Saturday, 4 October 2014




Тэтгэврийн хөгшин 14 сая доллар хожжээ

Канадад тэтгэврийн хөгшин Леон Хиртл Lotto 6/49 сугалаанаас 13.8 сая доллар хожжээ. Шинэ Шотланд мужийн Белл арлын 78 настай оршин суугч азын тасалбараа эмийн сангаас худалдаж авчээ. 60 жилийн турш загас шүүрдэж амьдарсан Хиртл хоёр жилийн өмнө загасчлах зөвшөөрлийнх нь хугацаа дуусахад тэтгэвэртээ гарчээ. Lotto 6/49 нь Канад даяар явагддаг сугалаа юм. Леон Хиртл хожсон мөнгөөрөө юу хийхээ шийдэж амжаагүй байна. Тэрээр 74 настай дүүтэйгээ хамт амьдардаг ажээ.

“Фанфон” шуурга Кюшю арлыг дайрав

Японы Кюшю арал, Амами ольтриг “Фанфон” хар шуурганд өртөж 22 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй боллоо хэмээн эрчим хүчний “Кэсэ электрик” компани мэдээлэв. Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, бас нэг хүн сураггүй болжээ. Одоогоор Японы долоон мужид хар шуурганы сэрэмжлүүлгэ зарлаад байна. Хар шуурга дэгдсэн газарт нислэг хойшилж, галт тэрэг ихээхэн хоцорч явж байна. “Фанфон” шуурганы улмаас “Формула-1” авто уралдаан тасалдах шахжээ.

Ким Чен Ун эрүүл саруул гэв

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эрүүл мэндэд ямар нэг асуудал гараагүй хэмээн Пхеньяны эрх баригчид мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг дамжуулав. Нэгдлийн сайд Рю Гиль Че Инчонд Хойд Солонгосын Заөсгийн газрын төлөөлөгчидтэй уулзсаны дараа ийнхүү мэдэгдсэн байна. “Би Хойд Солонгосын лидерийн эрүүл мэнд ямар байгааг асуусан. “Манай лидер эрүүл саруул байгаа” гэж тэд хариулсан” хэмээн сайд хэлжээ. Хойд Солонгосын лидер Ким Чен Уны бие муудаж, мэс засал орсон гэх мэдээ тархсан билээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дахь Пхеньяны төлөөлөгч Со Се Пен энэ мэдээллийг няцааж мэдэгдэл хийсэн юм.

Талибууд “Лалын улс” бүлэгт туслахаа амлав

Пакистан дахь “Талибан” хөдөлгөөнийхэн Сири, Ирак дахь “Лалын улс” бүлэгт туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн тэд бүх дэлхийн Лалын халифат улс байгуулах үйлст туслахаа амласан байна. Талибууд лал шашны Курбан-байрам баярыг угтаж “Лалын улс” бүлгийн дайчдад мэндчилгээ илгээж, АНУ тэргүүтэй олон улсын эвслийн дайснуудын эсрэг хийж буй тэмцлээр нь бахархаж буйгаа онцолсон аж. Саяхан “Лалын улс” бүлгийн хэд хэдэн гишүүн Пакистаны Пешавар хотод суртал ухуулга хийж байгаа нь харагдсан юм. “Лалын улс” бүлгийг агаараас бөмбөгдөх ажиллагаанд Америк, Франц, Бельги, Голланд, Дани, Их Британи улс оролцож байна. Тэгвэл өчигдрөөс энэ ажиллагаанд Турк, Австрали улс нэгджээ.

No comments:

Post a Comment