М.Цукерберг
хүмүүнлэгийн хандиваар тэргүүллээ
Дэлхийн
хамгийн алдартай нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг гэргий
Присцилла Чаны хамтаар 2013 оны АНУ-ын хамгийн хамгийн өгөөмөр хүмүүнлэгийн
хандивлагчаар тодорчээ. Тэрээр өнгөрсөн онд нэг тэрбум долларыг Silicon Valley
Community Foundation санд хандивласан байна. Энэ сан оюутан залууст тэтгэлэг
олгох, орлогогүй, эмзэг давхаргын хүмүүст тусламж үзүүлэх үйл ажиллагаа
эрхэлдэг аж. Цукерберг эхнэрийнхээ хамтаар Facebook-ийн 18 сая ширхэг хувьцааг (нэг тэрбум долларын өртөгтэй) Silicon Valley Community
Foundation санд хандивласан юм. Засгийн газрын бус байгууллагуудын үйл
ажиллагааг сурталчилдаг “The Chronicle of Philanthropy” сэтгүүл 2013 оны хүмүүнлэгийн
томоохон 50 хандивлагчдын жагсаалтыг гаргасан байна. Эдгээр 50 хүн 2013 онд
нийтдээ 7.7 тэрбум долларыг хүмүүнлэгийн үйл хэрэгт зарцуулсан нь 2012 оныхоос
дөрвөн хувь илүү үзүүлэлт юм.
АНУ-ын
дэндүү өгөөмөр сэтгэлтнүүдийн дундаж нас 72 байна. Харин Цукерберг, Чан (29, 28 настай) нар хамгийн залуу
хандивлагчид болжээ. Тэдний араас усыг задалж нефть, байгалийн хий гаргаж авах
маргаантай технологийг үндэслэсэн Жорж Митчелл жагссан байна. Тэрээр өнгөрсөн
долдугаар сард өөд болохдоо хүрээлэн орчин, байгаль хамгаалах чиглэлээр
ажилладаг гэр бүлийнхээ санд 750 сая долларын хөрөнгөө гэрээслэн үлдээсэн
байна. Спортын хувцасны Nike брэндийг бий болгосон Фил Найт эхнэр Пенелопегийн
хамтаар 500 сая долларыг Орегоны Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн санд
хандивласнаар эхний гуравт багтсан юм. Найтын гэр бүл ингэхдээ нэгэн өвөрмөц
болзол тавьжээ. Тус сан 2015 гэхэд ийм хэмжээний хандив цуглуулж чадахгүй бол
өргөсөн хандиваа буцааж татна гэсэн аж.
Нью-Йорк
хотын экс дарга Майкл Блүмберг 2013 онд нийтдээ 452 сая долларыг соёл урлаг,
шинжлэх ухааны арга хэмжээнд зарцуулж дөрөвдүгээрт бичигдлээ. Google-ийг үүсгэн
байгуулагчдын нэг Сергей Брин гэргий Анне Войцикийн хамтаар Паркинсоны өвчин
судлалын төвд 219 сая доллар хандивлав. eBay интернэт дэлгүүрийн эзэн Пьер
Омидьяр, түүний гэргий Пам Омидьяр нар 225 сая долларыг шинжлэх ухааны хэд
хэдэн байгууллагад өгчээ.
Америкийн
тэргүүн баячуудын хүмүүнлэг сэтгэл, хандив, тусламжийн хэмжээ нэмэгдсэн нь
эдийн засаг эргэн сайжирч, хардлага эргэлзээ багасч буйн илрэл хэмээн “The
Chronicle of Philanthropy” сэтгүүлийн эрхлэгч Стэйси Палмер ярилаа. 2013 оны
жагсаалтын эхний байруудад Билл болон Мелинда Гейтс, Уоррен Баффет зэрэг “Аваргууд”
харагдахгүй байгаа нь гэнэтийн сонин маягийн зүйл болжээ. Хэдийгээр тэд
хүмүүнлэгийн хандив, тусламжаа үзүүлсээр байгаа ч урьд өмнөх жилүүдийн түвшинд
хүрээгүй тул жагсаалтын толгой хавиар бичигдээгүй ажээ.

No comments:
Post a Comment