Wednesday, 29 October 2014



АНУ-д сөнөөгч онгоц сүйрчээ

АНУ-д Калифорнид сөнөөгч Hawker Hunter онгоц сүйрчээ. Порт-Хьюнеми хотын ойролцоо байдаг тэнгисийн цэргийн бааз орчимд энэ осол болжээ. Нисгэгч онгоцоо бууж, хөөрөх зурвас дээр газардуулах гэж оролдсон ч бүтэлгүйтэж задгай талбайд унасан байна. Золоор хүний амь нас үрэгдсэнгүй.
Hawker Hunter 1950-аад онд үйлдвэрлэсэн Британийн сөнөөгч-бөмбөгдөгч онгоц юм. АНУ-ын зэвсэглэлд хэзээ ч орж байгаагүй энэ хөлгийг Британийн агаарын хүчин 1970-аад оны эхэнд ашиглалтаас гаргажээ. Үлдсэн онгоцууд хувь хүний мэдэлд очиж, нислэгийн дасгал сургуулилтад ашиглагдаж байна.

Сирийн нисдэг тэрэг дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ

Сирийн армийн нисдэг тэрэг хойд хэсгийн Идлиб муж дахь дүрвэгсдийн хуаран дээр дэлбэрэх бодисоор дүүргэсэн хоёр торхон бөмбөг хаяжээ. Reuters агентлаг орон нутгийн иргэдийн эх сурвалжаас иш татан ийнхүү мэдээлэв. Сирийн хүний эрхийг хамгаалах төвийн мэдэгдэж буйгаар, бөмбөгдөлт арван энгийн иргэний аминд хүрчээ. Тус улсын хэвлэлүүд энэ хэрэг явдлын талаар мэдээлсэнгүй.
Сирийн иргэний дайны улмаас арван сая орчим хүн орон гэрээ орхин дүрвэсэн юм. Тэдний гурван сая нь өөр улс руу дүрвэн гарчээ. Сирийн эрх баригчид болон босогчдын бүлгүүд энгийн иргэдийн амь насанд хүрч, орон гэрийг нь сүйтгэж байна хэмээн хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэж байна.

Австри хөвгүүн халдлага үйлдэхээр төлөвлөсөн байжээ

Австрид 14 настай хөвгүүнийг халдлага үйлдэх гэж байсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Австри хөвгүүн лалын жихад дайчидтай холбоо тогтоож, Вена хотын Вестбанхоф төмөр замын буудлыг дэлбэлэхээр төлөвлөж байсныг тогтоосон юм. Тэрээр гэрийн нөхцөлд тэсрэх бөмбөг хийх аргыг интернэтээс судалж байжээ. Австрийн хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийн араас мөрдлөг, шалгалт явуулж байна. Ойрхи Дорнод дахь дайн, мөргөлдөөнд лалын босогчдын талд 150 орчим австри иргэн тулалдаж байгаа хэмээн Австрийн эрх баригчид үзэж байгаа юм.

Грозной шинэ нисэх буудалтай болно

Грозный хотод шинэ нисэх буудал барина хэмээн Чеченийн бүгд нарамдах улсын тэргүүн Рамзан Кадыров мэдэгдлээ. “Нэгэн чухал мэдээ дуулгахыг хүсч байна. Бид шинэ нисэх буудал барихаар шийдлээ. Төслийг төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх болно” хэмээн тэрээр Instagram хуудсандаа бичжээ. Шинэ нисэх буудал нь хамгийн тохилог, орчин үеийнх байх болно хэмээн амлаж байна.
“Грозныйд бизнес, улс төр, шинжлэх ухаан, соёлын томоохон зүтгэлтнүүд байнга ирэх боллоо. Олон арван улс оролцсон хурал, чуулган их болж байна. Мэдээж тэдний тохь тухыг хангах нь бидний үүрэг” хэмээн Кадыров хэллээ.


Селена Гомез: Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөр хүний дүрд хувираад дэмий

Дэлхийн хүүхэд, залуусын шүтээн болсон Америкийн дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, хувцасны дизайнер Селена Гомез “Super Pop” сэтгүүлд ярилцлага өгчээ.

-Селена, сонин сайхан, хов жив юутайв дээ? Дараагийн цомгоо хэзээ гаргах гэж байна вэ?

-Дуу хөгжимтэй ажиллана гэдэг их хөгжилтэй, сайхан. Би өсч том болохын хэрээр хөгжмөөс суралцаж, хөгжим намайг өөрчилж байна. Миний дуунууд улам электро поп болж, илүү хөгжилтэй байх болно.

-Та “Love you like a love song дууныхаа клипэнд караокед дуулж байгаа нь гардаг. Та караокед дуртай юу?

-Тийм ээ, их дуртай. Караокед орж, Шаниа Твайн маягийн дуучдын стилээр кантри дуу дуулах дуртай. Тэнд их хөгжилтэй байдаг.

-Кэти Перри, Бритний Спирс, Пикси Лотт нарын дуу таны цомогт байдаг. Өөр хэнтэй хамтран ажиллахыг хүсдэг вэ?

-Бруно Марстай хамтрахдаа дуртай байх болно.

-Чөлөөт цагаараа караокенээс өөр юу хийх дуртай вэ?

-Хоол хийх их дуртай. Жигнэмэг, бялуу хийх бүр дуртай.

-Та сайн тогооч уу?

-Хмм.. Тийм сайн биш ээ, ха ха... Гэхдээ хоол хийх гэж оролдож, бүхнийг хольж хутгах их хөгжилтэй байдаг.

-Танд алдар нэртэй найз хэд хэд байдаг. Ямар нэг хов жив ярихаар болвол хэнтэй хамгийн түрүүнд ярьдаг вэ?

-Тейлор Свифт рүү ярьдаг!

-Зөвлөгөө хэрэгтэй болвол хэнд эхэлж ханддаг вэ?

-Бас л Тейлорт ханддаг. Тэр надад зөвлөгөө өгч, хэрэгтэй үед миний хажууд байж чаддаг. Итгэмээргүй!

-Та нар хамт байхдаа юу хийдэг вэ?

-Бүгдийг. Бид их чалчиж, дэлгүүр хэсэх дуртай.

-Олон сая залуусын сонирхдог сэдэв рүү оръё. Жастин Бибер та хоёрын хайр сэтгэлийн түүхийн талаар бидэнд юу ярихсан бол?

-Юу болж байгааг, нэр алдар гэж юу юм гэдгийг ойлгодог хүмүүс хажууд байх нь сайн л даа. Гэхдээ сэтгүүлийн зураг авалт гэж юу болохыг огтхон ч мэддэггүй хүмүүс хажууд байх нь бас зүгээр шүү. Жишээ нь, хэн нэгэнтэй бодит амьдралын талаар ярьж чаддаг байх нь чухал. Хоёр ертөнцөд амьдарч чаддаг хүмүүстэй хамт амьдрах нь их сайн гэж боддог.

-Та хоёр хамтарч дуэт дуулбал гайхалтай зүйл болно доо...!

-Мэдэхгүй. Найзуудтайгаа хамт дуу дуулна гэж боддоггүй, дургүй. Яахав, тийм болвол болно л биз. Гэхдээ тэгнэ гэж бодохгүй байна.

-Жаргалтай хос байхын гол түлхүүр нь юу вэ, Селена?

-Энэ талаар зөвлөгөө өгөхдөө их тааруу даа, хэ хэ... Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөр хүний дүрд хувирах гэж оролдох дэмий л гэж хэлдэг. Надад таалагддаг залуусын санаа бодолд нөлөөлөх гэдгээ би больсон. Би их энгийн, нээлттэй хүн. Жастинтай ил тод, шударга байж чаддаг. Би ийм л байдаг, чамд таалагдана уу, үгүй юу, хамаагүй.

