Monday, 20 October 2014



НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар хуралдана

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл аравдугаар сарын 24-нд Украины асуудлаар хуралдахаар төлөвлөж байна. Энэ тухай ОХУ-ын НҮБ дахь тусгай элчийн хэвлэлийн төлөөлөгч Алексей Зайцев мэдэгдлээ. Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн хуралдаан нээлттэй болох юм. Киевийн эрх баригчид Оросын эсрэг эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсны дараа ОХУ-ын Гадаад хэргийн яам НҮБ болон Европын холбоонд хандаж Украинд нөлөөлөхийг хүсчээ.

Чехийн нисэх буудлуудад Эболагийн шалгалт хийнэ

Чехийн нисэх буудалд газардаж байгаа зорчигчдийг Эбола вирусын хяналтад оруулахаар болжээ. Прага, Карловы Вар, Пардубица, Острава, Брно хотын нисэх буудалд ирж буй зорчигчид тусгай анкет бөглөх бөгөөд Эболагийн вирусээр халдварласан байж магадгүй зорчигчдийг эмнэлгийн үзлэгт оруулах юм. Мөн зорчигчид Чехэд байрлах, аялах газрынхаа талаар мэдээлэл үлдээх хэрэгтэй болж байна. Чех улсын газар нутаг дээр тахлын нянгийн аюулыг бүрэн арилгах хүртэл ийм арга хэмжээ авах ажээ.

Apple 39.3 сая iPhone заржээ

Apple компани сүүлийн гурван сард 39.3 сая iPhone борлуулсан нь өнгөрсөн оны энэ үеийнхээс 16 хувиар давсан үзүүлэлт болж байна. IPhone 6 болон iPhone 6 Plus шинэ загварын гар утас зах зээлд гаргасан нь борлуулалтыг ийнхүү амжилттай нэмэгдүүлжээ.
Компанийн ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өсч 8.5 тэрбум долларт хүрчээ. Борлуулалтын хэмжээ мөн 12 хувиар өсч 42.1 тэрбум долларт хүрээд байна. Apple компани iOS үйлдлийн системээ 8.1 хүртэл нь шинэчилж гаргасан нь iPhone ухаалаг утас болон iPad, iPod Touch дээр татаж авах боломжтой болжээ.

Британичууд чалчиж, хятадууд унтаж, австраличууд “уудаг”

Нисэх онгоцоор зорчиж яваа хүмүүс юу хийж цагийг өнгөрүүлдэг талаар Airline Passenger Experience Association нэгэн судалгаа хийжээ. АНУ, Их Британи, Герман, Япон, Хятад, Сингапур, Австрали, Бразилийн 18-аас дээш насны хоёр мянга орчим иргэн санал асуулгад оролцжээ. Австраличуудын 36, америкуудын 35, британичуудын 33 хувь нь нислэгийн үеэр спиртний төрлийн ундаа хэрэглэдэг байна. Хамгийн их унтдаг болон компьютер тоглоом тоглодгоор хятадууд тодров. Нисэх онгоцонд ажил, бизнесээ ярьж явдаг хамгийн үр бүтээлч зорчигчид нь америкууд ажээ. Британи, германууд бусдаас хавьгүй илүүтэй танихгүй хөрштэйгээ яриа өдөж явах их дуртай байдаг. Нисэх онгоцонд мессенжерт орж, нийгмийн сүлжээгээр хамгийн их хэсдэг нь бразилчууд ажээ. 

No comments:

Post a Comment