Monday, 6 October 2014



Эво Моралес: Сонгуульд ялна гэдэг их амархан

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдоход ойрхон байна. Боливийн эдийн засаг сайжирч, нийгэмд тогтвортой байдал бий болсноор кока тариалагчдын экс удирдагч ирэх ням гаригт болох сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болжээ. Судалгаанаас үзэхэд, Моралес 59 хувийн санал авахаар байгаа юм. Түүний гол өрсөлдөгч, цементний үйлдвэрийн эзэн Самуэл Дориа 13, экс Ерөнхийлөгч Туто Кирога найман хувийн санал авах дүн гарчээ. Өнгөрсөн онд Боливийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Эво Моралес гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болсон билээ. “El Pais” сонин Э.Моралестэй уулзаж ярилцжээ.

-Боливт эдийн засаг, нийгмийн байдал харьцангүй сайжирчээ. Үүнд яаж хүрэв ээ?

-Дотоодын болон гадаадын колончлол, неолиберал загварын эсрэг тэмцлийн үр дүн юм. Ололт амжилт нүдэн дээр илхэн байна. Нийгмийн тогтвортой бйдал улс төрийн тогтвортой байдлыг бий болгож, энэ нь эдийн засгийг сайжруулж байна. Бид түүхий эд дээр суурилсан эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжлээ. Улмаар мэдлэг дээр суурилсан эдийн засаг руу шилжихийг зорьж байна.

-Таны зүүний агуулгатай үгэнд капиталист бодлого нуугдаж байна гэж зарим нь хэлдэг..?

-Бид эрх мэдэлд гарч ирснээс хойш ядуурал 38-аас 18 хувь болж буурсан. 8-9 хувьтай байсан ажилгүйдэл гурван хувь боллоо. Одоо Үндсэн хуулиар, хувийн, нийтийн, улсын, хамтын өмчийг хүндэтгэдэг боллоо. Капиталист биш, хүнлэг бодлого л “нуугдаж” байгаа байх.

-Та сонгуульд ялбал таны сүүлчийн Ерөнхийлөгчийн алба байх уу?

-Бид үргэлж Үндсэн хуулийг хүндэтгэх болно.

-Тэгэхээр та дахиж Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй гэсэн үг үү?

-Энэ нь Үндсэн хуулийг л хүндэтгэнэ гэсэн үг. Ерөнхийлөгчид гурваас илүү дэвшиж болохгүй гэж Үндсэн хуульд заасан байгаа. Сонгуульд ялна гэдэг их энгийн, амархан.  

-Та Ерөнхийлөгчийн албыг орхивол юу хийнэ гэж бодож байна?

-Мах сайн шардаг зарим хотын даргын хамтаар зоогийн газар байгуулна. Би шар айраг аягалж, хоол зөөх болно.

-Боливийн шүүх системийн өнөөгийн байдал таны санааг зовоодог уу?

-Тийм ээ, тэнд бэрхшээл байгаа. Зөвхөн ард түмний оролцоотойггор шүүх систем дотор хувьсгал хийж болно.

-Болив улс Испанитай ямар харилцаатай байгаа вэ?

-Дипломат. Испани нь Эвогийн хувьд, Боливийн хувьд Европ руу гарах хаалга байгаасай гэж хүсдэг. Гэвч Франц зэрэг өөр улс байна. Хэл нэгтэй болохоор Европт хамгийн ойр улс нь мэдээж Испани.

-АНУ-тай ямар харилцаатай байна?

-Миний хувьд бусад Засгийн газартай адилхан. Америкийг хүчирхэг гүрэн гэж хардаггүй. Обама ихэд гадуурхагдсан нийгмийн давхаргаас гарч ирсэн болохоор түүнд ихэд итгэж байлаа. Харамсалтай нь бүгднайрамдахчууд ч биш, ардчилагчид ч биш, банкууд засаг барьдаг юм байна.

-Болив улс кока (кокаины ургамал)-ны тариалангаа устгахын тулд хангалттай ажил хийхгүй байна гэж АНУ шүүмжилж байсан..?

-Өмнө нь тэд коммунизм руу довтолдог байлаа. Одоо терроризм, хар тамхины наймаа руу довтолж байна. Европын холбоо Боливийн хар тамхины эсрэг хийж буй тэмцлийн хэлбэрийг хүндэтгэдэг. Бид хүчин чармайлт гаргаж, коканы тариаланг 23 мянган га хүртэл бууруулсныг НҮБ хүлээн зөвшөөрсөн. Боливийн кокаин Перу, Бразилаар дамждаг нэг асуудал бий. Гэвч бид хил, хязгаарын хяналтаа сайжруулахаар ажиллаж байна.

-Та эрх мэдэлд гарч ирэхдээ Уго Чавес, Фидель Кастрог шүтдэг байсан. Тэд одоо таны хувьд хэн бэ?

-Фидель миний шүтээн хэвээрээ. Миний хувьд тэр бол дэлхийн хамгийн нугаршгүй, тууштай хүн.

No comments:

Post a Comment