-Сургуульд байхдаа таалагддаг хөвгүүдтэйгээ хэрхэн харилцдаг байсан бэ?

-Сургуульд ямар ч хөвгүүнтэй найзалж байгаагүй, хэзээ ч. Хэн нэг нь таалагдвал түүнтэй хэзээ ч ярилцаж байсангүй. Түүнээсээ үргэлж зугтаж, зайлсхийдэг байсан.

-Нэр алдарт хэрхэн ханддаг вэ?

-Энэ заримдаа их ядаргаатай. Чиний тухай олон хүн ярьж, санаа бодлоо илэрхийлж байдаг ч тэд намайг жирийн нэгэн залуу охин гэдгийг хайхардаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүй хор хохирол учруулах зүйлийг ярьж, хэлж байдаг юм. Энэ бол их дарамт.

-Селена, таныг жаргалтай байлгадаг зүйл юу вэ?


-Гэр бүл, фэнүүд, найз нөхөд. Тэд миний амьдралын хамгийн том урам зориг.

Tuesday, 28 October 2014




Масако гүнж 11 жилийн дараа гарч ирлээ

Японы эзэн хааны ордноос мэдэгдсэнээр, гүнж Масако сүүлийн 11 жилд анх удаагаа эзэн хааны ордонд болох цайллагад оролцохоор болжээ. Тэрээр арав гаруй жилийн өмнө гүнзгий хямрал, гутралд орж олон нийтийн өмнө гарахаа больсноос хойш хунтайж Нарухито ганцаараа албан ёсны арга хэмжээнд оролцох болсон юм. Масако хамгийн сүүлд 2003 онд Мексикийн Ерөнхийлөгч Висенте Фокс айлчлан ирэхэд эзэн хааны ордны арга хэмжээнд оролцсон байна.
Гүнж Масако, хаан ширээг залгамжлагч хунтайж Нарухито нар дотны найз, Голландын хааны гэр бүлд зориулсан оройн зоогт оролцох юм. Тэдэнд хүндэтгэл үзүүлэн зохиож буй цэнгүүнийг эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нар удирдан зохион байгуулж байгаа аж.
Гүнж Масако, Голландын хатан хаан Максима нар онцгой нэгэн харилцаатай. Масако, Нарухито нарын охин, гүнж Айко 12 настай бол, Голландын хаадын том охин Амалиа түүнтэй нас чацуу ажээ. Үүнээс гадна, Масако сэтгэлийн хямралаас гарч, өдөр тутмын хэвийн амьдралд эргэн ирэхэд Голландын хатан хаан гол нөлөө үзүүлсэн гэдэг. 2013 онд Голландын хаан ширээ залгамжлагчдыг хаан ширээнд залах ёслол болоход Максимагийн хувийн хүсэлтээр Масако ирж оролцож байжээ. Гүнж Масако өнгөрсөн жил 50 нас хүрч мэндчилгээ илгээхдээ “Хямралыг даван туулж, бүрэн сэргэхийн тулд хүчин чармайлт гаргасаар байна” хэмээн онцолсон юм.

Өндөр түвшинд хэлэлцээ хийх саналыг няцаажээ

Өмнөд Солонгосын тал ирэх долоо хоногт өндөр түвшний хэлэлцээ хийх санал тавьсан ч Хойд Солонгос няцаалаа хэмээн “Ренхап” агентлаг мэдээлэв. Хоёр Солонгосын эрх баригчид өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээх шийвэр гаргалаа хэмээн өмнө нь мэдээлж байсан юм. Саяхан Хойд Солонгосын өндөр албаны гурван түшмэл Өмнөд Солонгост айлчлах үеэр ийм тохиролцоонд хүрсэн ч Пхеньян эцсийн мөчид татгалзсан хариу өгсөн бололтой. Өмнөд Солонгост айлчилсан гурван албан тушаалтны хоёр нь Ким Чен Уны ойрын шадар туслахууд байжээ.

А.Яценюкийн “Ардын фронт” тэргүүлж байна

Украинд болж өнгөрсөн парламентын сонгуульд Ерөнхий сайд Арсений Яценюкийн тэргүүлдэг “Ардын  фронт” нам тэргүүлж байна. Нийт саналын 97 хувийг боловсруулан гаргахад “Ардын фронт” 22.2 хувийн санал авчээ. Ерөнхийлөгч Петр Порошенкогийн эвсэл 21.8 хувийн санал аваад байна. “Львов хотын дарга Андрей Садовойн тэргүүлдэг “самопомощь” эвсэл 11.03, Юрий Бойкогийн сөрөг хүчний эвсэл 9.31, Олег Ляшкогийн Ракикал нам 7.44, Юлия Тимошенкогийн “Батькивщина” нам 5.69 хувийн санал авчээ. Парламентын хугацаанаас өмнөх сонгуульд 26 нам, эвсэл оролцжээ.

Крым 2015 онд дөрвөн сая жуулчин хүлээн авна

Крымийн хойгийн Аялал жуулчлалын яам 2015 онд 4-4.5 сая жуулчин хүлээн авахаар тооцоолжээ. “Ирэх онд Керченскийн усны гарамын асуудлыг шийдэж чадвал хөлөг онгоцны тоо нэмэгдэж, Крымд 4-4.5 сая жуулчин хүлээн авах боломж бүрдэх юм” хэмээн хойгийн аялал, жуулчлалын тэргүүн Елена Юрченко хэллээ. Түүний хэлж буйгаар, Крым жилдээ найман сая жуулчин хүлээн авах чадалтай ажээ. Энэ онд Крымийн хойг гурван сая 68 мянган жуулчин хүлээн аваад байна. Тэд хойгийн амралт, сувилалд 76.6 тэрбум рубль зарцуулжээ.


