Марк Цукерберг хятадаар ярьж үзүүлэв
Facebook-ийн эзэн Марк Цукерберг Бээжингийн Цинхуа их
сургууль дээр уулзалт хийх үеэрээ хятадаар чөлөөтэй ярьдгаа харуулав. Тэрээр
хятадаар ярьж буй бичлэгийнхээ хэсгийг интернэтэд тавьсан байна. Цукерберг уулзалтад
ирсэн хүмүүстэй 30 орчим минут мандарин хятад хэлээр хөөрөлдөж, зарим үед
хөгжилтэй зүйл ярьж, инээлгэж байв. 2010 оноос хойш хятад хэл сурч эхэлсэн Марк
“Энэ миний уриа дуудлага. Би үргэлж Хятадын соёлыг сонирхож, улам ихийг
мэдэхийн тулд хэлийг нь үзэх болсон” хэмээн өгүүлж байв. Тэрээр Цинхуа их сургуулийн
оюутнуудтай интернэтийн орчих, нөлөө, хөгжлийн талаар ярилцсан байна. Цукербергийн
эхнэр Присцилла Чан хятад гаралтай Америкийн иргэн билээ. Присцилла мандарин
хятад хэлээр яоьдаг хэмээн Facebook-ийг үндэслэгч хэлжээ.
Оттава хотод буун дуу гарчээ
Канадын нийслэл хот дахь парламентын ордны ойролцоох
Үндэсний цэргийн хөшөөний дэргэд үл мэдэгдэх этгээд гал нээж нэг цэргийг
шархдуулжээ. Гэрчүүдийн баталж буйгаар, парламентын цогцолбор руу явж байсан
этгээд нэг барилга руу гал нээж, 30 орчим удаа буудсан аж. Хамгаалалтын
албаныхан хариу гал нээж уг этгээдийг устгасан байна.
Оттава хотыг айдаст автуулсан этгээд нь 1982 онд төрсөн
Зихаф-Бибо гэгч болохыг цагдаа нар тогтоожээ. Монреаль хотод амьдарч байсан
тэрээр сүүлийн жилүүдэд гэртээ харагдаагүй хэмээн хөршүүд нь ярилаа. Зихаф-Бибо
2011 онд банк дээрэмдсэн хэргээр шийтгүүлж байсан нэгэн юм. Тэрээр сүүлийн
жилүүдэд гадаадад байж, лалын босогчидтой холбогдсон байж болохыг үгүйсгэхгүй
байна.
Панам улс хилээ хаалаа
Панам улс Либери, Сьерра-Леон, Гвиней зэрэг Эбола тахалд
хамгийн ихээр өртөөд байгаа орны иргэдэд хилээ хаалаа хэмээн Reuters агентлаг
уламжлав. Энэ хориг дээрх улсуудын бүх иргэнд хамаарахаас гадна мөн эдгээр
улсад сүүлийн 20 хоногт байсан хүмүүст Панамт нэвтрэх виз олгохгүй юм. “Панам
бол Латин Америкийн аялал жуулчлал, худалдааны гол төв. Энд одоо болтол
Эболагийн нэг ч тохиолдол илрээгүй байна. Тахлаас сэргийлэхийн тулд ийм арга
хэмжээ авч байна” хэмээн Панамын эрх баригчдын мэдэгдэлд онцолжээ. Үүний өмнө
Доминиканы бүгд найрамдах улс, Колумб, Ямайк улс ийм арга хэмжээ авсан юм.

No comments:
Post a Comment