АНУ, Их Британийн цэрэг Афганистан дахь цэрэг, дайны
ажиллагаагаа зогсоолоо
АНУ-ын тэнгсийн цэргийн нэгтгэл болон Их Британийн
цэргүүд Афганистаны газар нутаг дээрх цэрэг, дайны үйл ажиллагаагаа албан ёсоор
зогсоолоо. Хельманд муж дахь Британийн Camp Bastion цэргийн бааз, Лашгарках муж дахь АНУ-ын Camp Leatherneck цэргийн баазын хяналтыг Афганы үндэсний аюулгүй байдлын хүчинд шилжүүлж
өгсөн байна. Цэргийн үйл ажиллагааг дуусгаж буй ёслолын явцад олон улсын
цэргийн хүчний өмнө Британи, Америкийн далбааг буулгажээ.
Их Британийн Афганистан дахь цэрэг, дайны ажиллагаа 13
жил үргэлжилсэн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн урт дайн ажээ. Их Британи тус
улс дахь дайн байлдаанд 453 цэрэг эрсээ алджээ. Хоёр улсын тохиролцооны дагуу
Кабул дахь цэргийн академид ойрын жилүүдэд Британийн 200 орчим цэргийн сургагч
ажиллах юм. Харин 2015 оны эхэн гэхэд Афганистан дахь АНУ-ын цэргийн албан
хаагчдын тоо 9800 болж цөөрөх бөгөөд дараа нь нэг жилийн туршид хоёр дахин
багасах ажээ. 2016 оны эцэс гэхэд Америкийн сүүлчийн цэрэг, офицер Афганистаныг
орхин гарах юм.
“Аль-Кайда”-гийн алан хядагчид АНУ-ын авиакомпанийн онгоцуудыг
барьцаалж, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон Пентагоныг
мөргөн довтолсон билээ. Үүний дараа Афганистанд бүгж буй “Аль-Кайда”-гийн үүр
уурхайг устгахын тулд АНУ, НАТО тэргүүтэй олон улсын цэргийн хүчин тус улсад нэвтрэн
орсноор дайн эхэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Афганд эрх барьж буй “Талибан”
хөдөлгөөнд хандан Осама бин Ладенийг хүлээлгэж өгөхийг шаардсан ч татгалзсан
ажээ.
Улмаар холбоотны цэрэг Афганистанд нэвтрэн орж талибуудын
дэглэмийг түлхэн унагаж, тус улсад иргэний Засгийн газрыг бий болгосон юм. 2004
онд болсон Афганистаны Ерөнхийлөгчийн ардчилсан сонгуульд Хамид Карзай ялалт
байгуулжээ. Хэдийгээр талибууд ялагдаж, эрх мэдлээс зайлуулагдсан ч халдлага,
дэлбэрэлт зогссонгүй. Тэд алс хөдөөний зарим мужид нэр нөлөөгөө тэлж, байр
сууриа бататгасаар байгаа юм. Эцсийн эцэст гадаадын цэрэг Афганыг орхин
гараагүй цагт, талибуудтай тохиролцоонд хүрээгүй цагт улс оронд энх тайван
тогтохгүй гэж үзсэн Кабулын эрх баригчид гадаадын цэргийг гаргаж, талибуудтай
хэлэлцээ хийж, аюулгүй байдлын хяналтаа өөрсдөө авах нь зүйтэй гэсэн шийдвэрт
хүрсэн юм. Нэр нөлөөгөө тэлсээр байгаа талибууд ч гадаадын цэргийн хүчнийг
яваагүй цагт энх тайван гэж байхгүй, халдлага дэлбэрэлт тасрахгүй хэмээн
сүрдүүлсээр байна.
АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны цэрэг олон жилийн
дайн болон афгануудын шахалтад орж Афганистан орныг орхин гарч байна. Хэдийгээр
улс орны аюулгүй байдлын хяналтыг үндэсний цэрэг, цагдаад хүлээлгэн өгөх нь
хамгийн зөв шийдэл хэмээн одоогоор үзэж байгаа ч талибууд, хэт даврагч бүлгүүд
дахин толгойгоо өндийлгөж, Афганистан орон урьдын адил бүдүүлэг, харгис дэглэм
рүү шилжих вий хэмээн тоймч, ажиглагчид сануулсаар байна.
No comments:
Post a Comment