Хонконг руу тэмүүлсэн хятад хүүхдүүд

Оройны таван цагийн үед Хонконг болон Хятадын Шэнжэнь хотын хоорондох Луоху хилийн боомт нь сургуулийн үүд, хаалга мэт л шуугиантай болдог. Дүүрэн номтой цүнхээ чирж, хүүхдийн дуу дуулж, ижилхэн хувцасласан хэдэн мянган хүүхэд хил, гааль дээр урт дараалал үүсгэн зогсоно. Британийн хуучин колониос элдэв зүйл худалдан авч үүрч, дүүрсэн хятад жуулчид эх газар руу буцаж орохын өмнө тэдгээр хүүхдүүдийг гайхан, сониучирхан харна. Тэдгээр нь хятад гэр бүлүүдийн Хонконгт төрсөн хүүхдүүд ажээ. Хонконгт төрсөн хүүхэд эх газраас хавьгүй илүү чанартай сургууль, эмнэлгээр нь үйлчлүүлэх эрхтэй болдог. Хүүхдүүдийг хил гаргахдаа “Хил хоорондын сурагчид” гэсэн хаяган доорх тусгай гарцаар гаргадаг ажээ.
2001 онд тусгай зөвшөөрлөөр Хонконгт орших суух эрх олгох болсноос хойш эцэг эх нь Хятадад амьдардаг 200 мянга гаруй хүүхэд Хонконгт мэндэлжээ. Хэдийгээр эцэг эхийнх нь аль нь ч хонконг биш ч хүүхдүүд нь автоматаар Хонконгийн паспорттай болж, эх Хятадаас хавьгүй илүү эрх чөлөө, амьдралын чанарыг нь хүртэх эрхтэй болдог байна. 2006-2011 онд Хонконгт мэндэлсэн 95 мянган хүүхдийн гуравны нэгийнх нь эцэг эх Хятадаас ирсэн хүмүүс байжээ. Хүүхдүүддээ сайн боловсрол олгож, гадаадад илүү хялбар аялахад хэрэгтэй паспорттай болгохын тулд, мөн Хятадад хүчинтэй байсаар буй “Нэг хүүхэд” бодлогоос зугтсан олон хятад гэр бүл Хонконгт ирсээр байна.
“2007 онд бид хүүхдээ аваад Шэнжэньд эмнэлэгт очиход торгууль төлж үзүүлэх хэрэгтэй болсон. Учир нь тэр манай хоёр дахь хүүхэд байсан. Улмаар сурч боловсрох асуудал нь ч эргэлзээтэй болж ирсэн” хэмээн нэгэн хятад эх өгүүлэв. Долоон нас хүрээд буй охин нь багаасаа л Хонконгт цэцэрлэгт явж, өдөр бүр хил нэвтрэх хэрэгтэй болдог байжээ. Шэнжэнь дэх гэрээсээ Хонконг дахь сургуульдаа очиход 50 минут зарцуулна. Ангийн хүүхдүүдийн тал нь эх Хятадынх бөгөөд мандарин хятад хэл дээр ордог хичээлүүд байдаг аж. Шэнжэньд кантон хятад хэлээр ярьдаг билээ. Тэр охин шиг долоон настай 16 мянган эх газрын хүүхэд Хонконгт сурч байгаа юм.
“Хонконгт сургалт маш сайн. Учир нь хичээл болон бусад арга хэмжээ ихтэй, багш нар нь сайн, хариуцлагатай” хэмээн охины ээж ярилаа. Мөн Хонконгийн улсын сургууль үнэгүй, зөвхөн ном, хоол, тээврийн зардлаа төлдөг тул хавьгүй хямд тусдаг ажээ. Нийтдээ жилд 14 мянган хонконг доллар буюу 1424 еврог охиныхоо боловсролд зарцуулдаг байна. Мэдээж эх газрын хүүхдүүдэд дургүй хүмүүс бий. Долоон сая хүн амтай энэхүү жижигхэн тусгай бүс нутгийн иргэд хүн ам зүйн энэхүү гажиг хандлагыг эсэргүүцэн нэг бус удаа жагсаж байв. 2012 оны хоёрдугаар сард хүүхдээ тэргэн дээр түрсэн мянга орчим эмэгтэй гудамжинд гарч, эх Хятадаас ирж буй хүмүүсийн урсгалыг эсэргүүцсэн юм.

Бүс нутгийн эрх баригчид “Цагаач төрөлт”-ийг багасгахын тулд хөл хүнд хятад эмэгтэйчүүдэд Хонконгийн эмнэлэгт төрөх зөвшөөрөл өгөхөө зогсоож, хил гаалийн хяналтаа чангатгажээ. 2012 онд дөрвөн мянга гаруй жирэмсэн бүсгүйг хил дээрээс буцаасан ч олон эмэгтэй гэдсээ нуун орж ирж чадсан байна. Нэгэнт орж ирээд Хонконгийн эмнэлэгт амаржсан бол ямар ч арга байдаггүй ажээ. 2011-2013 онд оршин суух хугацаагаа хэтрүүлэн амаржихаар завдаж байсан 474 хятад эмэгтэйг эх газар руу албадан гаргажээ. Тэдний зарим нь орон нутгийн мафитай хуйвалдан ус нь гарах хүртлээ жижиг зочид буудалд нуугддаг болжээ. 2012 онд ийм хэргээр 12 хүнийг хорих ялаар шийтгэсэн байна. 2013 онд Хонконгийн цагдаа хэвлий дэх хүүхдээ Хонконгийн иргэн болгох итгэл найдвар тээж явсан 1300 орчим жирэмсэн хятад бүсгүйг айлын хажуу өрөө, жижиг зочид буудлаас илрүүлж эх газар руу буцаан явуулжээ. 

Monday, 27 October 2014





“Севол”-ын ахмадад ялын дээд хэмжээ өгөхийг шаардлаа

Өмнөд Солонгосын Прокурорын газар өнгөрсөн дөрөвдүгээр сард живж, сурагч голдуу 300 гаруй хүний аминд хүрсэн “Севол” хөлөг онгоцны ахмад Ли Жон Сокт ялын дээд хэмжээ өгөхийг шаардлаа. Ли хөлөг онгоц живэхээс өмнө экипажийн 15 гишүүний хамтаар хөлгийг орхин бууж, дараа нь зорчигчдыг өрөөндөө байж бай хэмээн хэлж байжээ. Хөлгийн ахмад болон экипажийн гурван гишүүнийг хүний амь насанд хүрсэн хэргээр шүүж байна.
6825 тн жинтэй хөлөг онгоц Инчон хотоос Жэжү арал руу аялж яваад Жиндо арлын орчимд живсэн юм. 1994 онд Японд бүтээсэн эл хөлөг онгоц нь 921 хүн, 180 автомашин, 152 чингэлэг тээвэрлэх чадалтай байжээ. Хөлгийн экипаж огцом эргэлт хийсний улмаас харуулдаж живсэн ажээ.

Афган лам 20 жилийн ял авчээ

Афганы Кундуз мужийн лал шашны санваартан Мухаммед Амин 10 настай охиныг хүчирхийлсэн хэргээр Кабулын шүүхээс 20 жилийн ял авчээ. Амин гурван охиныг лалын сүм цэвэрлэх ажилд туслахыг гуйж авчраад хүчирхийлсэн аж. Хоёр охин зугтаж амжсан байна.
Охины эцэг эх болон эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллага дээрх шийтгэлийг Афганистанд сексийн хүчирхийллийн золиос бологчдын эрхийн төлөөх тэмцлийн ялалт хэмээн нэрлэв. Тус улсад хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд гэр бүл үймүүлсэн хэргээр шийтгүүлэх нь элбэг байдаг билээ. Хэд хоногийн өмнө Афганд дөрвөн эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн таван залууг дүүжлэн шийтгэсэн юм.

Сирийн курдууд Дамаскийн тусламжаас татгалзав

Сирийн курдууд Дамаскийн эрх баригчдаас цэргийн тусламж авахаас тагалзлаа хэмээн Reuters мэдээлэв. Кобани хотод бүслэгдсэн курдуудад Сирийн Засгийн газар тусламж үзүүлж байна гэсэн мэдээлэл нь худлаа болохыг Курдын Ардчилсан холбоо намын төлөөлөгч мэдэгджээ. Дамаскийн эрх баригчид “Лалын улс” бүлгийн эсрэг тулалдаж буй курд дайчдад зэр зэвсгийн тусламж үзүүлж байна гэсэн мэдээлэл Сирийн хэвлэлээр гарсан юм.
Лалын босогчид аравдугаар сараас хойш Кобани хотыг бүслээд байгаа билээ. Тус хотыг эзэлвэл Сири-Туркийн хилийн ихээхэн хэсэг босогчдын гарт орох учраас стратегийн чухал ач холбогдолтой. Сирид иргэний дайн дэгдээд гурван жил болоход курдууд улс орны зүүн хойд нутагт хяналтаа тогтоож чадсан юм.

