Хималайд 16 уулчин амиа алдлаа
Балбын уулсаар авиралтынхаа дараа бааздаа буцаж ирээгүй уулчид болон нутгийн
газарчдыг эрж хайх ажил үргэлжилсээр байна. Хэд хоногийн өмнө Энэтхэгийн зүүн
эргийг дайрсан хар шуурга явсаар Хималайн уулст хүрч хүчтэй цасан шуурга
дэгдээсэн нь ийнхүү олон хүний аминд хүрчээ. Хүчтэй цасан шуурганы улмаас
Балбын нийслэл Катманду хотоос 20 км-ийн зайд өндөр уулсаар аялж явсан жуулчид
цасанд боогдон төөрч, цасанд дарагджээ. 40 орчим хүн аврагдсан нь тогтоогдоод
байна. Тэднийг уулын алхалтаа хийж эхлэхээс өмнө цасан шуурга дэгдсэн тул уул
руу гараагүй аж. Сураггүй алга болсон буюу нас барсан гэж үзэж буй хүний тоо
16-д хүрээд байгаа юм. Амиа алдсан хүний тоо нэмэгдэнэ, учир нь олон уулчин
зөвшөөрөлгүйгээр уул руу гарсан тул тодорхой тоо байхгүй байна хэмээн орон
нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Шуурга дэгдэх үеэр долоон мянган метрийн өндөрт байрлаж байсан уулчдын бааз
шуурганд сүйрсэн тул аврах ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч байна. Үүний зэрэгцээ,
цаг агаарын таагүй байдлын улмаас бараг юу ч харагдахгүй байгаа аж.
Цасан нуранги, шуурганд өртсөн бүлэг уулчид нь хэдэн хүнтэй байсан, ямар
ямар орны иргэд байсныг орон нутгийн эрх баригчид тогтоохоор ажиллаж байна.
Одоогоор сураггүй болсон уулчдын дотор Франц, Германы иргэд байсан нь
тогтоогджээ. Мөн уулчдыг дагалдаж, тусалж явсан хүмүүсийн дунд хоёр польш, нэг
израиль, нэг балба иргэн байсан аж.
Балбад жил бүр уулын алхалт, аяллын хэдэн зуун сонирхогч ирж, дэлхийн 14
өндөр оргилын наймд нь, тэр дотроо ноён оргил Эверестэд авирдаг. Ес, аравдугаар
сард оргил руу авирахад цаг агаарын байдал илүү таатай байдаг тул энэ үеэр
хамгийн олон мэргэжлийн уулчин, сонирхогч ирдэг ажээ. Хималайн ууланд хүмүүс
олноороо нэг дор амь үрэгдэх тохиолдол нэг бус удаа гарч байв. Хамгийн сүүлд
1995 онд Эверестэд хүчтэй цасан шуурганы улмаас нэг дор 42 хүн (17 нь гадаад)
амиа алдаж байжээ.

No comments:
Post a Comment