан, судлаач Константин Асмолов Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцаж байна.

-Хойд Солонгосын бодлого ингэж “олон чиглэлээр” явж буйн шалтгаан юунд байна вэ?

-Нэг зүйлийн араас ёс юм шиг мэдэгдэл хийдэг нэг тийм уламжлал Хойд Солонгост байдаг. Улс төрийн дайснууд нь хээрийн цэргийн сургууль хийх бүрт ямар нэг мэдэгдэл хийдэг. Иймэрхүү хээрийн сургууль дээр зөвхөн хамгаалах тактик бус, мөн Пхеньян болон хойдуудын чухал байгууламжуудыг яаж эзлэх талаар сургуулилт явж байдаг. Тиймээс хойдууд хээрийн сургуультай холбогдуулж “Бид түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалахаар бэлтгэж байна” гэх зэргээр ямар нэг мэдэгдэл хийж байх нь тэдэнд ашигтай.
Мэдээж, хээрийн сургууль бүр хойдуудын зэвүүг хүргэж байдаг. Хамгийн багадаа л тэд үгэн дайн өрнүүлдэг. Тэд ингэж сануулахдаа урагш нэг чухал алхам хийж амждаг юм. Хээрийн сургууль явж байхад хойдууд уулзалт хийхээс татгалзаж, түрэмгий, заналхийлсэн мэдэгдэл хийж “Өдөөн хатгалгын өчүүхэн төдий сүүдэр тусвал бид хариуг нь барих болно...” гэх зэргээр цаашаа үргэлжилдэг. Энэ удаа хээрийн сургууль явагдаж байгаа ч хойдууд энхийн гэмээр санал санаачилга өрнүүлж, дайны үеэр салсан, тусгаарлагдсан гэр бүлийн хүмүүсийг уулзуулах асуудлаар ажлын уулзалт хийгээд эхэллээ. Энэ бол бие бие рүүгээ тэмүүлсэн, ойртсон үйл явдал. Хээрийн сургууль явагдаж байхад ийм уулзалт хийхийг зөвшөөрч байгаа нь Хойд Солонгос хатуу бодлогоо ихээхэн зөөлрүүлж, уян хатан болгож байгаа хэрэг юм. Өмнө нь хээрийн сургууль явагдаж байхад хэзээ ч ийм хандлага гаргадаггүй байсан.

-1950-53 оны Солонгосын дайны төгсгөлд хоёр улс эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Одоо ч хүчин төгөлдөр байгаа энэ гэрээний оронд хоёр Солонгос энхийн гэрээ байгуулах болов уу. Та юу гэж бодож байна?

-Нэг том бэрхшээл байгаа л даа. Энхийн гэрээ гэхээр хоёр улс, хоёр этгээдийн асуудал цаанаа яваад байдаг. Хойд, Өмнөдийн эрх баригчдийн сэтгэлгээний үүднээс авч үзвэл нэг л Солонгос улс байгаа. Хойд, Өмнөдийн хоорондох худалдааны эргэлтийн тоо, статистик гадаад эдийн засгийнх нь харилцаа холбооны нэг хэсэг болдоггүй, өөр ангиллаар явчихдаг. Тэгэхээр, Солонгосын дайны үр урхагийг хууль зүйн аргаар хэрхэн зохицуулж, шийдэх вэ гэдэг нь тун чухал, эмзэг асуудал болчихоод байгаа юм. Энхийг гэрээг яаж хийх ёстой вэ гэдэг дээр олон асуулт гарч ирээд байна.


Үүний дараа Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Евгений Ким “Хоёр Солонгос энхийн гэрээ байгуулах нь АНУ-ын байр суурьт харшилна” хэмээн ярилаа.
“Хоёр Солонгос хоёулаа энхийн гэрээ байгуулахыг хүсч байгаа. Харин АНУ хүсэхгүй байгаа. Учир нь, тэд энхийн гэрээгээ байгуул, байгуул гэвэл Хойд Солонгосын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болчихно. Гэрээ байгуулахын тулд хууль эрх зүйн болон өөр олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Жишээ нь, яагаад НҮБ-ын цэрэг Хятадын хил дээр байгаад байгаа юм, ямар учир шалтгаан байна гэдгийг тайлбарлах хэрэгтэй болно. Хил хязгаарын асуудал байна. Хилийн шугам Хойд Солонгосын усан хилийн зааг руу хэсэгчилж орсон байдаг. Нэг улсын хил хязгаар нөгөө улсын усан хил рүү орчихоор олон улсын далайн эрх зүйн үүднээс энэ нь утгагүй зүйл болчихдог. Энэ мэт шийдэх олон асуудал байна” хэмээн судлаач Евгений онцоллоо. 

No comments:

Post a Comment