Хелен Миррен L’Oreal-ийн шинэ нүүр царай

Жүжигчин Хелен Миррен L’Oreal компанитай гэрээ байгууллаа хэмээн Daily Mail сонин мэдээлэв. 69 настай Миррен жүжигчин ийнхүү Ева Лонгориа, Женнифер Лопес, Блейк Лайвли нартай хамтран ажиллахаар болов. Гоо сайхны компаниуд ихэвчлэн 40-өөс доош насны алдартнуудтай гэрээ байгуулдаг. Харин L’Oreal 76 настай Жейн Фонда, 68 настай Дайана Китон, 55 настай Хью Лори нарыг рекламандаа тоглуулж байв. Хелен Миррен Британийн хатан хаан II Елизабетийн дүрээр алдрашсан билээ. 2007 онд “Дайана” кинонд тоглоод Оскарын шагнал хүртэж байжээ.

Араг ясаа сургуульдаа гэрээслэн үлдээжээ


Румыний Прахов мужийн нэгэн тосгоны сургуулийн сурагчид захирлынхаа араг ясыг анатомийн хичээл дээр ашиглаж байна. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Александру Григоре Попеску (1890 онд төрсөн) 18 наснаасаа багшлах болжээ. Тэрээр тосгоныхоо сургуульд амьдралынхаа 50 жилийг зориулсан аж. Попеску 1965 онд нас барахдаа өөрийн араг ясыг сургалтын материал болгон ашиглахыг гэрээслэн үлдээжээ. Саяхан Боловсролын яамнаас экс захирлын араг ясыг хураан авч эрүүл ахуйн шинжилгээнд оруулаад ямар ч аюул алга хэмээн буцааж өгчээ. Сургуулийн захирлын үлдэгдэл шилэн шүүгээнд хадгалагдаж, биологийн хичээлд хэрэглэгдсээр байна хэмээн Romania-Insider.com сайт мэдээллээ.


ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч В.Путинийг биширчээ

ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев Владимир Путиний Валдайд хэлсэн үгийг эрх мэдэлд байгаа үеийнх нь хамгийн хүчтэй илтгэл боллоо хэмээн үзэж байна. “Тэр илтгэл бол гайхалтай. Путин эрх барьж байсан он жилүүддээ ийм хүчтэй илтгэл тавьж байгаагүй. Нөхцөл байдал үүнийг шаардсан учраас ингэж ярих хэрэгтэй болсон байх. Валдайд Путиний хэлсэн бүхэнтэй санаа нийлж байна” хэмээн Горбачев “Риа Новости”-д ярьжээ. Тэрээр Кремлийн тэргүүний илтгэлийн дараа эхэлсэн бүх маргаан, хэлэлцүүлэгтэй танилцах бодолтой байгаагаа хэллээ.
Путиний Валдайд хэлсэн үгийг түүний 2007 онд Мюнхенд аюулгүй байдлын бага хурал дээр хэлсэн алдарт илтгэлтэй нь зүйрлэж байна. Тэр үед Оросын лидер Вашингтоныг олон улсын хэм хэмжээг үл тоомсорлож, санаа бодлоо бусад улс оронд тулгаж байна хэмээн буруутгаж байсан юм. В.Путин Сочид хэлсэн үгээ буруутгасан, дайрсан зүйл биш, харин хамтран ажиллах санал байсан хэмээн тайлбарлаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо олон улсын маргаан мэтгэлцээний “Валдай” клубын чуулганд оролцон илтгэл тавьсан юм. “Дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин үеийн систем нь ноцтойгоор суларч, доройтсон байна. Харамсалтай нь, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн оршин буй систем нь биднийг аюулаас хамгаалж чадахгүй. Энэхүү систем маш ноцтойгоор суларч, доройтсон байна. Олон улсын харилцааны системд шинэчилсэн засвар шаардлагатай байгаа боловч Хүйтэн дайны ялагчаар өөрийгөө тооцдог АНУ энэ хэрэгцээг олж харахгүй байна” хэмээн Путин онцолжээ. Кремлийн тэргүүний Валдайд тавьсан илтгэл түүний дэлхий дахин дахь хүч, нөлөөг улам бататгалаа хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.

Sunday, 26 October 2014




А.Пугачевагийн ач хүү Чеченьд сонсогч болжээ

Оросын эстрадын хатан хаан Алла Пугачевагийн ач хүү, Кристина Орбакайтегийн хүү Дени Байсаров цэргийн сургуулийн сонсогч болохоор шийджээ. Энэ тухай Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Instagram хуудсандаа бичсэн байна. “Миний хүндэт үеэл Дени Байсаров сонсогч болохоор шийджээ. Тэр өнөөдөр над дээр зочилж цэргийн сургуулийн сонсогч болох хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Би түүний сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Залуу хүн эрүүл, хүчтэй, сэтгэлийн хатуужилтай байх ёстой гэж Дени үзэж байна. Тэр сонсогч болсноор энэ бүгдийг, мөн өөр олон чухал зүйлийг сурч авах болно” хэмээн Кадбров бичжээ.
Чеченийн Ерөнхийлөгч өөрийн биеэр 16 настай Байсаровыг Чеченийн Центерой тосгоны цэргийн сургуульд хүргэж өгчээ. Сонсогчид нэрт дуучны ач хүүг халуун дотноор хүлээж авсан аж. Дени Байсаров нь чечень гаралтай бизнесмэн Руслан Байсаров, дуучин Кристина Орбакайтегийн хүү юм.

Бангладеш иргэдийг хулгайлж Тайландад боол болгох гэж байжээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Тайландын ширэнгэ ойгоос хулгайлагдаж, боол болон зарагдах гэж байсан хэдэн арван бангладеш иргэнийг олж аварчээ. Бангладеш эрчүүдийг сайн цалинтай ажилд оруулж өгнө хэмээн хуурч, дараа нь мансууруулаад Тайландад боол болгон худалдах гэж байсныг цагдаа нар тогтоогоод байна. Бангкокын Засгийн газар нутаг дэвсгэр дээрх боолчлолын асуудалтай бүх хүчээрээ тэмцэж байна хэмээн мэдэгдэж байгаа ч олон байгууллагууд тэднийг хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна хэмээн шүүмжилж байгаа юм. Энэ сарын 14-нд хүний наймааны хэргээр хоёр тайланд иргэнийг баривчилжээ. Тэд гадаадын 53 иргэнийг газар тариалан дээр ажиллуулна хэмээн хуурч худалдсан байжээ.

Өмнөд Африкийн шигшээ багийн ахлагч буудуулжээ

Өмнөд Африкийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, хаалгач Сензо Мейива өчигдөр Йоханнесбург хотоос 20 ки-ийн зайд орших тосгонд буудуулж амиа алджээ. Веслурус тосгонд энэ явдал болжээ. Мейива нэг айлд зочилж байх үеэр хоёр хүн ирсэн байна. Тэд болон хөлбөмбөгчийн хооронд ямар нэг шалтгаанаар хэрүүл маргаан үүсч, үүний дараа тэд Мейиваг буудаад зугтаж алга болсон байна. Шигшээ багийн хаалгачийг эмнэлэгт хүргэсэн ч амиа алджээ. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг эрчимтэй хайж байна. 27 настай Сензо Мейива Өмнөд Африкийн “Орландо Пайратс” клубт тоглодог бөгөөд Африкийн цомын урьдчилсан тэмцээний сүүлчийн дөрвөн тоглолтод шигшээ багаа ахалж талбайд гарсан юм.

