Жеймс Ставридис: Юуны түрүүнд Оросын цэрэг Украиныг орхин
гарах ёстой
Нэг жилийн өмнө НАТО-гийн
ерөнхий командлагч байсан адмирал Жеймс Ставридис Украиных шиг хямралтай таарч
байгаагүйгээ хэлж байна. Тэрээр эдүгээ Туфтсийн их сургуулийн Олон улсын
харилцааны сургуулийн деканы алба хашиж байна. “El Mundo” сонин түүнтэй уулзжээ.
-Украины хямрал нь шинэ Хүйтэн дайны эхлэл болж магадгүй
гэлцэж байна...?
-Энэ бол шинэ Хүйтэн дайн биш,
үүнийг тодорхой хэлэх хэрэгтэй. Жинхэнэ Хүйтэн дайн ямар аймшигтай байсныг эргэн
санацгаая. Европын төв хэсэгт хэдэн сая цэрэг төвлөрч, нэгхэн хоромд дайнд
ороход бэлэн байлаа. Хэдэн арван мянган цөмийн цэнэгт хошуу харвахад бэлэн
болж, НАТО болон Варшавын гэрээний сөргөлдөгч эвслүүд ёстой л дайсагнаж байлаа.
Одооны хямралыг үүнтэй жиших юу ч алга.
Гэвч НАТО болон Оросын харилцаа
олон жилийнхээ түүхэнд хамгийн доод түвшинд оччихоод байгааг бид хүлээн
зөвшөөрөх ёстой. ОХУ бүрэн эрхт улсын хилийг нэвтэрч газар нутгийг нь нэгтгэсэн
нь 30-аад онд Гитлер Европт хийж байснаас хойш харагдаагүй зүйл болсон. Байдал
хурцадмал байгаа ч Оростой дайн дэгдэх аюул байхгүй байна. Сүүлийн үед зарим
ахиц дэвшил ажиглагдах боллоо. Одоогоор Владимир Путиний зориг, дураараа
дургилт хэрээс хэтэрчихээд байна.
-Украины хямралыг хэрхэн гэтлэн давах вэ? Крым болон
Украины зүүн нутаг нь шинэ Транснистриа болох юм биш биз?
-Хамгийн анхны алхам бол
ойлгомжтой. Оросын цэрэг Украины газар нутгийг орхин гарах ёстой. Үүний дараа
бүхнийг, тэр тусмаа Украин дахь орос хэлтнүүдийн эрх ашиг, Украин улсыг олон
улсын хамтын нийгэмлэгт элсүүлэх, зарим бүс нутгийн автономит эрх зэрэг Оросын
санаа зовнидог асуудлыг хэлэлцэж, ярилцаж болно. Ямар ч байсан эхний алхам нь
хөрш орон руугаа нэвтэрч орсон орос цэргүүд даруй буцаж гарах ёстой.
-Европын холбоо, АНУ хоёр өмнөх шигээ санаа бодлоо
тулгадаг цаг өнгөрснийг энэ хямрал харуулж байна уу? Хэрвээ тийм бол, эдийн
засгийн шинэ хүчнүүд (гүрнүүд) улам
хүчирхэгжиж, дэлхийд улам илүү эрх мэдэлтэй болж, улмаар дэлхий нийт тогтворгүй
байдлын шинэ үе рүү хөдөлж байна уу?
-АНУ, Европын холбоо олон улсын
глобал систем дээр санаа бодлоо тулгах гэж оролддоггүй. Гэсэн хэдий ч АНУ ч,
Европын холбоо ч ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүйс, арьс өнгөний
эрх тэгш байдал зэрэг үнэ цэнэт зүйлсээ хамгаалах нь ойлгомжтой. Эдгээр нь
хамгаалах ёстой үнэ цэнэт зүйлс юм. Шууд түрэмгийлэл, хүчирхийлэл, хэт даврах
байдал зэргийн эсрэг бид тэмцсээр байх болно.
Өнөөгийн дэлхий ертөнц
тогтвортой газар биш болсон. Гэвч зөвхөн хоёр дайнд 60 сая хүн амь үрэгдсэн XX
зуунтай харьцуулах юм бол бид
ерөнхийдөө ахиж, дэвшсээр явна. Үүнийг үргэлжлүүлэн авч явахад хараа хяналт,
гадаад бодлогын оролцоо хэрэгтэй. Мөн дэлхийн аюулгүй байдлын системийг
хангахын тулд “зөөлөн” болон “хатуу” эрх мэдлийг холих хэрэгтэй юм. АНУ,
Европын холбоо бусад улс орнуудтай хамтран ажиллах чухал үүрэг хүлээдэг. Хамтын
аюулгүй байдал нь хамгийн хүчтэй, тогтвортой аюулгүй байдал. Бид энэ зарчмыг
аль болох чадахаараа баримталж явах ёстой.
No comments:
Post a Comment