“Севол”-ын ахмадад ялын дээд хэмжээ өгөхийг шаардлаа
Өмнөд Солонгосын Прокурорын газар өнгөрсөн дөрөвдүгээр
сард живж, сурагч голдуу 300 гаруй хүний аминд хүрсэн “Севол” хөлөг онгоцны
ахмад Ли Жон Сокт ялын дээд хэмжээ өгөхийг шаардлаа. Ли хөлөг онгоц живэхээс
өмнө экипажийн 15 гишүүний хамтаар хөлгийг орхин бууж, дараа нь зорчигчдыг
өрөөндөө байж бай хэмээн хэлж байжээ. Хөлгийн ахмад болон экипажийн гурван
гишүүнийг хүний амь насанд хүрсэн хэргээр шүүж байна.
6825 тн жинтэй хөлөг онгоц Инчон хотоос Жэжү арал руу
аялж яваад Жиндо арлын орчимд живсэн юм. 1994 онд Японд бүтээсэн эл хөлөг онгоц
нь 921 хүн, 180 автомашин, 152 чингэлэг тээвэрлэх чадалтай байжээ. Хөлгийн
экипаж огцом эргэлт хийсний улмаас харуулдаж живсэн ажээ.
Афган лам 20 жилийн ял авчээ
Афганы Кундуз мужийн лал шашны санваартан Мухаммед Амин
10 настай охиныг хүчирхийлсэн хэргээр Кабулын шүүхээс 20 жилийн ял авчээ. Амин
гурван охиныг лалын сүм цэвэрлэх ажилд туслахыг гуйж авчраад хүчирхийлсэн аж.
Хоёр охин зугтаж амжсан байна.
Охины эцэг эх болон эмэгтэйчүүдийн олон нийтийн
байгууллага дээрх шийтгэлийг Афганистанд сексийн хүчирхийллийн золиос бологчдын
эрхийн төлөөх тэмцлийн ялалт хэмээн нэрлэв. Тус улсад хүчирхийлэлд өртсөн
эмэгтэйчүүд гэр бүл үймүүлсэн хэргээр шийтгүүлэх нь элбэг байдаг билээ. Хэд
хоногийн өмнө Афганд дөрвөн эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн таван залууг дүүжлэн
шийтгэсэн юм.
Сирийн курдууд Дамаскийн тусламжаас татгалзав
Сирийн курдууд Дамаскийн эрх баригчдаас цэргийн тусламж
авахаас тагалзлаа хэмээн Reuters мэдээлэв. Кобани хотод бүслэгдсэн курдуудад
Сирийн Засгийн газар тусламж үзүүлж байна гэсэн мэдээлэл нь худлаа болохыг
Курдын Ардчилсан холбоо намын төлөөлөгч мэдэгджээ. Дамаскийн эрх баригчид “Лалын
улс” бүлгийн эсрэг тулалдаж буй курд дайчдад зэр зэвсгийн тусламж үзүүлж байна
гэсэн мэдээлэл Сирийн хэвлэлээр гарсан юм.
Лалын босогчид аравдугаар сараас хойш Кобани хотыг
бүслээд байгаа билээ. Тус хотыг эзэлвэл Сири-Туркийн хилийн ихээхэн хэсэг босогчдын
гарт орох учраас стратегийн чухал ач холбогдолтой. Сирид иргэний дайн дэгдээд
гурван жил болоход курдууд улс орны зүүн хойд нутагт хяналтаа тогтоож чадсан
юм.
Хелен Миррен L’Oreal-ийн шинэ нүүр царай
Жүжигчин Хелен Миррен L’Oreal компанитай гэрээ байгууллаа
хэмээн Daily Mail сонин мэдээлэв. 69 настай Миррен жүжигчин ийнхүү Ева
Лонгориа, Женнифер Лопес, Блейк Лайвли нартай хамтран ажиллахаар болов. Гоо
сайхны компаниуд ихэвчлэн 40-өөс доош насны алдартнуудтай гэрээ байгуулдаг.
Харин L’Oreal 76 настай Жейн Фонда, 68 настай Дайана Китон, 55 настай Хью Лори
нарыг рекламандаа тоглуулж байв. Хелен Миррен Британийн хатан хаан II Елизабетийн дүрээр алдрашсан билээ. 2007 онд “Дайана” кинонд тоглоод Оскарын
шагнал хүртэж байжээ.
Араг ясаа сургуульдаа гэрээслэн үлдээжээ
Румыний Прахов мужийн нэгэн тосгоны сургуулийн сурагчид
захирлынхаа араг ясыг анатомийн хичээл дээр ашиглаж байна. Тус сургуулийн
захирлаар ажиллаж байсан Александру Григоре Попеску (1890 онд төрсөн) 18 наснаасаа багшлах болжээ. Тэрээр тосгоныхоо сургуульд амьдралынхаа 50
жилийг зориулсан аж. Попеску 1965 онд нас барахдаа өөрийн араг ясыг сургалтын
материал болгон ашиглахыг гэрээслэн үлдээжээ. Саяхан Боловсролын яамнаас экс
захирлын араг ясыг хураан авч эрүүл ахуйн шинжилгээнд оруулаад ямар ч аюул алга
хэмээн буцааж өгчээ. Сургуулийн захирлын үлдэгдэл шилэн шүүгээнд хадгалагдаж,
биологийн хичээлд хэрэглэгдсээр байна хэмээн Romania-Insider.com сайт мэдээллээ.



No comments:
Post a Comment