Украинд парламентын сонгууль боллоо

Украинд Дээд Радын хугацаанаас өмнөх сонгууль болж, санал хураалт дуусчээ. Урьдчилсан дүнгээр таван хувийн босгыг долоон нам давжээ. Одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тэргүүлдэг эвсэл 23.1 хувийн санал авч тэргүүлэв. Ерөнхий сайд Арсений Яценюкийн “Ардын фронт” нам 19.7, “Самопомощь” нам 11, сөрөг хүчний эвсэл 9.9 хувийн санал авч удаалжээ.
Украины парламентын сонгуульд нийтдээ 29 улс төрийн нам оролцсон байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж буйгаар, сонгогчдын ирц 40 хувийг давжээ.

Парламентад намын жагсаалтаар 225 депутат, мажоритар системээр 213 депутат сонгогдох юм. Крым болон салан тусгаарлагчдын мэдэлд байгаа бүс нутагт 27 суудал хуваариласан бөгөөд тэдгээр суудал хоосон үлдэх бололтой. 


АНУ, Их Британийн цэрэг Афганистан дахь цэрэг, дайны ажиллагаагаа зогсоолоо

АНУ-ын тэнгсийн цэргийн нэгтгэл болон Их Британийн цэргүүд Афганистаны газар нутаг дээрх цэрэг, дайны үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоолоо. Хельманд муж дахь Британийн Camp Bastion цэргийн бааз, Лашгарках муж дахь АНУ-ын Camp Leatherneck цэргийн баазын хяналтыг Афганы үндэсний аюулгүй байдлын хүчинд шилжүүлж өгсөн байна. Цэргийн үйл ажиллагааг дуусгаж буй ёслолын явцад олон улсын цэргийн хүчний өмнө Британи, Америкийн далбааг буулгажээ.
Их Британийн Афганистан дахь цэрэг, дайны ажиллагаа 13 жил үргэлжилсэн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн урт дайн ажээ. Их Британи тус улс дахь дайн байлдаанд 453 цэрэг эрсээ алджээ. Хоёр улсын тохиролцооны дагуу Кабул дахь цэргийн академид ойрын жилүүдэд Британийн 200 орчим цэргийн сургагч ажиллах юм. Харин 2015 оны эхэн гэхэд Афганистан дахь АНУ-ын цэргийн албан хаагчдын тоо 9800 болж цөөрөх бөгөөд дараа нь нэг жилийн туршид хоёр дахин багасах ажээ. 2016 оны эцэс гэхэд Америкийн сүүлчийн цэрэг, офицер Афганистаныг орхин гарах юм.
“Аль-Кайда”-гийн алан хядагчид АНУ-ын авиакомпанийн онгоцуудыг барьцаалж, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон Пентагоныг мөргөн довтолсон билээ. Үүний дараа Афганистанд бүгж буй “Аль-Кайда”-гийн үүр уурхайг устгахын тулд АНУ, НАТО тэргүүтэй олон улсын цэргийн хүчин тус улсад нэвтрэн орсноор дайн эхэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Афганд эрх барьж буй “Талибан” хөдөлгөөнд хандан Осама бин Ладенийг хүлээлгэж өгөхийг шаардсан ч татгалзсан ажээ.
Улмаар холбоотны цэрэг Афганистанд нэвтрэн орж талибуудын дэглэмийг түлхэн унагаж, тус улсад иргэний Засгийн газрыг бий болгосон юм. 2004 онд болсон Афганистаны Ерөнхийлөгчийн ардчилсан сонгуульд Хамид Карзай ялалт байгуулжээ. Хэдийгээр талибууд ялагдаж, эрх мэдлээс зайлуулагдсан ч халдлага, дэлбэрэлт зогссонгүй. Тэд алс хөдөөний зарим мужид нэр нөлөөгөө тэлж, байр сууриа бататгасаар байгаа юм. Эцсийн эцэст гадаадын цэрэг Афганыг орхин гараагүй цагт, талибуудтай тохиролцоонд хүрээгүй цагт улс оронд энх тайван тогтохгүй гэж үзсэн Кабулын эрх баригчид гадаадын цэргийг гаргаж, талибуудтай хэлэлцээ хийж, аюулгүй байдлын хяналтаа өөрсдөө авах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн юм. Нэр нөлөөгөө тэлсээр байгаа талибууд ч гадаадын цэргийн хүчнийг яваагүй цагт энх тайван гэж байхгүй, халдлага дэлбэрэлт тасрахгүй хэмээн сүрдүүлсээр байна.

АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны цэрэг олон жилийн дайн болон афгануудын шахалтад орж Афганистан орныг орхин гарч байна. Хэдийгээр улс орны аюулгүй байдлын хяналтыг үндэсний цэрэг, цагдаад хүлээлгэн өгөх нь хамгийн зөв шийдэл хэмээн одоогоор үзэж байгаа ч талибууд, хэт даврагч бүлгүүд дахин толгойгоо өндийлгөж, Афганистан орон урьдын адил бүдүүлэг, харгис дэглэм рүү шилжих вий хэмээн тоймч, ажиглагчид сануулсаар байна.

Saturday, 25 October 2014



Иранд эмэгтэй хүнийг цаазалсныг шүүмжлэв

Иранд нэгэн эрэгтэйн аминд хүрсэн эмэгтэйг цаазалсныг АНУ-ын Төрийн департамент шүүмжиллээ. “Иран улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж шударга шүүхийг хүндэтгэж, баталгаа олгохыг уриалж байна” хэмээн Төрийн департаментын мэдэгдэлд онцолсон байна. 26 настай Рейхане Жаббарийг аравдугаар сарын 25-нд дүүжлэн цаазалжээ. Тэрээр 2007 онд Ираны тусгай албаны ажилтан асан Мортез Абдулал Сарбандийг хутгалж аминд нь хүрсэн юм. Сарбанди бүсгүйг хүчирхийлэхийг завдсаныг шүүх авч хэлэлцэлгүй цаазаар авах ял оноосон аж. Рейханегийн гэр бүл вергельд буюу алуулсан хүний гэр бүлд мөнгө төлж цаазын ялаас зайлсхийхээс татгалзсан байна.  

Бенито Муссолинийн нуувчид зочилж болно

Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолинийн нуувч, оромжийг олон нийтэд нээлттэй болгожээ. “Нуувчид аравдугаар сарын 31-нээс эхлэн зочилж, сонирхож болно. Энэ үүр оромж дэлхийн II дайныг санагдуулах болно” хэмээн Ром хотын дарга Иняцио Марино хэллээ. Муссолинийн нуувч Ром хот дахь Торлониа зусланд байдаг аж.
1940 онд Италийн дарангуйлагч холбоотны онгоцны агаараас довтолгооноос хамгаалахын тулд нэгэн дарсны зоорийг нуувч болгон тоноглохыг тушааж байжээ. 60 метр урт хонгил агааржуулалтын систем болон телефон холбоогоор тоноглогдсон байв. Гэвч Муссолини нуувчаа дуусгаж чадалгүй 1943 онд эрх мэдлээс зайлуулагдаж, хоёр жилийн дараа алуулсан юм. Дарангуйлагч 1925-1943 онд амьдарч байсан Торлониа дахь зусланг 2006 онд олон нийтэд нээлттэй болгожээ. Тэрээр зуслангийн эзэнд жилд билэгдлийн нэг лир төлдөг байсан аж. 1977 онд Ром хотын захиргаа Торлониа зусланг худалдан авч, 20 жилийн дараа засвар хийсэн байна.

