Tuesday, 7 October 2014




Lufthansa-гийн нисгэгчид ажил хаялаа

Германы Lufthansa авиакомпанийн нисгэгчид хоёр өдрийн ажил хаялт зарлав. Нисгэгчид тэтгэврийн насны асуудлаар компанийн удирдлагатай хоёр сарын турш маргалдаж байна. Авиакомпанийн ажилтнуудын “Шилжилтийн үеийн тэтгэлэг”-т өөрчлөлт оруулсны дараа маргаан эхэлжээ. Өмнө нь нисгэгчид 55 хүрээд ажиллахаа больж, 65 хүртлээ ажил олгогчоос цалингийнхаа 60 хувийг авдаг байв. Тэгвэл Lufthansa саяхан нисгэгчдийн ажлаа дуусгах насыг 60 болгож нэмсэн байна.

Оросууд Хойд Солонгост туслав

ОХУ Хойд Солонгост 20 мянган тн үр тариаг хүмүүнлэгийн тусламж болгон илгээлээ хэмээн Оросын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлэв. Хүмүүнлэгийн тусламжийг ачсан Theomitor хөлөг онгоц Нампхо боомтод иржээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Холбооны хөдөө аж ахуйн нөөцийн газраас Хойд Солонгост тусламж үзүүллээ хэмээн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.
Москва 2014 он дуустал Пхеньян руу дахин улаан буудай илгээхээр төлөвлөж байна. Энэ онд нийтдээ 50 мянган тн үр тариаг Хойд Солонгост нийлүүлэх ажээ.

Сомали дахь анхны ATM

Сомалийн нийслэл Могадишо хотод улс оронд анхныд тооцогдох бэлэн мөнгөний автомат машин (ATM) нээгджээ. Salaam Somali банк хотын төвийн нэгэн зочид буудалд АТМ суурилуулсан бөгөөд сомали шиллингийг америк долларт хөрвүүлэн гаргах юм. Бэлэн мөнгөний автомат машин анх удаа харж байгаа сомали иргэд ихээхэн балмагдаж байна. 1988 оноос хойш үргэлжилж буй иргэний дайны улмаас Сомалийн банкны систем тун сул хөгжжээ.
Хамгийн анхны АТМ-ийг АНУ-д Лютер Жорж Симжян зохион бүтээж байжээ. Нью-Йоркийн City Bank анх энэ төхөөрөмжийг хэрэглэсэн ч нэг жилийн дараа Лютерт буцааж өгсөн гэдэг. Үүний дараа 30 жил мартагдаад байсан АТМ төхөөрөмж 1960-аад оны сүүлчээр шинэчлэгдэн гарч ирж, хэрэглэгдэх болсон аж. Өнөөдөр дэлхий даяар 2.5 сая АТМ ажиллаж байна.

Монакогийн гүнж ихэр хүүхэд тээж байна

Монакогийн хунтайж Альбер, түүний гэргий Шарлен нар ихэр хүүхэдтэй болохоор зэхэж байна хэмээн Us Weekly сэтгүүлд бичжээ. Шарлен оны сүүлчээр амаржих юм. Монакогийн хунтайж, гүнж нар эцэг эх болох гэж байгаа нь тавдугаар сард ил болсон билээ. Шарлен ихэр хүүхэд тээж буй нь хэдхэн өдрийн өмнө тодорхой болжээ.

55 настай Альбер гэрлэлтээс гадуурх хоёр ч хүүхэдтэй. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ хүүхдүүд нь Монакогийн хунтайжийн суудалд өрсөлдөх эрхгүй юм. Харин удахгүй мэндлэх ихэр хүүхдийн хэн нь Альберийн залгамжлагчаар нэрлэгдэх нь тун сонин байна. Ихэр хүү байгаа бол аль түрүүлж эхийн хэвлийгээс унасан нь залгамжлагчаар тодорно хэмээн хэвлэлүүд бичиж байна. 

No comments:

Post a Comment