А.Пугачевагийн ач хүү Чеченьд сонсогч болжээ
Оросын эстрадын хатан хаан Алла Пугачевагийн ач хүү,
Кристина Орбакайтегийн хүү Дени Байсаров цэргийн сургуулийн сонсогч болохоор
шийджээ. Энэ тухай Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Instagram хуудсандаа бичсэн байна. “Миний хүндэт үеэл Дени Байсаров сонсогч болохоор
шийджээ. Тэр өнөөдөр над дээр зочилж цэргийн сургуулийн сонсогч болох хүсэлтэй
байгаагаа дуулгалаа. Би түүний сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Залуу хүн
эрүүл, хүчтэй, сэтгэлийн хатуужилтай байх ёстой гэж Дени үзэж байна. Тэр сонсогч
болсноор энэ бүгдийг, мөн өөр олон чухал зүйлийг сурч авах болно” хэмээн
Кадбров бичжээ.
Чеченийн Ерөнхийлөгч өөрийн биеэр 16 настай Байсаровыг
Чеченийн Центерой тосгоны цэргийн сургуульд хүргэж өгчээ. Сонсогчид нэрт дуучны
ач хүүг халуун дотноор хүлээж авсан аж. Дени Байсаров нь чечень гаралтай
бизнесмэн Руслан Байсаров, дуучин Кристина Орбакайтегийн хүү юм.
Бангладеш иргэдийг хулгайлж Тайландад боол болгох гэж
байжээ
Өнгөрсөн амралтын өдрөөр Тайландын ширэнгэ ойгоос
хулгайлагдаж, боол болон зарагдах гэж байсан хэдэн арван бангладеш иргэнийг олж
аварчээ. Бангладеш эрчүүдийг сайн цалинтай ажилд оруулж өгнө хэмээн хуурч,
дараа нь мансууруулаад Тайландад боол болгон худалдах гэж байсныг цагдаа нар
тогтоогоод байна. Бангкокын Засгийн газар нутаг дэвсгэр дээрх боолчлолын
асуудалтай бүх хүчээрээ тэмцэж байна хэмээн мэдэгдэж байгаа ч олон
байгууллагууд тэднийг хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна хэмээн шүүмжилж
байгаа юм. Энэ сарын 14-нд хүний наймааны хэргээр хоёр тайланд иргэнийг
баривчилжээ. Тэд гадаадын 53 иргэнийг газар тариалан дээр ажиллуулна хэмээн хуурч
худалдсан байжээ.
Өмнөд Африкийн шигшээ багийн ахлагч буудуулжээ
Өмнөд Африкийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, хаалгач
Сензо Мейива өчигдөр Йоханнесбург хотоос 20 ки-ийн зайд орших тосгонд буудуулж
амиа алджээ. Веслурус тосгонд энэ явдал болжээ. Мейива нэг айлд зочилж байх
үеэр хоёр хүн ирсэн байна. Тэд болон хөлбөмбөгчийн хооронд ямар нэг шалтгаанаар
хэрүүл маргаан үүсч, үүний дараа тэд Мейиваг буудаад зугтаж алга болсон байна.
Шигшээ багийн хаалгачийг эмнэлэгт хүргэсэн ч амиа алджээ. Цагдаа нар гэмт
хэрэгтнүүдийг эрчимтэй хайж байна. 27 настай Сензо Мейива Өмнөд Африкийн “Орландо
Пайратс” клубт тоглодог бөгөөд Африкийн цомын урьдчилсан тэмцээний сүүлчийн
дөрвөн тоглолтод шигшээ багаа ахалж талбайд гарсан юм.
Украинд парламентын сонгууль боллоо
Украинд Дээд Радын хугацаанаас өмнөх сонгууль болж, санал
хураалт дуусчээ. Урьдчилсан дүнгээр таван хувийн босгыг долоон нам давжээ. Одоогийн
Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тэргүүлдэг эвсэл 23.1 хувийн санал авч
тэргүүлэв. Ерөнхий сайд Арсений Яценюкийн “Ардын фронт” нам 19.7, “Самопомощь”
нам 11, сөрөг хүчний эвсэл 9.9 хувийн санал авч удаалжээ.
Украины парламентын сонгуульд нийтдээ 29 улс төрийн нам
оролцсон байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж буйгаар, сонгогчдын ирц
40 хувийг давжээ.
Парламентад намын жагсаалтаар 225 депутат, мажоритар
системээр 213 депутат сонгогдох юм. Крым болон салан тусгаарлагчдын мэдэлд
байгаа бүс нутагт 27 суудал хуваариласан бөгөөд тэдгээр суудал хоосон үлдэх
бололтой.


No comments:
Post a Comment