Хойд Солонгос руу ухуулах хуудас хөөргөжээ

Өмнөд Солонгосын идэвхтнүүд Хойд Солонгосын газар нутаг руу ухуулах хуудастай бөмбөлгүүд хөөргөжээ. Хойд Солонгост авлига газар авсан, хүний эрхийн нөхцөл байдал аймшигтай байдаг гэсэн утгатай ухуулах хуудас тараасан байна. Пхеньяны тал үүнийг түрэмгийлэл, дайн зарласантай адил хэмээн мэдэгдэж, одоогийн яриа хэлцлээ зогсооно хэмээн сүрдүүлэв. Зарим мэдээллээр, агаарт 20 мянга орчим бөмбөлөг хөөргөсөн байна. Өмнөд Солонгосын идэвхтнүүд 2011 оноос хойш үе үе ухуулах хуудастай бөмбөлөг хөөргөх болсон юм.

Курдууд Зумар хотыг буцааж эзэлжээ

Курд дайчдын отрядууд Иракийн хойд хэсгийн стратегийн чухал Зумар хотыг “Лалын улс” бүлгээс буцаан эзэлж авчээ. Курдууд өрнөдийн орнуудын агаарын довтолгооны дэмжлэгтэйгээр Зумар хот руу дайрч лалын босогчдыг түлхэн гаргасан байна. Зарим мэдээллээр, тус хотын эргэн тойронд тулаан үргэлжилсээр байгаа аж.
Мөн Иракийн цэргүүд Багдадаас баруун өмнө зүгт 60 км-т орших Журф-Сахар хэмээх чухал хотыг чөлөөлөөд байна. АНУ-ын нисэх хүчин уржигдар Ирак дахь лалуудын байрлалд 22 удаа цохилт өгчээ.

Болгар цасанд дарагдлаа

Болгар улсын зарим мужид ихээхэн цас унаж онц байдал зарлаад байна. Баруун хэсгийн таван мужид онц байдлын дээд түвшинг зарлажээ. Софи, Самоков, Троян муж болон хэд хэдэн хотод 33 мянган айл гэрэл цахилгаангүй болов. Их цасны улмаас Софи-Пловдив-Бургас авто зам хаагдаж, цас цэвэрлэх машин, техник ч хүрч чадахгүй байна. Ачааны автомашинууд гөлгөл зам дээр явж чадалгүй зогсч замын хөдөлгөөнд саад учруулж байна. Хүчтэй шуурганы улмаас Варна хотын боомт хаагдлаа. Байгалийн гамшгийн хохирлыг арилгахаар Дотоод явдлын яамны шуурхай штаб байгуулагджээ. 



Пицца захиалж гэр бүлийн хүчирхийллийг илчилжээ

АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй пицца захиалах нэрээр 911 буюу цагдаагийн газар руу утасдаж аюулаас сэргийлж чаджээ. Нэгэн бүсгүй цагдаагийн газар руу залгаж “Том пепперони пицца захиалая” гэсэн байна. Энэхүү ярианы бичлэгийг сийрүүлэе.

-911 сонсож байна, танд юу тохиолдов?

-Би пицца захилах гэсэн юм.

-Хатагтай, Та 911 рүү холбогдсон байна.

-Тийм ээ, би мэдэж байна. Би тал нь мөөг, чинжүүтэй том пепперони пицца
захиалмаар байна.

-Хмм... Уучлаарай, та 911-тэй холбогдсоноо мэдэж байна уу?

-За, пицца аль хэр удаж ирэх вэ?

-Ок, бүсгүй. Наана чинь бүх юм зүгээр үү. Танд яаралтай тусламж хэрэгтэй болоо юу?

-Тийм ээ.

-Тантай хамт өөр хэн нэгэн байгаа болохоор та энэ талаар ярьж чадахгүй байна уу?

-Тийм ээ, яг зөв. Пицца аль хэр удаж ирэх вэ?

-Таны байгаа газраас нэг км-ийн зайд манай ажилтан явж байгаа. Танай байранд ямар нэг зэвсэг байгаа юу?

-Үгүй.

-Та утсаа барьж байгаарай?

-Үгүй. Хүлээж байя, баяртай.

Бүсгүйтэй ярилцсан цагдаагийн ажилтан хаанаас ярьсныг шууд тогтоож, цагдаа нар хаягаар очиход бүсгүй согтуу найз залуудаа зодуулж байжээ. Тэрээр пицца захиалаадхая гэж “түр чөлөө авч” залгасан аж. Найз залууг саатуулан авч явсан байна. “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгөхийн тулд ийм арга хэрэглэсэн нь их ухаалаг алхам болсон. 911-ийн хамгийн мартагдахаагүй дуудлагын нэг байлаа” хэмээн цагдаагийн шуурхай албаны жижүүр ярьжээ

Wednesday, 22 October 2014



Марк Цукерберг хятадаар ярьж үзүүлэв

Facebook-ийн эзэн Марк Цукерберг Бээжингийн Цинхуа их сургууль дээр уулзалт хийх үеэрээ хятадаар чөлөөтэй ярьдгаа харуулав. Тэрээр хятадаар ярьж буй бичлэгийнхээ хэсгийг интернэтэд тавьсан байна. Цукерберг уулзалтад ирсэн хүмүүстэй 30 орчим минут мандарин хятад хэлээр хөөрөлдөж, зарим үед хөгжилтэй зүйл ярьж, инээлгэж байв. 2010 оноос хойш хятад хэл сурч эхэлсэн Марк “Энэ миний уриа дуудлага. Би үргэлж Хятадын соёлыг сонирхож, улам ихийг мэдэхийн тулд хэлийг нь үзэх болсон” хэмээн өгүүлж байв. Тэрээр Цинхуа их сургуулийн оюутнуудтай интернэтийн орчих, нөлөө, хөгжлийн талаар ярилцсан байна. Цукербергийн эхнэр Присцилла Чан хятад гаралтай Америкийн иргэн билээ. Присцилла мандарин хятад хэлээр яоьдаг хэмээн Facebook-ийг үндэслэгч хэлжээ.

Оттава хотод буун дуу гарчээ

Канадын нийслэл хот дахь парламентын ордны ойролцоох Үндэсний цэргийн хөшөөний дэргэд үл мэдэгдэх этгээд гал нээж нэг цэргийг шархдуулжээ. Гэрчүүдийн баталж буйгаар, парламентын цогцолбор руу явж байсан этгээд нэг барилга руу гал нээж, 30 орчим удаа буудсан аж. Хамгаалалтын албаныхан хариу гал нээж уг этгээдийг устгасан байна.
Оттава хотыг айдаст автуулсан этгээд нь 1982 онд төрсөн Зихаф-Бибо гэгч болохыг цагдаа нар тогтоожээ. Монреаль хотод амьдарч байсан тэрээр сүүлийн жилүүдэд гэртээ харагдаагүй хэмээн хөршүүд нь ярилаа. Зихаф-Бибо 2011 онд банк дээрэмдсэн хэргээр шийтгүүлж байсан нэгэн юм. Тэрээр сүүлийн жилүүдэд гадаадад байж, лалын босогчидтой холбогдсон байж болохыг үгүйсгэхгүй байна.

Панам улс хилээ хаалаа


Панам улс Либери, Сьерра-Леон, Гвиней зэрэг Эбола тахалд хамгийн ихээр өртөөд байгаа орны иргэдэд хилээ хаалаа хэмээн Reuters агентлаг уламжлав. Энэ хориг дээрх улсуудын бүх иргэнд хамаарахаас гадна мөн эдгээр улсад сүүлийн 20 хоногт байсан хүмүүст Панамт нэвтрэх виз олгохгүй юм. “Панам бол Латин Америкийн аялал жуулчлал, худалдааны гол төв. Энд одоо болтол Эболагийн нэг ч тохиолдол илрээгүй байна. Тахлаас сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч байна” хэмээн Панамын эрх баригчдын мэдэгдэлд онцолжээ. Үүний өмнө Доминиканы бүгд найрамдах улс, Колумб, Ямайк улс ийм арга хэмжээ авсан юм. 


