Monday, 20 October 2014



Ким Ир Сен 100 наслахыг хүсч байжээ

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен 100 наслахыг хүсч байсан ч хүсэл мөрөөдөлдөө хүрч чадаагүй ажээ. Өнөөгийн лидер Ким Чен Уны өвөө дэлхийн хамгийн хаалттай улс дахь дундаж наслалтыг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд өөрийн эмч нарын багт тусгай эмчилгээ, арга зам эрж олох даалгавар өгч байжээ. Түүний хувийн эмчээр ажиллаж байсан хатагтай Ким Со Ён энэ тухай CNN-д ярьсан байна. Ким Со Ён 1992 онд Өмнөд Солонгос руу гарахаасаа өмнө удирдагчийн даалгасан судалгаа шинжилгээний ажлыг ахалж байжээ. Эмчийн батлан хэлж буйгаар, дээд удирдагчийн хүсэлтээр бүтээн босгосон Хойд Солонгос дахь “Урт наслалтын төв”-д дээрх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж байсан аж. Гэвч урт наслуулах эмчилгээ үр дүнгүй болж, Ким Ир Сен 82 насандаа өөд болсон байна. Тэр үед Хойд Солонгос дахь дундаж наслалт 64 байсан билээ.
“Бид судалгаа, эрэл хайгуулыг эрчимтэй хийсэн. Бидний санал болгосон эмчилгээний жагсаалтаас Ким Ир Сен харж байгаад өөрөө сонголтоо хийсэн. Зөвхөн түүний сонгосон арга, эмчилгээг хийж байсан” хэмээн Ким Америкийн телевизэд хуучилжээ. Эдгээр эмчилгээний нэг нь 20-оод насны залуусаас авсан цусаар сэлбэх эмчилгээ байв. Удирдагч, улс орны эцэг Ким Ир Сений хүслийг биелүүлэхийн тулд цусаа хандивлаж байсан залууст тусгай, нэмэлт хоол тэжээл өгч урамшуулдаг байжээ.
Ким Ир Сен хамгийн дээд боломжоор урт наслахыг хүсч байсан тухай Ким Со Ён өгүүлэв. “Тэр аль болох удаан хугацаагаар төр барихыг хичээсэн. Тэр өөрийн гараар бүхнийг хийж, өөртөө сэтгэл хангалуун байхын тулд урт, удаан амьдралыг хүссэн гэж бодож байна” хэмээн тэрээр ярилаа. “Урт наслалтын төв”-ийн эрдэмтэн, судлаачид аз жаргалтай, сэтгэл хангалуун байх нь удирдагчийн насыг уртасгах бас нэг түлхүүр гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Тиймээс Ким Ир Сенд “Инээж, инээмсэглэх хэрэгтэй” гэсэн тун онцгой нэгэн жорыг бичиж өгч байсан тухай коммунист дэглэмийн эмч асан ярьж байна. Улс орны эцэг инээдээ хүргэхийн тулд бяцхан жаалуудыг харж, хөгжилддөг байсан аж.

Олон нийтийн хараанаас нэг сарын турш алга болсны эцэст гарч ирсэн Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Уны талаар эмч Ким Со Ён хэдэн үг унагажээ. “Залуу лидерт ямар нэг өвчин удамшсан байж магадгүй юм. Илүүдэл жин болон бусад өвчин удамшсан байхыг үгүйсгэхгүй” хэмээн тэрээр онцлов. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нар чихрийн шижин, ядаргаа, мөн зүрхний өвчнөөр шаналж байсан аж. Пхеньяны залуу лидер эцэг, өвгөөсөө ч илүү ноцтой өвчнөөр зовж байж магадгүй хэмээн Ким Со Ён ярьжээ. 

No comments:

Post a Comment