Мишель Обама ургацаа
хураав
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордны ногооны талбайгаас
намрын ургацаа хураажээ. Америкийн Ерөнхийлөгчийн гэргий хэдэн жилийн өмнөөс тэнд
чөлөөт цагаараа ногоо тарих болсон юм. Тэрээр “Америкт тарив: Цагаан ордон,
ногооны талбай болон бүх Америкийн цэцэрлэгүүдийн түүх” хэмээх ном гаргаад
амжжээ. Мишель тарьсан ногоогоороо салат хийж, хүүхдүүдийг таргалалт, илүүдэл
жингээс сэргийлэх үйлст уриалдаг юм. АНУ-д зургаан хүүхэд тутмын нэг нь илүүдэл
жинтэй байдаг аж.
Халдвартай сувилагчтай хамт ниссэн 132 зорчигчийг хайж байна
АНУ-ын Эрүүл мэндийн яамны Хяналт, урьдчилан сэргийлэх төвийнхэн Эбола
вирусээр халдварласан сувилагчтай хамт Охайогаас Техас руу нэг онгоцоор ниссэн
132 зорчигчийг хайж байна. Сувилагчтай ойрхон байсан бүх зорчигчийг хяналтад
авч, тусгаарлах юм. АНУ ийм замаар вирусын шинэ тархалтаас сэргийлж чадна
хэмээн найдаж байна. Сувилагч бүсгүйн ниссэн онгоцыг тэр шөнөдөө нисэх буудал
дээр үлдээж, шаардлагтай, цэвэрлэгээ ариутгалыг хийжээ. Эбола тахлын халдвар
авсан нь тогтоогдсон сувилагчийг Эмори их сургуулийн эмнэлэгт эмчлэхээр Даллас
хотоос Атлантад авчирчээ.
“Лалын улс”-ын 100 орчим дайчдыг устгажээ
АНУ тэргүүтэй холбоотны хүчин Сирийн Кобани хот дахь “Лалын улс” бүлгийн
байрлалд цохилт өгч 100 орчим босогчийг устгажээ. Энэ тухай Пентагоны хэвлэлийн
төлөөлөгч, контр-адмирал Жон Кирби мэдэгдлээ. Холбоотны онгоцууд сүүлийн хоёр
хоногт Кобани хот дахь лалын босогчдыг 40 удаа бөмбөгджээ. Довтолгооны дараа
лалуудын байр суурь суларсан ч Кобани хот дахь нөхцөл байдал тогтворгүй хэвээр
байгаа аж. Учир нь жихадистууд хотын зарим хэсгийг хяналтдаа байлгасан хэвээр
байгаа юм. Хотын иргэд дайнаас дүрвэсээр хэдэн зуун хүн л үлджээ. Цаг агаар
сайжирсны дараа холбоотны хүчин лалын босогчдын байрлалыг дахин тодорхойлж
байгаад бөмбөгдөхөөр төлөвлөж байна. “Лалын улс” бүлгийнхэн хотыг эзэлж авбал
иргэдийг нь бөөнөөр нь хороож магадгүй хэмээн НҮБ санаа зовниж байна.
В.Путин, П.Порошенко хоёр уулзана
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко
нар өнөөдөр Милан хотод уулзалт хийнэ хэмээн Италийн Ерөнхий сайд Маттео Ренци
мэдэгдлээ. Хоёр улсын лидер Миланд болох “Ази-Европ” дээд хэмжээний чуулганы хүрээнд
уулзалт хийхээр төлөвлөж байгааг “Интеракс” агентлаг уламжилж байсан билээ. Миланд
болох чуулганд Герман, Франц, Их Британийн лидерүүд болон бусад улсын өндөр
албаны хүмүүс ирэх юм. Кремлийн тэргүүн өчигдөр Милан хотноо Германы канцлер
Ангела Меркельтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал
солилцсон байна.
Мадонна охиндоо баяр хүргэв
Дуучин Мадонна 18 хүрсэн охин Мария Лурдест өвөрмөцөөр баяр хүргэжээ. “Happy
Birthday Preciosa! Te Amo siempre” (“Төрсөн өдрийн баяр хүргэе,
хөөрхөн минь. Чамд үргэлж хайртай”) хэмээн нэрт дуучин англи, испани хэлээр
Instagram-даа бичжээ. 56 настай дуучны охин Мария Лурдес саяхан сургуулиа
төгсч, Мичиганы их сургуульд элсэхээр бүртгүүлжээ. Мадонна попын хатан хаан
хэмээн нэрлэгдэхээсээ өмнө 1970-аад онд энэ сургуульд сурч байсан юм.
Мария Лурдес ээжийнхээ “Material Girl” хэмээх
дууны нэрээр хувцасны брэнд гаргасан нь багагүй амжилттай байгаа аж. Мадонна 1990-ээд
оны дундуур хувийн бүжгийн дасгалжуулагч, куба үндэстэн Карлос Леонтой дотно
харилцаатай байж охин Лурдесээ төрүүлсэн юм.



No comments:
Post a Comment