“Лалын улс”-ын найзууд болон дайснууд

“Лалын улс” террорист бүлэг болон курдуудын хоорондох дайн Ойрхи Дорнодыг улам бүр хуваан бутаргасаар байна. Турк улс хүссэн хүсээгүй курдуудад гараа сунгаж, Тунис улс лалуудад шинэ дайчид илгээх болов. Өрнөдийн орнууд “Лалын улс”-ын эсрэг талыг дэмжиж байх хооронд бүх дэлхийн өсвөр залуус Сирид очиж жихадын дайнд оролцохыг эрмэлзэх болов хэмээн хэвлэлд бичиж байна. Америкийн агаарын хүчин өнгөрсөн амралтын өдрүүдээр “Лалын улс” бүлэг болон курдуудын хооронд тулаан болж байгаа Сирийн хил орчмын Кобани хот дээр зэр зэвсэгтэй 27 чингэлгийг шиджээ. Гэвч дараа нь зарим чингэлэг лалын дайчдын гарт орсон гэрэл зураг, бичлэг интернэтээр тарсан юм. Лалынхан ачааны зарим хэсгийг олзолсон байж болохыг Пентагоны төлөөлөгч Жон Кирби үгүйсгэсэнгүй. АНУ босогчдод агаараас цохилт өгөх, тагнуулын нислэг үйлдэх, цэргийн зөвлөхүүдээ илгээх болон лалуудыг сөрөн зогсож буй хүчинг дэмжих бусад арга хэмжээнд 424 сая доллар зарцуулаад байна. Өөрөөр хэлбэл, америкууд “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэлд өдөрт 7.6 сая доллар зарцуулж байна хэмээн “Wall Street Journal”-д бичжээ.
“Лалын улс”-ын дайчид хөрш Ирак улсад идэвхтэй давшиж, Анбар мужийг эзлэхээр уулгалж, Айн аль-Асад агаарын цэргийн бааз, Хадита далан болон ойрхны тосгон сууринг эзлээд байгаа юм. Мөн лалын дайчид Сирийн хилээс Багдад хүртэлх зам харгуйг бараг хяналтдаа аваад байна. Тэгвэл Турк улс Иракийн курд дайчдыг өөрсдийн хилийг нэвтэрч, “Лалын улс” бүлгийн эсрэг байлдаж байгаа курдын отрядуудад туслахыг зөвшөөрчээ.
Кобани хот Сири, Туркийн хил дээр байрладаг. Анкара саяхныг хүртэл курд дайчдад тусламж үзүүлэх өрнөдийн уриа дуудлагад хойрго хандаж, хил хязгаар, газар нутагт нь заналхийлж байгаа лалын дайчдад газраар цохилт өгөхөөс татгалзаж байв.
Курд үндэстэнд угаас таагүй ханддаг Туркийн эрх баригчид Курдын Ажилчдын намыг хууль бус хэмээн үздэг. Гэсэн хэдий ч хөрш Сирид байдал хурцдахын хэрээр Анкара дотоодын зөрчилдөөнөө хойш тавихаас өөр аргагүй болсон хэмээн ажиглагчид хэлж байна. Үүнээс гадна Турк улс курд дайчдыг дэмжихийг уриалж байгаа АНУ-ын дарамт шахалтад орж буй нь ойлгомжтой.
Тулааны талбараас хавьгүй хол оршдог Тунис улс энэ мөргөлдөөнд идэвхтэй татагдан оржээ. “Арабын хавар”-аас нааштай үр дүн хүртэж, ардчилсан дэглэм тогтоож чадсан цорын ганц улс болох Тунис нь “Лалын улс” бүлэгт цэрэг, дайчид нийлүүлэгч томоохон улс болоод байна. Тунист улс төр, шашны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тул тэндээс можахедуудыг элсүүлэхэд түвэггүй бололтой. Хэдийгээр тунисчууд “Лалын улс” бүлгийг ил тодоор дэмждэггүй ч 30-аас доош насны ямар ч эр Сири, Иракт очиж, лалуудын талд тулалдаж байсан хүмүүсийг сайн таньдаг аж.
“Лалын улс”-ын нөлөөнд автсан дэлхийн улс орнуудын өсвөр залуус тийшээ сэтгэл нь татагдан явсаар байгаа юм. Гурав хоногийн өмнө Франкфуртын нисэх буудал дээр 15, 16, 17 насны гурван америк охиныг саатуулжээ. Холбооны мөрдөх товчооны үзэж буйгаар, тэд Сирид очиж лалын босогчдын эгнээнд нэгдэх гэж байсан аж. Австрийн иргэншилтэй хоёр охин Сирийн Ракка (“Лалын улс” бүлгийн мэдэлд байдаг) хотод очиж, лалын босогчидтой нийлж, жирэмсэн болсон нь дэлхий даяар шуугиан дэгдээж байгаа билээ.

Мөн хэд хоногийн өмнө Австралийн харъяат, 17 настай Абдулла Эльмир хөвгүүн Сидней дэх гэрээсээ зугтаж, Сири дахь лалын босогчид дээр очжээ. Тэрээр загасчлах нэрээр гэрээсээ гарч Тайланд, Малайз, Туркээр дамжин Сирид очсон байна. Шаргал үстэй Эльмир жихадын дайчдын дунд зэвсэг барин зогсч “Лалын улс”-ын хар туг Букинам, Цагаан ордон дээр залартал тэмцэл зогсохгүй хэмээн ярьж байгаа зураг, бичлэг интернэтээр таржээ. 


Зургийн тайлбар: Абдулла Эльмир

Tuesday, 21 October 2014




Yahoo 6.8 тэрбум долларын ашиг олжээ

Yahoo компани 2014 оны гуравдугаар улиралд 6.8 тэрбум долларын ашигтай ажиллажээ. 2013 оны энэ үед тус компани 297 сая долларын ашиг олж байсан юм. Yahoo-гийн гүйцэтгэх захирал Марисса Майер “Хүндрэл бэрхшээл байсан ч шинэ хөрөнгө оруулалтын ачаар нааштай үр дүнд хүрлээ” хэмээн онцлон тэмдэглэв. Интернэтийн аварга компани хувьцааныхаа 22.6 хувийг худалдаж Alibaba Group-ийн хувьцааг худалдаж авчээ. Эдүгээ Yahoo компани Alibaba-гийн 383 сая хувьцааг эзэмшиж байна.

Малала Юсуфзай Канадын хүндэт иргэн болно

Нобелийн энх тайвны шагналт, пакистан охин Малала Юсуфзай Канадын хүндэт иргэн болно хэмээн Ottawa Citizen сонин мэдээлэв. Канад улс Рпуль Валленберг, Нельсон Мандела, Далай лам, Аун Сан Су Чи зэрэг алдартнуудад хүндэт иргэншлээ олгож байжээ. Эмэгтэйчүүд, охидын сурах, боловсрох эрхийн төлөө зоригтой дуугарсан Малала охин дэлхийн хамгийн шилдэг жишээ болж байна хэмээн тус сонин онцолжээ. Хүүхдийн хүнд хүчир хөдөлмөрийн төлөө тэмцэгт, Энэтхэгийн иргэн Кайлаш Сатьяртийн хамтаар 2014 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн болсон Малала Юсуфзай шагнал гардуулах ёслол дээр Энэтхэг, Пакистаны лидерүүдийг урьсан юм.

