“Лалын улс”-ын эсрэг хамтын тэмцэл Орос, Америкийг эвлэрүүлнэ
Санкт-Петербургийн Улс
төр судлалын факультетийн ректор, улс төр судлаач Анна Абалян Правда.ру-тай
сэтгэгдлээ хуваалцаж байна.
-Өрнөд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, ганцаардуулж
байгаа ч Москваг Ойрхи Дорнод дахь лалын дайчдын эсрэг дайнд оролцохыг урьсан. Оросын
оролцоогүйгээр “Лалын улс” бүлгийг устгаж чадахгүй гэж өрнөдийн улстөрчид хэлж
байна. Европын холбоо Вашингтоны ашиг сонирхлыг илэрхийлж ОХУ-ыг “Лалын улс”-ын
эсрэг дайнд татан оруулах гээд байна уу?
-Европын холбооны хувьд
Оростой хамтран ажиллах нэг сэжүүр гарч ирсэн нь энэ юм болов уу гэж бодож
байна. Террорист байгууллагыг ямар ч
иргэншсэн улс орон дэмжихгүй нь ойлгомжтой. Европын холбоо Оростой харилцаагаа
хэвийн болгохыг зорьж байна.
-Лалын дайчдын аюул санамсаргүй гарч ирээгүй байх. АНУ
Украинд байр сууриа алдсан нь үүнтэй холбоотой юу?
-“Лалын улс”
хүчирхэгжсэн нь Украин дахь нөхцөл байдалтай холбоотой гэдэгтэй санал
нийлэхгүй. Харин Ойрхи Дорнодын дотоодын нөхцөл байдал, АНУ-ын Ойрхи Дорнод
дахь бодлоготой холбоотой. Иракт 2003 оноос хойш нөхцөл байдал улам л
тогтворгүй болсоор байна. Америкийн цэргүүд тэнд очсоноор Иракийн шашин,
үндэстэн хоорондын дайсагнасан харилцааг засч, сайжруулж чадсангүй. Тиймээс л
Ирак террорист бүлгүүдийн бааз, үүр уурхай боллоо. Эдгээр бүлэг, байгууллага
томорсоор Ирак, Левантын Лалын улс хэмээх аймшигтай, хэт даврагч бүлэг гараад
ирлээ.
-Орос улс АНУ, Саудын Арабын холбоотон болж “Лалын улс”-ын
эсрэг тэмцэлд нэгдэх ёстой юу?
-Улс төрийн болон
стратегийн үүднээс харвал Орос улс энэ тэмцэлд нэгдэж орох ёстой. Терроризмийн
эсрэг тэмцэх нь иргэншсэн нийгмийн үүрэг. Хоёрдугаарт, ОХУ Персийн булангийн
орнууд, тэр тусмаа Саудын Араб, цаашлаад дэлхийн бүх улс оронтой харилцан
хамтын ажиллагаагаа сэргээх хэрэгтэй. АНУ-тай харилцаагаа сайжруулах ёстой.
Тийм ээ, бид Украинаас болж муудалцаад байгаа. Ингэлээ гээд оросууд өөрсдийгөө
бусдаас тусгаарлаж, ганцаардах хэрэггүй.
-Өрнөд Оросын тусламжгүйгээр “Лалын улс”-ыг дийлэхгүй гэж
үү? Яагаад?
-Террорист
байгууллагуудын эсрэг хийсэн тэмцэл болон Ойрхи Дорнодод цэргээ оруулж байсан АНУ-ын
туршлагыг харвал тэд ихэнхдээ зорьсондоо хүрээгүй. Эсвэл удаан хугацааны эцэст
зорьсондоо хүрдэг. Саудын Араб Америкийн гол холбоотон болж оролцдог ч
ганцаараа юу ч хийж чадахгүй байна. Тийм ээ, өрнөд Оросын оролцоогүйгээр “Лалын
улс”-ыг дийлэхгүй байх магадлалтай.
-Америк, Орос хоёр “Лалын улс”-ын эсрэг тэмцлийн араар
Сири, Украин гэсэн геополитикийн тоглолт хийгээд байна уу?
-Украин, “Лалын улс”
хоёр бол тус тусдаа асуудал. Сири дахь байдал мэдээж “Лалын улс”-тай холбоотой.
Мэдээж “Лалын улс”-ын фон дээр бүгд геополитикийн байр сууриа бэхжүүлэхийг хүсч
байгаа. Хөрш Иракт байдал тогтвортой байх нь Сирид хэрэгтэй. АНУ ч стратегийн
чухал газар нутаг дээрээ ил, тод дайсантай байхыг хүсэхгүй.

No comments:
Post a Comment