Tuesday, 7 October 2014



Хан Дунфан: Дараагийн цохилтоо хийхийн тулд гараа татаж авах хэрэгтэй

Хан Дунфан 1989 онд Тяньанминий оюутны хөдөлгөөнд нэгдэж байхдаа 26 настай байжээ. Тэрээр Хятадын анхны чөлөөт үйлдвэрчний эвлэлийг байгуулсан юм. Оюутны хөдөлгөөнд оролцсон Дунфан 22 сар шоронд хоригдож, дараа нь Хонконг руу гарч тэнд China Labor Bulletin хэмээх Хятад дахь ажилчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагыг үүсгэжээ Хонконг дахь ардчиллын төлөөх жагсаалыг анхааралтай ажиглаж байгаа Хан Дунфан “El Pais”-т ярьж байна.

-Хонконгод болж буй үйл явдлыг олон хүн Тяньанминьтай зүйрлэж байна. Энэ хоёрт адил тал байна уу?

-Үгүй. Хятадын Коммунист намын хуучин дарга Ху Яобаны үхлийн дараа гуниглаж, эгдүүцсэн хүмүүс Тяньанминий хөдөлгөөнийг эхлүүлж байсан. Энэ уур хилэн авлига, Засгийн газрын хяналтад байдаг зах зээлийн эсрэг тэмцэл болон хувирч улмаар эрх чөлөө, ардчиллыг шаардаж эхэлсэн юм. Нэг тэмцлээс нөгөө тэмцэл рүү шилжсэн гэсэн үг. Хонконгт хүмүүс анхнаасаа л чөлөөт сонгууль, ардчиллыг шаардаж жагссан.

-Та Тяньанминий ахмад тэмцэгч, Хятад дахь үйлдвэрчний эвлэлийн идэвхтний туршлага дээрээ үндэслэж Хонконгийн оюутнуудад юу зөвлөхсөн бол?

-Суултаа зогсоо гэж зөвлөмөөр байна. Тэд тэмцлийн эхний шатанд хүлээж байснаасаа илүү зүйлд хүрсэн. Бээжин, болон Хонконгийн Засгийн газар тэднийг сонсохгүй байх боломжгүй. Одоо чөлөөтэй амьсгаа авч, яриа хэлэлцээн дээр төвлөрөх ёстой. Жагсагчид дахин буцаж ирэхийн тулд одоо гудамж талбайг орхих хэрэгтэй. Хүн цохихдоо нударгаа биенд нь наагаад байдаггүй, дараагийн цохилтоо хийхийн тулд гараа татаж авдаг. Эс бөгөөс дахин цохих хүчгүй болдог.

-Жагсагчид Засгийн газрын тэргүүн Люн Чун-Инг огцорч, улс төрийн шинэчлэл хийхийг шаардаж байгаа. Гэвч одоогоор зорьсондоо хүрч чадсангүй, зөвхөн яриа хэлэлцээ хийхээр болоод байна. Үүнийг ололт амжилт гэж үзэж болох уу?

-Люн яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн нь ололт амжилт юм. Тэр “Хонконгт захирч байгаа хүн нь би. Надад болзол тавихыг би зөвшөөрөхгүй” гэж хэлж болох байсан. Бид бол бурхан, миний урд зогсож байгаа нь чөтгөр гэсэн хандлага гаргах нь сайн зүйлд хүргэхгүй. 25 жилийн өмнө Тяньанминий талбай дээр зогсож байхдаа үүнийг мэддэггүй байлаа. Харин өнөөдөр үүнийг ойлгох хангалттай туршлага суусан гэж бодож байна. Аль аль тал нь бууж өгөх бодолгүй байдагт хамаг бэрхшээл байдаг байх.

-Хонконгийн Засгийн газар, оюутнуудын хоорондох хэлэлцээнээс Хятадад улс төрийн шинэчлэл хийх саналыг буцаан татаж болох уу?

-Үгүй, болохгүй гэж бодож байна. Энэ саналыг буцааж татах боломжгүй. Харин энэ саналын хүрээн дотор ажил өрнүүлж болох юм. Бээжингээс нэр дэвшигчдийг зарлана гэдэг дээр л хамгийн гол маргаан өрнөж байгаа. Гэхдээ Бээжингийн саналыг бүрэн няцаахгүйгээр гарц олж болно гэж бодож байна. Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэсэн Люн Чун-Инг огцрохыг шаардаж байгаа. Тэр одоо огцрохгүй ч хэдэн сарын дараа огцрох байх.

-Хонконг хэзээ ийм нөхцөл байдалтай учирч байгаагүй. Ямар нэг зүйл эрс өөрчлөгдөв үү?


-Тийм ээ. Залуу үеийнхний сэтгэхүй, ухамсарт хамгийн том өөрчлөлт гарчээ. Өөрчлөлтийн үр үндэс нь тэдний оюун санаа, зүрх сэтгэлд суучихаж. Үүнийг тэднээс хэн ч салгаж чадахгүй. 

No comments:

Post a Comment