Кино
зураг авагчдын баг дэлбэрэлтэд өртжөө
Иракийн Самарра хот дахь террористуудын нууц
хоргодох байранд дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алдлаа хэмээн France Presse агентлаг мэдээлэв. Цагдаагийн газраас мэдэгдэж
буйгаар, дэлбэрэлт санамсаргүй болжээ. Босогчид ээлжит амиа золиослогч алан хядагчийн
амьдралын талаар суртал ухуулгын шинжтэй кино хийх гэж байжээ. Техник төхөөрөмж
дээр ямар нэг доголдол гарсны улмаас кинонд ашиглах гэж байсан тэсрэх бодистой
автомашин дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас киноны гол дүрийн жүжигчин болон орон
нутгийн террорист үүрийн толгойлогч амиа алдсан байна.
Сүүлийн
үед Иракт нөхцөл байдал ихээхэн муудаад байна. Шийтүүдийн давамгайлал, хавчлага
шахалтад дургүйцсэн суннитууд Анбар мужид бослого гарган хэд хэдэн тосгон,
сууринг хяналтдаа авчээ. Үүний хажуугаар, бусад бүс нутагт шийтүүдийн эсрэг
бослого дэгдээд байна.
Өмнөд
Солонгос Антарктикийг “эзэлж” байна
Өмнөд
Солонгос улс Антарктикт (Өмнөд туйл) эрдэм
шинжилгээний хоёр дахь станцаа барьж дуусчээ. 2012 оны арванхоёрдугаар сард суурь
нь тавигдсан “Чан Бо Го” хэмээх Антарктикийн судалгааны төв манай гаригийн зүүн
өмнөд хэсэгт байрлаж байна.
Өмнөд Солонгосын
туйл судлалын анхны “Сэжон” станц Антарктикийн баруун хэсгийн Кинг Жорж арал
дээр байдаг билээ. Шинээр баригдсан “Чан Бо Го” станц нь 4458 кв метр
талбайтай, 16 барилга байгууламжтай бөгөөд 60 хүн байрлаж ажиллах хүчин
чадалтай юм. Нарны болон салхины эрчим хүч ашигласнаар станцын үйл ажиллагаанд
чухал шаардлагатай байдаг түлш, шатахууыг ихээхэн хэмнэж байгаа ажээ.
Ойн
түймэр 20 гаруй байшинг залгив
Австралийн
Викториа мужид ойн түймэр дэгдэж 20 орчим хувийн орон сууцыг залгилаа хэмээн
Guardian мэдээлэв. Тус мужийн нутаг дэвсгэр дээр 20 орчим ойн түймэр асч буйн
ихэнх нь хяналтаас гараад байна. Арав гаруй түймрийг санаатайгаар тавьсан
хэмээн үзэж байгаа аж. Эдүгээ ойн түймэр нийтдээ 20 мянган га талбайг хамарч,
хоёр мянга гаруй гал сөнөөгч өдөр шөнөгүй ажиллаж байна. Таван гал сөнөөгч
түлэгдэж гэмтжээ. Түймэр унтраах ажилд нисдэг тэрэг оролцож байна.
Ханхүү
Харрийг заналхийлсэн этгээд гурван жилийн ял сонслоо
Британийн
ханхүү Харрийг ална хэмээн заналхийлсэн Британийн иргэн шүүхээс гурван жилийн
ял сонсчээ. Ашраф Ислам гэгч этгээдийг ханхүүг хөнөөх санаа агуулсан хэмээн
шүүх үзсэн байна. Мөрдөн байцаалтын явцад түүний жинхэнэ нэр нь Марк Таунли
болохыг тогтоожээ. Хойд Ирландад төрсөн Их Британийн иргэн тэрбээр өмнө нь
залилангийн хэргээр шоронд сууж байжээ. Таунли 2010 онд лалын шашинд орж, Ойрхи
Дорнодын орнуудаар аялж, нэрээ Ашраф Ислам болгон солисон аж. Британийн Вулич
хотод хоёр этгээд британи цэргийг зэрлэгээр хөнөөсний дараа Ашраф Ислам
цагдаагийн газар дээр өөрийн биеэр очиж ханхүү Харрийг алах гэж байгаагаа
хэлсэн аж.
Б.Обамагийн
өрсөлдөгч В.Путинийг магтжээ
2012
оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обаматай өрсөлдөж байсан Митт Ромни
Оросын лидерийг үнэлж, хүндэтгэдэг гэдгээ нуухгүй байна. “Дэлхий дахины улс
төрийн амьдралыг харж, ажигладаг хүмүүс анзаарсан биз. Оросын нэр хүнд
дээшлээд, Америкийнх уначихлаа. В.Путин Барак Обамаг дахин давамгайлаад эхэллээ”
хэмээн NBC телевизэд ярилцлага өгөхдөө онцолжээ. Митт Ромни 2002 оны
Солт-Лейк-Ситийн өвлийн олимпийг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй оролцож
байсан аж. “Оросууд Сочигийн олимпод маш сайн бэлдсэн. Би тийшээ гэр бүлээ
явуулахдаа огтхон ч эргэлзэхгүй” хэмээн Ромни онцолсон байна.
Амстердамд
“Улаан дэнлүү”-ний музей нээгдэв
Дэлхийн
хамгийн эртний ажил, мэргэжил гэгддэг биеэ үнэлэгчдийн музей Голландын
Амстердам хотод нээгдлээ. Тэнд биеэ үнэлэгчийн ажлыг дэлгэрэнгүй танилцуулж, “Таны
мэдэхийг хүссэн ч асууж зүрхлээгүй зүйлс”-ийг үзүүлэх болно хэмээн музейг
санаачлагчид амлаж байна. “Улаан дэнлүү”-ний газарт ямар хүмүүс ажиллахаар
ирдэг, тэдний ажлын өдөр хэрхэн өнгөрдгийг харах боломжтой болж байна. Дэлхийд
анхдагч болж буй эл музейд биеэ үнэлэгчийн мэргэжил эрт дээр үеэс өнөөг хүртэл
хэрхэн өөрчлөгдөж ирснийг бас харуулах аж. Мөн “люкс” ангиллын үйлчилгээг
хэрхэн авдгийг харуулах нэгэн тусгай өрөө бэлджээ. Ийм музей байгуулснаар
хүмүүс биеэ үнэлэгчдийн амаргүй хөдөлмөрийн онцлогийг ойлгож, тэднийг хүндэтгэх
сэтгэлийг бий болгоход тустай хэмээн орон нутгийн эрх баригчид үзэж байна.
Амстердам хотын Улаан
дэнлүүний гудамжинд Зүүн Европын голдуу долоон мянга орчим хүн хууль ёсны дагуу
ажилладаг. Тус хотод биеэ үнэлэх явдлыг хууль ёсоор зөвшөөрч, улсын хатуу
хяналтад байлгадаг. Улаан дэнлүүний газрын ажилтнууд татвар төлж, тогтмол
эмчийн үзлэгт хамрагддаг ажээ.



No comments:
Post a Comment