Аэсиу Нэвис, Дилма Русеф нар
хоёрдугаар шатанд өрсөлдөнө
Бразилийн өнөөгийн Ерөнхийлөгч
Дилма Русеф, сенатч, социал-демократуудын лидер Аэсиу Нэвис нар Ерөнхийлөгчийн
сонгуулийн хоёрдугаар шатанд тунаж үлдлээ. Нийт саналын 92 хувийг боловсруулан
дүнг гаргахад Русеф 40.9, Нэвис 34.3 хувийн санал авчээ. Экологийн нэрт
зүтгэлтэн, Социалист намын нэр дэвшигч Марина Силва 21.4 хувийн санал авч
өрсөлдөөнөөс хасагдлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат аравдугаар
сарын 26-нд болно. Судалгаанаас үзэхэд, 2011 оноос хойш улс орноо удирдаж
байгаа хатагтай Дилма Русеф дахин ялалт байгуулахаар байна. Ерөнхийлөгчийн
сонгуулийн зэрэгцээ сенатч, депутатууд болон 27 мужийн захирагчийг сонгожээ.
Швед улс Палестиныг хүлээн
зөвшөөрөхөө амлав
Шведийн Ерөнхий сайд Стефан
Левен Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ
Стокгольм энэ алхмыг хийхээр шийдвэл Палестиныг хүлээн зөвшөөрсөн Европын
холбооны анхны улс болох юм. С.Левений мэдэгдлийг Палестинд талархан хүлээн авч,
автономийн тэргүүн Махмуд Аббас “Стокгольмийн санаа нь тун сайшаалтай. Бусад
улс орон Шведийн араас дагана гэдэгт найдаж байна” хэмээн хэлжээ.
Харин Израиль улс үүнд таагүй
хандаж, Шведийн Ерөнхий сайдын мэдэгдлийг “Бодлогогүй үйлдэл” хэмээн нэрлэв.
Израилийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман Иерусалим дахь Шведийн элчин
сайдыг “ярилцлагад” дуудана гэдгээ амласан байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн намджээ
Хонконгод Засгийн газрын байрыг
долоо хоногийн турш бүсэлж хааж байсан жагсагчид цөөрч, төрийн албан хаагчид
ажлын жирийн дэглэмдээ буцаж оржээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид хэдэн зуу
болтлоо цөөрсөн байна. Жагсагчдыг гудамж, талбайг чөлөөлөхийг хүссэн тулган
шаардалтын хугацаа даваа гаригт дууссан юм. Гэсэн хэдий ч цагдаа нар үлдсэн
жагсагч, идэвхтнүүдийг хүчээр хөөн зайлуулах бодолгүй байх шиг байна.
Хонконгийн иргэд 2017 оны Хонконгийн тэргүүний сонгуулийг ардчилсан зарчмаар
явуулахыг шаардаж байгаа билээ.
АНУ-д тэнэмэл эрийг хайж байна
АНУ-ын Даллас хотод Эбола тахлаар
халдварласан хүнтэй уулзсан байж болох орон гэргүй тэнэмэл эрийг эрж хайж
байна. Томас Эрик Данкан Либери улсаас Даллас хотод ирсний дараа шинжилгээ
хийхэд Эболагийн халдвар авсан нь тогтоогдсон юм. Данкантай ойр байсан 10 хүнийг
олж тогтоогоод байна. Түүнтэй ойр байсан гурван хамаатан, эмнэлгийн долоон
ажилтныг илрүүлж тусгаарлажээ. Даллас хотын тэнэмэл эр болон өөр 37 хүн
Эболагийн халдвар тээж ирсэн иргэнтэй уулзсан байж магадгүй хэмээн эрэн
сурвалжилж байна.

No comments:
Post a Comment