Sunday, 16 February 2014



80 см өндөр ч 15-тай охин

Британи охин Жоржиа Ранкиныг жаахан байхад яс нь хоорондоо нийлж бэхэжсэний улмаас өсөлт нь зогсч, давжаарчээ. Үеийнхнээсээ хамаагүй жижиг биетэй түүнийг амьд үлдэх болов уу гэж эцэг эх нь айдаг байсан аж. Гэвч олон жил асарч, сувиласны эцэст Жоржиа аз жаргалтай болж, энгийн амьдралаар амьдарч чадна гэсэн итгэлийг эцэг эх болон эмч нарт төрүүлэх болсон юм. Жоржиа охин эдүгээ 15 нас хүрсэн ч өндөр нь 80 см. “Би жижиг гэдгээ мартсан. Би одоо өөрийгөө бусад хүүхэдтэй адил гэж боддог болсон. Би үргэлж л жижиг биетэй байсан. Сургуульд явж эхлэхдээ өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдрээгүй. Хэдэн жилийн дараа л энэ ялгаа надад мэдрэгдэж эхэлсэн” хэмээн британи охин ярьж байна. 36-тай Андреа, 38-тай Саймон нар 15 жилийн өмнө Жоржиа охиноо өлгийдэн авчээ.
Охин нь бусад хүүхдээс жижигхэн биетэй, алхаж гишгэхдээ ихэд зүдэрдэг байсан тул тэд ихэд санаа зовдог байсан аж. Андреа, Саймон хоёрт охиноо үзүүлж харуулаагүй эмнэлэг, эмч гэж байсангүй. Саяхан Жоржиа гуяныхаа дугуйрч бүдүүрсэн ясыг багасгах мэс засалд оржээ. Дөрвөн настай дүү Броди нь эдүгээ эгчээсээ өндөр болсон байна.
Жоржиа өөрийнхөө нөхцөлд тохирсон 18 мянган паундын үнэтэй Snap Dragon хэмээх тэргэнцэр авахын тулд хандивын аян өрнүүлээд байгаа бөгөөд эцэг эх нь ихээхэн тусалж байгаа аж. Бяцхан охин үүний өмнө дөрвөн мянган паундын хандив цуглуулахад хөлбөмбөгийн Warrington Town багийн дасгалжуулагч Шон Рейд ихээхэн туслалцаа үзүүлжээ. Жоржиа охин Флоридад очиж далайн гахайтай сэлэхийг мөрөөддөг бөгөөд эцэг эх нь энэ мөнгийг мөрөөдөлд нь зарцуулахаар хадгалж байгаа аж.

Нигерийн тосгонд 100 гаруй хүний амийг хороожээ

Нигерийн зүүн хойд хэсгийн Борно мужийн христос шашинтнууд амьдардаг тосгонд босогчид дайрч 106 хүний амийг хороолоо хэмээн France Presse агентлаг мэдээлэв. Амьд гарсан нэг оршин суугчийн баталж буйгаар, босогчид зургаан ачааны машин, хэд хэдэн мотоциклтой ирж, тосгоны иргэдийг гэрээс нь гаргаж бөөгнөрүүлж байгаад бууджээ. Тэд мөн байшин, орон сууцыг шатаасан байна. Хэт даврагчид тэндхийн дэлгүүр, албан өргөөг тонож, дээрэмдсэн мөнгө, эд зүйлсээ аваад арилжээ. Халдлага болох үеэр тосгонд аюулгүйн албаны нэг ч ажилтан байгаагүй аж. Энэ гэмт хэргийн хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа ч лалын “Боко Харам” бүлгийг хардаж байна.

Америк бүсгүй аймшигт гэмт хэргээ хүлээн зөвшөөрөв

АНУ-ын Пенсилвани мужийн 19 настай бүсгүй Миранда олон хүний амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ. Тэрээр 22 настай нөхрийн хамтаар интернэтээр танилцсан 42 настай эрийг алсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм. Миранда Аляск, Техас, Хойд Каролина, Калифорни мужид олон хүн алсан гэдгээ цагдаагийн газарт хүлээсэн байна.
Миранда 12 настайдаа сатанист урсгалын хүмүүстэй танилцсанаасаа хойш хүн алж эхэлжээ. Эл бүсгүй 20 хүн алснаасаа хойш алсан хүмүүсээ тоолохоо больсон аж. “Тэдгээр хүмүүсийг муу хүмүүс гэдгийг мэдээд алдаг байсан. Тэр хүмүүс энэ хорвоо дээр байх ёсгүй хүмүүс” хэмээн Миранда ярьсан байна.

“Хезболла”-гийн лидер Сирийн дайныг төгсгөхийг уриалав

Лалын нөлөө бүхий “Хезболла” хөдөлгөөний лидер Хасан Насралла арабын орнуудын удирдагчдад хандаж Сирийн дайныг төгсгөл болгохыг уриалав. “Та бүхэн бүс нутагт олон арван жил үргэлжлэх эмх замбараагүй байдал дэгдэхээс сэргийлэхийг хүсч байгаа бол Сирийн дайныг зогсоогтун” хэмээн Насралла мэдэгдлээ. Тэрээр мөн гадаадын зэвсэгт бүлэглэлүүд Сирийн газар нутгийг орхин гарах ёстой хэмээн үзэж байна. “Сириэс өөрсдийн дайчдаа татаж, сири иргэд өөрсдөө энх тайванд хүрэх боломжийг олгоцгоо. Сирид лалын радикал үзэлтнүүд ялалт байгуулах ёсгүй” хэмээн “Хезболла”-гийн лидер онцолжээ. 

No comments:

Post a Comment