Хонконг руу тэмүүлсэн хятад хүүхдүүд
Оройны таван цагийн үед Хонконг болон Хятадын Шэнжэнь
хотын хоорондох Луоху хилийн боомт нь сургуулийн үүд, хаалга мэт л шуугиантай болдог.
Дүүрэн номтой цүнхээ чирж, хүүхдийн дуу дуулж, ижилхэн хувцасласан хэдэн мянган
хүүхэд хил, гааль дээр урт дараалал үүсгэн зогсоно. Британийн хуучин колониос
элдэв зүйл худалдан авч үүрч, дүүрсэн хятад жуулчид эх газар руу буцаж орохын
өмнө тэдгээр хүүхдүүдийг гайхан, сониучирхан харна. Тэдгээр нь хятад гэр
бүлүүдийн Хонконгт төрсөн хүүхдүүд ажээ. Хонконгт төрсөн хүүхэд эх газраас
хавьгүй илүү чанартай сургууль, эмнэлгээр нь үйлчлүүлэх эрхтэй болдог.
Хүүхдүүдийг хил гаргахдаа “Хил хоорондын сурагчид” гэсэн хаяган доорх тусгай
гарцаар гаргадаг ажээ.
2001 онд тусгай зөвшөөрлөөр Хонконгт орших суух эрх олгох
болсноос хойш эцэг эх нь Хятадад амьдардаг 200 мянга гаруй хүүхэд Хонконгт
мэндэлжээ. Хэдийгээр эцэг эхийнх нь аль нь ч хонконг биш ч хүүхдүүд нь
автоматаар Хонконгийн паспорттай болж, эх Хятадаас хавьгүй илүү эрх чөлөө,
амьдралын чанарыг нь хүртэх эрхтэй болдог байна. 2006-2011 онд Хонконгт
мэндэлсэн 95 мянган хүүхдийн гуравны нэгийнх нь эцэг эх Хятадаас ирсэн хүмүүс
байжээ. Хүүхдүүддээ сайн боловсрол олгож, гадаадад илүү хялбар аялахад хэрэгтэй
паспорттай болгохын тулд, мөн Хятадад хүчинтэй байсаар буй “Нэг хүүхэд”
бодлогоос зугтсан олон хятад гэр бүл Хонконгт ирсээр байна.
“2007 онд бид хүүхдээ аваад Шэнжэньд эмнэлэгт очиход
торгууль төлж үзүүлэх хэрэгтэй болсон. Учир нь тэр манай хоёр дахь хүүхэд
байсан. Улмаар сурч боловсрох асуудал нь ч эргэлзээтэй болж ирсэн” хэмээн нэгэн
хятад эх өгүүлэв. Долоон нас хүрээд буй охин нь багаасаа л Хонконгт цэцэрлэгт
явж, өдөр бүр хил нэвтрэх хэрэгтэй болдог байжээ. Шэнжэнь дэх гэрээсээ Хонконг
дахь сургуульдаа очиход 50 минут зарцуулна. Ангийн хүүхдүүдийн тал нь эх
Хятадынх бөгөөд мандарин хятад хэл дээр ордог хичээлүүд байдаг аж. Шэнжэньд
кантон хятад хэлээр ярьдаг билээ. Тэр охин шиг долоон настай 16 мянган эх
газрын хүүхэд Хонконгт сурч байгаа юм.
“Хонконгт сургалт маш сайн. Учир нь хичээл болон бусад
арга хэмжээ ихтэй, багш нар нь сайн, хариуцлагатай” хэмээн охины ээж ярилаа.
Мөн Хонконгийн улсын сургууль үнэгүй, зөвхөн ном, хоол, тээврийн зардлаа төлдөг
тул хавьгүй хямд тусдаг ажээ. Нийтдээ жилд 14 мянган хонконг доллар буюу 1424
еврог охиныхоо боловсролд зарцуулдаг байна. Мэдээж эх газрын хүүхдүүдэд дургүй
хүмүүс бий. Долоон сая хүн амтай энэхүү жижигхэн тусгай бүс нутгийн иргэд хүн
ам зүйн энэхүү гажиг хандлагыг эсэргүүцэн нэг бус удаа жагсаж байв. 2012 оны
хоёрдугаар сард хүүхдээ тэргэн дээр түрсэн мянга орчим эмэгтэй гудамжинд гарч,
эх Хятадаас ирж буй хүмүүсийн урсгалыг эсэргүүцсэн юм.
Бүс нутгийн эрх баригчид “Цагаач төрөлт”-ийг багасгахын
тулд хөл хүнд хятад эмэгтэйчүүдэд Хонконгийн эмнэлэгт төрөх зөвшөөрөл өгөхөө
зогсоож, хил гаалийн хяналтаа чангатгажээ. 2012 онд дөрвөн мянга гаруй жирэмсэн
бүсгүйг хил дээрээс буцаасан ч олон эмэгтэй гэдсээ нуун орж ирж чадсан байна. Нэгэнт
орж ирээд Хонконгийн эмнэлэгт амаржсан бол ямар ч арга байдаггүй ажээ. 2011-2013
онд оршин суух хугацаагаа хэтрүүлэн амаржихаар завдаж байсан 474 хятад эмэгтэйг
эх газар руу албадан гаргажээ. Тэдний зарим нь орон нутгийн мафитай хуйвалдан
ус нь гарах хүртлээ жижиг зочид буудалд нуугддаг болжээ. 2012 онд ийм хэргээр
12 хүнийг хорих ялаар шийтгэсэн байна. 2013 онд Хонконгийн цагдаа хэвлий дэх
хүүхдээ Хонконгийн иргэн болгох итгэл найдвар тээж явсан 1300 орчим жирэмсэн
хятад бүсгүйг айлын хажуу өрөө, жижиг зочид буудлаас илрүүлж эх газар руу
буцаан явуулжээ.

No comments:
Post a Comment