В.Януковичийг эчнээ яллахыг зөвшөөрчээ

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өмнөх Ерөнхийлөгч Виктор Януковичийг шүүхээр шийтгэхийг зөвшөөрсөн хуулийг баталжээ. Тэрээр энэ тухай Twitter хуудсаараа мэдээлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шүүн тунгаах эрүүгийн хуулийг Украины парламент батлаад байсан юм.
Виктор Янукович Засгийн газрын эсрэг бослого хөдөлгөөний үр дүнд эрх мэдлээсээ зайлуулагдсан билээ. Үүний дараа Янукович ОХУ руу зугтан гарчээ. Украинд эрх мэдэл солигдсоны дараа түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Экс Ерөнхийлөгчийг жагсагчдын амь насыг хөнөөхөд оролцсон болон авлигын хэргээр буруутгаж байна.

Вашингтон, Сингапур жуулчдыг дуудаж байна

Lonely Planet фирмээс гаргасан судалгаагаар, 2015 онд жуулчдын сэтгэлийг хамгийн их татаж байгаа газраар Вашингтон хот болон Сингапур улс нэрлэгджээ. АНУ-ын нийслэл нь үнэгүй музей, хөшөө дурсгал болон Америкийн ардчиллын зүрх, улс орны бүх нутгийн онцлогийг тусгасан хосгүй соёлтой гэдгээрээ дэлхийн хотуудаас нэгдүгээр байрт жагсчээ. Эхний гуравт Эль-Чальтен (Аргентин), Милан (Итали) орлоо. Араас нь Церматт (Швейцари), Валлетта (Мальт), Пловдив (Болгар), Салисбери (Их Британи), Вена (Австри), Ченнаи (Энэтхэг), Торонто (Канад) жагсчээ.
Топ 10 орныг хосгүй гүнцэг, соёл, байшин барилгаараа жуулчдыг соронз мэт татдаг Сингапур тэргүүлэв. Сингапур 2015 онд тусгаар тогтнолын 50 жилийн ойн баяраа тэмдэглэх юм. Намиб, Литва, Никарагуа, Ирланд, Конго, Серб, Филиппин, Сент-Люси, Марокко улс 2015 оны аялал жуулчлалын гол чиглэлд нэрлэгджээ.

АНУ-ын цэргийн тусламж лалын босогчдын гарт оржээ

АНУ “Лалын улс” террорист бүлгийн эсрэг тэмцэж буй курд дайчдад агаараас зэр зэвсэг шидэж тусласан билээ. Нийт 28 удаа агаараас тусламж шидсэний нэг нь лалын дайчдын гарт оржээ. Тодруулбал, буудлагын зэвсэглэл болон бусад зэр зэвсэгтэй ачааг босогчид олзолсон байна. Тусламжийн зэр зэвсэг яагаад лалуудын гарт орсныг америкууд судалж байна. Пентагоны эх сурвалж мэдээлж буйгаар, агаараас шидсэн зэр зэвсэг “Лалын улс” бүлгийн мэдэлд орсны дараа уг ачааг агаараас бөмбөгдөн устгажээ. 


2013 онд Хятадад 2400 хүнийг цаазалжээ

Бодит тоо, баримт төрийн нууц байдаг ч өнгөрсөн онд Хятадад 2400 орчим хоригдлыг цаазалсан хэмээн АНУ-д төвлөрдөг хүний эрхийг хамгаалагч Дуй Хуа байгууллага үзэж байна. Дундад улсын шүүх, цаазын тоо баримтад нэвтрэх эрхтэй нэгэн түшмэл Хятадын “Өмнөдийн долоо хоногийн тойм” сэтгүүлд өгсөн мэдээллээс иш татан ийнхүү мэдээлжээ. Энэ тоо нь дэлхий даяарх цаазын гүйцэтгэлээс  (778) даруй гурав дахин их байгаа ч 2012 онтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт ажээ. 2002 онд гэхэд л Хятадад 12 мянган хоригдлыг цаазалж байв.
2007 оноос хойш оноосон бүх ялын дээд хэмжээг эргэн харах шийдвэр гарснаар Ардын дээд шүүх мужийн хэмжээнд оноосон цаазын ялын гуравны нэгийг хүчингүй болгосон юм. 2013 онд Ардын дээд шүүх мужийн шүүгч нарын оноосон цаазын ялын 39 хувийг баримт, нотолгоо хангалттай биш гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. Цаазын ялын талаарх семинарт оролцсон нэгэн шүүгч “Өмнөдийн долоо хоногийн тойм” сэтгүүлд энэ талаар дэлгэсэн байна. 1979 онтой харьцуулахад Хятад дахь цаазын гүйцэтгэл арав дахин буурсан тухай тэрээр мөн онцолжээ. “Хатуу цохилт” хэмээх кампанит ажил эхэлсэн эхний жилд 24 мянган хоригдлыг цаазалж байсан гэдэг. Хятадад нээлттэй бодлого хэрэгжиж, гэмт хэргийг бууруулах зорилгоор мужийн шүүх, хууль цаазад илүү эрх мэдэл олгосноор цаазаар авах ял эрс нэмэгдэж байсан юм. Үүний улмаас 1980-аад оны эхэн үеийн цаазын гүйцэтгэл 1950-аад оны хувьсгалын эсэргүү нарын “цэвэрлэгээ”-ний дараа орохоор аймшигтай их байсан аж.
Хятад дахь ялын дээд хэмжээний гүйцэтгэл ийнхүү буурч ирсэн ч энэ онд тийм их бууралт ажиглагдахгүй хэмээн Дуй Хуа сан үзэж байна. Удирдагч Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажил болон Шинжаан-Уйгурт гарах болсон бослого, хөдөлгөөний дараа нухчин дарах ажиллагаа явуулж буйгаас ингэж дүгнэхэд хүргэж байгаа бололтой. Шинжаанд сүүлийн хэдэн сард үймээн самууны улмаас 300 орчим хүн амиа алдаад байгаа билээ. Бээжингийн дэглэм хүчирхийллийн давалгааг зогсоохыг тулд хэдэн зуун хүнийг баривчилж, өнгөрсөн долдугаар сарын халдлагад оролцсон арав гаруй хүнд цаазын ял оноосон юм. Хятад орон хөгжиж, шүүх, хуулийн системээ шинэчилж, цаазын ялын гүйцэтгэл буурч байгаагийн хажуугаар шударга бусаар шүүн таслах явдал нэмэгдэж буйг онцлон тэмдэглэж байна. Гэм зэмгүй хүмүүс гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдаж, цагдаагийн тамлалт, эрүүдэн шүүлтийн улмаас хилс хэрэг хүлээх нь олонтаа ажээ. Зодож, тамладаг нөхрөө тэсэхээ байгаад хөнөөсөн Ли Ян хэмээх эмэгтэйд цаазаар авах ял оноосныг Ардын дээд шүүх хүчингүй болгосон нь ихээхэн шуугиан дэгдээсэн ч эмэгтэйг дэмжсэн үзэл бодол давамгайлж байсан юм.

Хятадад хүн амины, хулгайн хэрэгт цаазаар авах ял оноох нь элбэг. Мөн хар тамхины наймаа, авлигын хэрэгт ялын дээд хэмжээ оноох нь бий. 2011 онд ялын дээд хэмжээнээс 13 хэргийг чөлөөлсөн ч цаазын ялаар шийтгэх заалттай 55 хэрэг байсаар байгаа ажээ.