Tuesday, 14 October 2014



Туркийн онгоцууд Курдистаныг довтлов

Туркийн нисэх хүчин улс оронд хориглогдсон Курдистаны Ажилчдын намын босогчдыг байрлалд хэд хэдэн цохилт өгчээ. Курдын босогчид сүүлийн гурав хоногийн турш Туркийн “Даглыжа” цэргийн харуулын байр руу буудсаны хариуд ийнхүү агаараас цохилт өгсөн байна. Талууд хоёр жилийн өмнө гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш Туркийн арми курдуудын эсрэг хийсэн анхны довтолгоо нь энэ боллоо хэмээн орон нутгийн “Hurriyet” сонин мэдээлэв. Эвдрэл сүйрэл, амь үрэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэл ирээгүй байна.
2012 оны аравдугаар сард Туркийн эрх баригчид Курдистаны Ажилчдын намын лидер Абдулла Ожалантай хэлэлцээ хийсэн юм. Турк, курдуудын хоорондох мөргөлдөөн 35 жил үргэлжилж, 40 мянган хүний аминд хүрээд байгаа билээ. Дээрх хэлэлцээний үр дүнд курдууд Туркийн газар нутгаас цэргээ татаж эхэлсэн. Гэвч дараагаар нь талууд бие биенээ үүрэг, амлалтаа биелүүлэхгүй байна хэмээн харилцан буруутгах болж, үүний улмаас хэлэлцээний үйл явц нэг бус удаа саатаж байв. Өнөөдөр Турк-Курдын хямралыг зохицуулах замд “Лалын улс” террорист бүлгийн довтолгоонд өртөөд байгаа Сирийн Кобани хот хөндөлсөөд байна. Туркийн хил орчимд байдаг Сирийн Кобани нь курд үндэстэн давамгайлсан хот юм. Туркийн аюулгүй байдалд заналхийлж байгаа Кобани хотыг Туркийн эрх баригчид, арми хамгаалахгүй байна хэмээн Туркт амьдардаг курд үндэстнүүд шүүмжилж, бослого хөдөлгөөн дэгдээх болжээ.

Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоган аравдугаар сарын эхээр мэдэгдэхдээ, Курдистаны Ажилчдын нам болон Сири, Иракийн газар нутаг дээр холхиж байгаа террорист “Лалын улс” байгууллагын хооронд ялгаа байхгүй гэсэн юм. “Хил хязгаарт аюул заналхийлж байхад чи дуугүй байвал түүх чамайг өршөөхгүй. Дуугүй суусныхаа горыг нэг өдөр амсах болно. Бидний хувьд “Лалын улс” бүлэг болон Курдистаны Ажилчны нам нь нэг л зүйл юм. Тэднийг тус тусад нь үнэлж цэгнэх нь буруу” хэмээн Туркийн лидер хэлжээ. Туркийн нисэх хүчин курдуудын байрлалыг бөмбөгдсөнөөр Туркийн Засгийн газар, курдуудын харилцаа дахин муудаж, Туркийн курд босогчдын үйл ажиллагаа идэвхжиж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Зургийн тайлбар: Курдын босогчид

No comments:

Post a Comment