Шинэ Дели, алдагдсан хүүхдүүдийн хот
Нашима Катун 13 настай охин Розигоо хайгаад жил хагас
болжээ. Ах нар нь сургууль, ажилдаа явсан хойгуур охин Дели хотын баруун хойд
дүүргээс алга болсон юм. “Тэр өдөр манай нэг хөршийн залуу бас алга болсон.
Охиныг минь тэр залуу аваад явсан гэж бодож байна” хэмээн Катун орон нутгийн
хэвлэлд ярьжээ. Эдүгээ Рози охин хаана байгааг хэн ч мэдэхгүй байна.
Розигийн адилаар Энэтхэгийн нийслэлд жил бүр хэдэн мянган
хүүхэд гудамжнаас алга болдог. 2014 оны эхний есөн сард 18 хүртэлх насны 5814 хүүхэд
алга болсны 3204 нь охин байна. Делигийн цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар,
эдгээр хүүхдийн 3927-г нь олж, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн бол, үлдсэн нь
сураггүй болжээ. Эрх баригчдын баталж буйгаар, алга болсон хүүхдүүдийн тал хувь
нь хүүхэд наймаалагчдын гараар ордог аж. Тэр тусмаа наймаас доош насны хүүхдүүд
гэнэн цайлган, эмзэг, хулгайлж авч явахад хялбар байдаг байна. Тэдгээр
хүүхдүүдийн олонх нь гудамжны гуйлгачин, Делигийн дэлгүүр, зах хоршоо, идэш
уушийн газар, үйлдвэрийн хямд ажиллах хүч болдог ажээ. Энэтхэгт хүүхэд
ажиллуулдаггүй газар гэж бараг байхгүй. Дели хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн
12 хувь нь насанд хүрээгүй хүүхдийн эсрэг байдаг. Энэ бүгдийн, хүүхдийн хүнд
хүчир хөдөлмөрийн эсрэг тэмцэж буй энэтхэг эр Кайлаш Сатьярти 2014 оны Нобелийн
энх тайвны шагнал хүртсэн билээ.
Саяхан нэгэн хэрэг эрх баригчид болон хэвлэл мэдээллийн
анхаарлыг татжээ. Делигийн хамгийн алдартай хөшөө болох Энэтхэгийн хаалган дээр
есдүгээр сарын сүүлчээр эцэг эхтэйгээ зугаалж явсан гурван настай охин алга
болсон юм. Охин хамгийн сүүлд хэдэн хүүхэдтэй тоглож байхыг л харсан аж. Охин
алга болсон мэдээ олон хүний санааг зовоож, олон нийтийн сүлжээгээр хүчтэй түгэв.
Долоо хоногийн дараа охин үсээ хусуулж, хүзүүнээсээ “Намайг Жахнви гэдэг.
Энэтхэгийн хаалган дээрээс алга болсон” гэсэн пайзтай явж байхыг Делигийн Жанакпури
дүүргээс олдсон байна. Хүүхэд наймаалагчид хэвлэл мэдээлэл болон олон нийтийн
сүлжээгээр тархсан охины талаарх кампанит ажлын дарамтад орж охиныг сулласан
хэмээн цагдаагийнхан үзэж байгаа аж. Энэ хэрэг явдлын дараа 16 сая хүнтэй Энэтхэгийн
нийслэл хотын эрх баригчид хүүхдийн хулгайн эсрэг дорвитой арга хэмжээ авахаар
хөдөлж байна. Харуул хамгаалалт, аюулгүй байдлыг чангатгаж, гудамжны
гэрэлтүүлэг, хяналтын камер зэргийг нэмж суурилуулахаар болжээ.
Шинэ Делигийн төвийн Лутенст байдаг Энэтхэгийн хаалга нь
амралтын өдрөөр 10 мянган хүн зугаалдаг алдартай газар. Мөн хамгийн олон хүн,
жуулчин холхидгийн дээр Засгийн газрын байшин барилга ойр байдаг тул хамгийн
олон цагдаа эргүүл хийдэг газар юм. Гэвч тэндээс өдөр бүр дунджаар гурван хүүхэд
алга болдог ажээ.
Төвөөс гадна Каужури Кас, Гокулпури, Каравал Нагар, Аман
Вихар дүүрэгт хүүхдүүд алга болох нь хэвийн үзэгдэл. Алга болсон хүүхдүүдийн
тал хувь нь ядуу гэр бүлээс гаралтай байдаг аж. Олон тохиолдол цагдаагийн
газарт бүртгэгдэлгүй үлддэг тул бодит байдал дээр алга болж буй хүүхдийн тоо
хавьгүй их байгаа хэмээн үздэг. 2013 онд нийслэл хотод 6494 хүүхэд (53 хувь нь охид) алга болсон нь өдөр бүр 18 хүүхэд гэсэн үг. 2014 оны эцсээр энэ тоо 21-д
хүрэхээр байгаа аж.
2012 онд алга болсон 5284 хүүхдээс 1176 нь сураггүй
хэвээр байна. Өнгөрсөн онд алга болсон хүүхдүүдээс 1443 нь бас л сураггүй. 2014
оны эцсээр энэ тоо 1914-д хүрэх бололтой. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн нийслэлд
алга болж буй хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм.

No comments:
Post a Comment