Өмнөдүүд
хойд ахан дүүстэйгээ уулзахаар хөдөллөө
Өмнөд
Солонгосын 140 орчим иргэн Хойд Солонгосын Кумган аялал жуулчлалын цогцолбор
газарт хүрэхээр автобусанд сууж хөдөлжээ. Тэд 1950-53 оны Солонгосын дайны үеэр
хувь заяаны эрхээр хагацсан ах дүү, садан төрөлтэйгээ уулзахаар явж буй нь энэ
юм. Хоёр Солонгосын төлөөлөгчид энэ асуудлаар хоёр ч удаа уулзаж ярилцсаны
эцэст салсан гэр бүлүүдийн уулзалтыг хоёр удаа зохион байгуулахаар болж эхний
ээлж нь ийнхүү зорьсон газар руугаа хөдөлж байна. Өмнөд Солонгосын өндөр настай
82 хүн гэр бүлийнхээ 58 хүнээр харгалзуулан явж байгаа аж. Тэдний зарим нь
тэргэнцэр дээр, хоёр нь бие муутай тул түргэн тусламжийн эмчтэй явж байна
хэмээн AFP агентлаг мэдээлэв. Өмнөдүүд ах дүү нартаа өгөх бэлэг, хувцас хунар,
хоол унд хүртэл авчээ.
Өмнөд
иргэд хил нэвтрэх зохих шалгуур, бичиг баримтыг бүрдүүлсний дараа Кумган дахь
амралт, жуулчлалын цогцолборт очно. Хойд Солонгосын талаас 180 орчим хүн энэ
уулзалтад оролцохоор бэлтгэжээ. Тэд хамтдаа өдрийн хоол идсэний дараа хоёр
цагийн турш уулзаж ярилцах юм.
Уулзалтад
оролцохоор сонгогдсон Өмнөд Солонгосын 80 шахсан иргэн Ли Ду Ён “Ийм олон жил
гэр бүлээсээ тусдаа байх ямар байдгийг баргийн хүн ойлгохгүй байх. Гэвч энэ бол
жинхэнэ гайхамшиг. Миний сэтгэл их хөдөлж байна. Миний амьдралд ганц дутагдаж
байсан зүйл бол миний дүү. Одоо би дүүтэйгээ уулзахаар боллоо. Маргааш үхэхэд
харамсах юм алга” хэмээн “ВВС”-д ярилаа. Ли өвөө Хойд Солонгост байдаг дүүдээ
дулаан хувцас, бас шоколад, жигнэмэг авчээ. Учир нь хойд нутагт амттан шимттэн
ховор байдаг гэж сонссон аж.
Дайны
үеэр салсан хүмүүсийг сүүлийн гурван жилд анх удаа уулзуулж буй нь энэ юм. Нийтдээ
ийм уулзалтыг 18 дахь удаагаа зохион байгуулж байна. Хоёрдугаар сарын 23-25-нд
хоёрдугаар ээлжийн уулзалт болох ба энэ уулзалтад Хойд Солонгосын 88 иргэн
өмнөдөд амьдардаг 360 хамаатан садантайгаа уулзахаар төлөвлөөд байна.
Солонгосууд 1950-53 онд
хоорондоо хагаралдан байлдаж, хоёр тусдаа улс болон хуваагдахад маш олон хүн
гэр бүл, ах дүү, амраг садангаасаа салсан юм. Солонгосын дайн гал зогсоолтоор
өндөрлөсөн ч энхийн гэрээ байгуулаагүй. Тиймээс хойд болон өмнөдүүдийн ихэнх нь
хоорондоо харилцаа холбоогүй болсон билээ. Өмнөд Солонгосын 72 мянган иргэн гэр
бүлийн уулзалтад оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа бөгөөд тэдний тал хувь нь
80 гарсан хүмүүс байдаг аж. Хэдийгээр хоёр тал тохиролцсоны дагуу цөөн тооны
хүмүүс, гэр бүл, ах дүүг уулзуулж байгаа ч хоёр талын харилцаа сайжирч,
дулаарахад энэ уулзалт, арга хэмжээ чухал ач холбогдолтой. 2010 онд Хойд
Солонгосын тал Өмнөд Солонгосын хил орчмын нэг арлыг пуужингаар харвасны дараа
дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах арга хэмжээг зогсоогоод байсан юм.
Гэвч саяхан болсон хоёр талын уулзалтын үр дүнд дээрх уулзалтыг сэргээх тохиролцоонд
хүрсэн нь ийнхүү биеллээ олж байна.


No comments:
Post a Comment