Sunday, 19 October 2014




Залгисан хар тамхи нь задарч амиа алджээ

ТАМ авиакомпанийн нислэгээр Лима хотоос Сао-Паулу хот руу зорчиж явсан Испанийн иргэний залгисан кокаинтай үрэлнүүдийн зарим нь ходоодонд нь задарснаар амиа алдлаа хэмээн Бразилийн Globo телевиз мэдээлэв. 45 настай испани эр кокаинтай 34 үрэл залгисан байсан бөгөөд бие нь гэнэт муудаж, нисэх онгоц Кампо Гранде хотод яаралтай буулт хийжээ. Испанийн иргэнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байна. Түүний залгисан кокаинтай 34 үрэлний (хагас кг) зарим нь задарснаар дотоод эрхтнүүд нь хордож амиа алдсан болохыг тогтоожээ.

Хунтайж Чарльзийн тогоочийг байнга хянадаг

Британийн тусгай албаныхан хунтайж Чарльзийн хувийн тогоочийг байнга хянаж, шалгадаг тухай хунтайжийн хувийн тогоочоор ажиллаж байсан Атул Кочхар The Mirror сонинд ярьжээ. “Хунтайж Чарльз хэзээ ч хоолны талаар гомдол тавьж байгаагүй. Тэр их найрсаг, бэлтгэсэн хоолыг бүгдийг идэж, бүгдэд талархдаг байсан. Түүнтэй анх танилцахад тэр их сайн хандаж, намайг магтаж байсан” хэмээн тогооч Кочхар ярилаа. Британийн хаан ширээг залгамжлагчийн хоолыг бэлтгэж байхад тусгай албаны ажилтнууд байнга хяналт тавьдаг аж. “Энэ нь хааны хоолыг өгөхийн өмнө хамгаалагчид хоолыг амталж хортой эсэхийг нь шалгадаг байсан Дундад зууны үеийн уламжлалыг санагдуулдаг байсан” хэмээн Кочхар сонирхуулжээ.

Японы Эдийн засгийн сайд огцров

Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд, хатагтай Юко Обучи санхүүгийн шуугианы улмаас огцорчээ. Тэрээр Ерөнхий сайд Шинзо Абэтэй 30 минутын уулзалт хийх үеэрээ огцрох өргөдлөө өгчээ. Сайд нарын кабинетийн тэргүүн түүний хүсэлтийг ёсоор болгосон байна.
Ю.Обучи улс төрийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг өөрийн гоо сайхан болон улстөртэй холбоогүй бусад зүйлд зарцуулсан нь ил болсон юм. Түүнийг Японы Ерөнхий сайдын суудлыг эзлэх гол өрсөлдөгчийн нэг хэмээн үзэж байсан ажээ.

Эбола туссан испани сувилагч эдгэрчээ

Эбола вирусээр халдварлаад байсан сувилагч (Испанийн иргэн) Тереса Ромеро эдгэрсэн тухай мэдээлж байна. Тэрээр эл өвчний хамгийн эгзэгтэй үе буюу хоёр долоо хоногийг давж өнгөрсний дараа бие нь сайжирч, хоол унданд сайн болж байгаа аж. Уржигдар түүнээс шинжилгээ авахад Эболагийн халдваргүй болсон нь тогтоогдсон юм.
44 настай сувилагч Тереса Эбола туссан испани номлогчийг эмчилж байгаад энэ өвчнөөр халдварласан ажээ. Тэрээр Европт Эболагаар халдварласан анхны хүн болсон ч ийнхүү эдгэрлээ. Тереса Ромерогийн нөхрийг тусгаарлаж шалгасан ч өвчний халдвар илрээгүй. Харин сувилагчийн нохойг устгажээ.

Шоронгийн бүх хоригдол зугтжээ


Ардчилсан бүгд найрамдах Конго улсын Бутембо хот дахь шорон зэвсэгт халдлагад өртөж, үүний дараа тус шоронгийн бүх хоригдол (370 орчим) зугтаж алга болжээ. Хөрш Уганда улсын “Ардчилсан хүчний нэгдэл” босогчдын бүлэг дээрх довтолгоог хийсэн хэмээн үзэж байна. Тус бүлэг 20 жилийн турш Бутембо хотод халдлага үйлдэж байгаа юм. Ердийн дээрэмчдийн бүлэглэл ч шоронд халдсан байж болзошгүй байна. Сүүлийн арваад хоногт Конгод 80 орчим хүн амиа алджээ. “Ардчилсан хүчний нэгдэл” бүлгийнхэн жижиг тосгон, суурин руу дайрч энгийн иргэдийн амь насанд хүрч байгаа аж.

No comments:

Post a Comment