Monday, 6 October 2014



Ю.Тимошенко: Бид Оросоос гуйгаад байх юм байхгүй

“Украин улс хөл дээрээ босч, хөнгөлөлттэй үнэ гуйх биш, бусад улс орон шиг эрчим хүчний мөнгөө төлж байх ёстой” хэмээн “Батькивщина” намын лидер Юлия Тимошенко хэллээ. Эдүгээ Дээд Радын депутатад өрсөлдөж байгаа экс Ерөнхий сайд “Бид Европын улс. Оросоос гуйж гувшаад байх юм байхгүй. Жинхэнэ тусгаар тогтнолд хүрэх цорын ганц зөв, эрхэм зам нь энэ гэж бодож байна” хэмээн онцоллоо.
Есдүгээр сарын 26-нд болсон хэлэлцээний явцад Украин улс хийн өр төлбөрөө барагдуулахыг зөвшөөрч, урьдчилсан төлбөр дээр хөнгөлөлт эдлэх болсон билээ. Киев аравдугаар сарын сүүлч гэхэд “Газпром”-д хоёр тэрбум доллар төлөх ёстой юм.

Ирак, Сири дахь цэргийн ажиллагаанд 1.1 тэрбум  доллар зарцуулжээ

АНУ-ын Батлан хамгаалах яам зургадугаар сараас хойш Сири, Ирак дахь “Лалын улс” бүлгийн эсрэг цэргийн ажиллагаанд 1.1 тэрбум доллар зарцуулаад байна. Үүний 62 саяыг агаарын довтолгоонд зарцуулжээ. Лалын дайчдын эсрэг агаарын дайралтын хүрээнд 1768 довтолгоо хийсний 195-ыг нь буюу 10 хувийг нь Араб, Европын орнуудын нисэх онгоцууд хийжээ. “Лалын улс” террорист бүлгийн эсрэг ажиллагаанд АНУ өдөрт дунджаар 7.5 сая доллар зарцуулж байна.

Аянга 11 хүний аминд хүрчээ

Колумбийн хойд нутагт Вива омгийн шашны лидерүүд уулзаж, мөргөл хийх үеэр аянга бууж 11 хүний аминд хүрлээ хэмээн France-Presse агентлаг мэдээлэв. Омгийн ахлагч нарын уулзалт Магдалена мужийн Сьерра-Невада ууланд болжээ. “Хүмүүс бөөгнөрсөн газарт аянга буусан. 11 хүн нас барсан. 15 хүн хүнд, хөнгөн түлэгдэж эмнэлэгт хүргэгдлээ” хэмээн Магдалена мужийн төлөөлөгч ярилаа. Омгийн ахлагч нар сөрөг энергийн няцаах зан үйл хийж байхад аянга буусан байна.

Хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцжээ

Хойд Солонгосын цэргийн хөлөг онгоц Шар тэнгис дахь хилийн бүсийг нэвтэрсний дараа Өмнөд Солонгосын эргийн харуулын хурдан завьтай буудалцлаа хэмээн Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдэв. Буудалцаан өчигдөр орон нутгийн цагаар 9:50-д болжээ. “Хойд Солонгосын хөлөг онгоцыг ухраахын тулд манай цэргийнхэн зохих мэдэгдлийг хүргүүлж, анхааруулах гал нээсэн” хэмээн өмнөдүүдийн мэдэгдэлд онцлов.
Гэвч Хойд Солонгосын хөлөг ухрахын оронд хариу гал нээжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын эргийн харуул дахин гал нээсний эцэст Хойд Солонгосын хөлөг онгоц ухарчээ. Энэ хэрэг явдлын улмаас хүн гэмтэж, бэртсэн мэдээлэл байхгүй байна.

No comments:

Post a Comment