Tuesday, 18 February 2014




Босогчид Дамаск руу дайрна

Сирийн өмнөд хэсэгт байгаа босогчид Дамаск хот руу хаврын дайралтаа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа зарлалаа. Хөрш Иордан улсын сургагчдын бэлтгэсэн дайчид энэ дайралтад оролцоно хэмээн Сирийн сөрөг хүчнээс мэдэгдлээ. Хаврын дайралтыг эхлүүлэхээр зэхэж байгаа хэдэн мянган босогч эхлээд Иорданы хил дээр байдаг Дераа мужийг хяналтдаа авахаар тооцоолсон байна.
Босогчдын лидер мэдэгдэж буйгаар, сүүлийн хэдэн сард Сирийн сөрөг хүчнийхэн энэ бүс нутагт чухал чухал байрлалуудыг эзлээд байгаа ба амжилтаа улам бататгах бодолтой байгаа аж. Тухайлбал, тэд Дераа хот болон Иорданаас зэр зэвсэг тээвэрлэхэд чухал үүрэгтэй хил орчмын хэд хэдэн тосгоныг эзлээд байгаа ажээ.

Хятадууд Peugeot-д 1.1 тэрбумын хөрөнгө оруулна

Хятадын автомашин үйлдвэрлэгч Dongfeng компани Францын Peugeot компанид 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, нэн хурдан өсөн нэмэгдэж буй Хятадын зах зээл дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Хятадын төрийн мэдлийн Dongfeng компани PSA Peugeot Citroen-д дээрх хөрөнгө оруулалтыг хийснээр зартай брэнд нэрийг ашиглах эрхтэй болж, Хятадын автомашины зах зээл дээрх хувь хэмжээгээ нэмэгдүүлэхэд тустай дэвшилтэт технологийг эзэмших юм. Хятадын Dongfeng компани, Францын Засгийн газар болон Peugeot-ийн гэр бүлийнхэн PSA Peugeot Citroen-д адил тэнцүү хувь эзэмших ажээ.

Coca-Cola зардлаа тэрбумаар багасгана

Америкийн Coca-Cola компани ашгаа нэмэгдүүлэхийн тулд зардлаа нэг тэрбум доллараар багасгах болсноо зарлалаа. 2013 оны дөрөвдүгээр улиралд тус компанийн борлуулалт буурч, ашиг багассан нь ийм өөрчлөлт хийхэд хүргэсэн хэмээн The Los Angeles Times сонин мэдээлэв. Coca-Cola мэдээллийн технологийг стандартчилж, маркетингдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр борлуулалтаа нэмэгдүүлнэ хэмээн үзсэн байна. 2013 оны эцсийн улиралд тус компанийн ашиг 8.4 хувиар буурчээ. Цэвэр ашиг нь 1.87 тэрбумаас 1.71 тэрбум доллар болж буурсан аж.

No comments:

Post a Comment