Газын зурваст амьдрал
ямар байна вэ
Израиль болон Палестины
зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд гал зогсоолт зарлаад долоон долоо хоног өнгөрсөн
ч Газын зурваст өөрчлөгдсөн зүйл гэж бараг алга. Израилийн арми Газын зурвасыг
50 хоногийн турш бөмбөгдөж, газраар довтолсны эцэст гал зогссон. Зурвасын 1.8
сая иргэн өдөр тутмын амьдралдаа буцаж орсон ч хэвийн хэмнэлд хүртэл даанч хол
байна. Газачууд долоон жилийн өмнөөс Израиль, Египетийн хахир, хатуу бүслэн
хаалтад зүдэрсээр байгаа билээ.
Израиль улс лалын “Хамас”
хөдөлгөөний хүчийг сулруулахын тулд 2008, 2012 онд цэргийн ажиллагаа явуулж
байв. Гэвч энэ зуны довтолгоо, сүйтгэл нь 1967 онд Палестины газар нутгийг
эзэлсний дараа Газын зурваст явуулж байсан Израилийн цэргийн бүх ажиллагааг
давж гарсан юм. Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах НҮБ-ын хорооны мэдээллээр,
Израилийн довтолгоо 1500 орчим хүний (500 нь хүүхэд) аминд хүрчээ. 110 мянган
палестин орох оронгүй болж, 20 мянган байшин барилга хүн амьдрах аргагүй болсон
байна.
2007 оноос хойш Газын
зурвасыг хянаж байгаа “Хамас”, Палестины автономит засагт нөлөөтэй “Фатах”
бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Рамалад үндэсний эвлэрлийн гэрээ байгуулсан
юм. Түүний дараахан байгуулагдсан Эв нэгдлийн Засгийн газар өнгөрсөн долоо
хоногт Газад анхны хуралдаанаа хийжээ. “Фатах”, “Хамас” хоёр ийнхүү “урагшилж”
байгаа ч долоон жилийн өмнө Палестины газар нутгийг хувааж авсан дайсагналцлыг
дуусгахад хол байна. Израилийн дайралт довтолгоо эвлэрлийн гэрээг дахин
сорилтод оруулж, “Хамас” Газын зурвасыг “төмөр гар”-аар барьсаар байгааг илчлэн
харуулсан билээ. “Хамас”-ын хүч суларсан ч лалын бусад бүлгийн нэр нөлөө
дээшилж, хоорондоо арсалдах нь ихэссэн бололтой. Израилийн бөмбөгдөлд явагдаж
байхад лалын бүлгүүд “урвагчдыг” илрүүлэн шийтгэж байв.
“Хамас” хэдийгээр
Израилийн дайралтыг сөрөн зогсож, палестинуудын дунд баатарлаг хэмээн
хүндлэгддэг ч нөгөө л асуудал, бэрхшээлтэйгээ тулгарсаар. Түүний Засгийн газар
ажилтан, албан хаагчдынхаа цалинг тавьж чадалгүй хэдэн сар болж байна. Ажилгүйдэл
хэрээс хэтэрч, дарга даамлуудын авлига хэвийн зүйл болжээ. “Фатах” ч Газын
зурваст ямар ч нэр хүндгүй. Газын зурвасын Засгийн газраас лалынхныг зайлууллаа
гэхэд Палестины автономийн авлигач, хүнд сурталтан түшмэлүүд ороод ирнэ хэмээн
үздэг аж. 2007 оноос хойш бүслэлтэд байгаа Газа Израильтай энх тайванд хүрэх
найдлага бараг алга. Учир нь бүслэн хаалтаа улам бүр чангалж, хоёр жил тутамд
дайралт довтолгоо хийж аймшигтай сүйрэл учруулдаг тэвчишгүй дайсантайгаа
эвлэрэхэд тун хэцүү ажээ. Тиймээс олон палестин иргэн Израилийн хүчирхэг цэргийн
довтолгоог өөрийн хүчээр эсэргүүцэн тэмцэж байсан “Хамас” бүлэгт талархалтай
ханддаг аж. Газын зурваст ашигтай гал зогсоох гэрээнд хүртлээ тэмцлээ
үргэлжлүүлнэ хэмээн тус бүлэг амлаж байна.
“Хамас”, “Фатах” хоёр
Палестины үндэсний эвлэрлийг шинэ шатанд гаргах хүрээнд “Палестины автономийн
эрх баригчид Газын зурвасын хил хязгаарын хяналтыг өөртөө авна” хэмээн зарлав.
Мөн Газын зурвасын сэргээн босголтыг ч хариуцна хэмээн мэдэгдлээ. Үүнд хэдэн
тэрбум доллар шаардагдах нь тодорхой байна.

No comments:
Post a Comment