Алга болсон тоть испани хэл сурчихаад буцаж ирэв
Британи эр Даррен Чик англи хэлээр ямар ч өө сэвгүй
ярьдаг тотиороо үргэлж бахархдаг байв. Тоть нь ВВС-ийн хөтлөгчдийг маш сайн
дуурайж, англи үгийг тун цэвэрхэн хэлдэг байжээ. Калифорнид амьдардаг тэд
өдрийн турш олон цаг хамтдаа байдаг тул мань тоть эзнээ дууриаж, Шекспирийн
хэлийг “зүлгэж” сайжруулан суудаг байжээ. Даррений хайртай тоть дөрвөн жилийн
өмнө нисч одон алга болсноос хойш сураг сонсогдсонгүй. Гэтэл өнгөрсөн долоо
хоногт сайхъ тоть эргэн ирж эзнээ баярлуулав. Англи хэлэнд “нэвтрээд” байсан
тоть нь ямар ч англи хэлгүй болж, харин испани хэлээр тун цэвэрхэн ярьж
сурчихаад ирсэн байлаа. “Soy de Panama. Que ha pasado?” (Би Панамаас ирсэн. Юу болоод байна аа?) хэмээн дахин давтан
ярьж байв. Мөн “Сайн уу, сайн уу. Чи хаашаа алга болчихов” гэж испаниар ярьж
сурсан байжээ.
Хонконгод 45 хүнийг баривчилжээ
Хонконгийн төвд өчигдөр цагдаа нар, жагсагчдын хооронд
дахин мөргөлдөөн болж 45 хүн баривчлагдсан байна. Цагдаа нар Лунг Во гудамжны
хонгилд байрлуулсан хаалт саадыг зайлуулах гэж оролдоход иргэд эсэргүүцэж эмх
замбараагүй байдал үүсчээ. Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөн есдүгээр сарын
26-нд эхэлсэн юм. Тэр үед оюутан голдуу 80 мянган иргэн гудамжинд гарч, орон
нутгийн эрх баригчдыг Бээжингийн заавраар бус, бие даан сонгох эрхийг шаардан
жагсчээ. Хятадын эрх баригчид буулт хийж 2017 онд ийм боломж олгоно хэмээн
амласан байна. Гэхдээ Хонконгийн захирагчийн сонгуульд нэр дэвшсэн хүнийг
Бээжингийн Засгийн газраас сайшаан батлах ёстой гэсэн болзол тавьжээ. Хонконгод
үүнийг үл хүлээн зөвшөөрч, сонгуулийг бүрэн ардчилсан зарчмаар явуулахыг
шаардаж байна.
М.Цукерберг Эболагийн эсрэг тэмцэлд 25 саяыг хандивлав
Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг гэргий
Присциллагийн хамтаар Эбола тахлын эсрэг тэмцэлд 25 сая доллар хандивлалаа. “Эбола
тахал ихээхэн ширүүн, аюултай үе дээрээ ирээд байна. 8400 хүнд халдварласан энэ
өвчний эсрэг яаралтай, дорвитой арга хэмжээ авахгүй бол улам хурдацтай тархаж,
олон сая хүнд заналхийлж магадгүй байна” хэмээн Цукерберг нийгмийн сүлжээн дэх
өөрийн хуудсандаа бичжээ. Тэрээр хандив, тусламж нь үр дүн авчирна хэмээн
найдаж буйгаа илэрхийлэв.
2014 оны хоёрдугаар сард Гвиней улсаас эхэлсэн Эбола
тахал Сьерра-Леон, Либери, Нигери, Ардчилсан бүгд найрамдах Конго, Сенегал
улсад тархжээ. Мөн Америк, Европт илрээд байгаа аж. ДЭМБ-аас мэдэгдэж буйгаар,
8500 хүн энэ өвчний вирусээр халдварлаж, дөрвөн мянга гаруй хүн амиа алдаад
байна.
Б.Обама дөрвөн улсын тэргүүнтэй онлайнаар уулзав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Их Британи, Франц, Итали,
Германы лидерүүдтэй видео хурал хийжээ. Таван орны тэргүүн Эбола вирусын
тархалт, Ирак, Сири дахь хэт даврагч “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцлийн талаар
ярилцлаа. Мөн Украинд гал зогсоох Минскийн тохиролцоог хэрэгжүүлэхэд Оросын
үүрэг хариуцлагын талаар хэлэлцсэн байна.
Роналдо 100 сая найзтай болов
Португалын шигшээ болон “Реал Мадрид” клубын довтлогч
Криштиано Роналдо Facebook сүлжээнд 100 сая хүний дэмжлэгийг авсан анхны
тамирчин боллоо. “Нүүрномдоо 100 сая найзтай боллоо, бүгдэд баярлалаа. Ийм
тоонд хүрсэндээ их баяртай, бахархалтай байна” хэмээн Роналдо видео
мэндчилгээндээ онцолжээ. 29 настай португал залуу нийгмийн сүлжээн дэх нэр
хүндээрээ Аргентины шигшээ болон “Барселона” клубын довтлогч Лионель Мессийг (75 сая найзтай) ихээхэн давамгайлж байна.
Хамгийн том мөсөн зочид буудал Шведэд нээгдэнэ



No comments:
Post a Comment