Tuesday, 31 March 2015
Гудлак Жонатан ялагдлаа хүлээн зөвшөөрөв
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан сонгуулийн гол
өрсөлдөгч, сөрөг хүчний лидер Мухаммаду Бухари руу утас цохиж ялалтад нь баяр
хүргэжээ. Генерал Бухари 1984-1985 онд цэргийн эргэлтийн дараа Нигери улсыг
удирдаж байв. Гуравдугаар сарын 28-нд болсон Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуульд
тэрээр 15.4 сая санал авчээ. Одоогийн Ерөнхийлөгч Г.Жонатан 13.3 сая хүний
санал авсан байна. Сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлджээ.
Халаагаа өгч байгаа 57 настай Ерөнхийлөгч Гудлак Жонатан
христос шашинтан бөгөөд нефть олборлолт хөгжсөн урд нутагт дэмжлэг хүлээдэг.
Харин 72 настай, лал шашинтан Бухари улс орны хойд хэсэгт нэр хүндтэй ажээ.
Цаазын ялаар Хятад тэргүүлж байна
Хүний эрхийг хамгаалагч Amnesty International байгууллага
цаазын ялыг хамгийн их гүйцэтгэдэг улсуудыг нэрлэжээ. Жагсаалтыг тэргүүлж
байгаа Хятад улс дэлхийн бусад бүх улс орноос илүүтэй гэмт хэрэгтнүүдийг
цаазалж байна. Гэвч хүний эрхийг хамгаалагчид тодорхой тоо баримт дэлгэсэнгүй. Цаазын
ялаар Иран, Саудын Араб, АНУ тэргүүлж байна. 2014 онд 22 улс оронд 607 хүнийг
цаазалсан нь 2013 оныхоос 22 хувь буурсан үзүүлэлт юм. Amnesty International байгууллага
сүүлийн 20 жилд цаазын ял хэрэглэдэг орнууд буурсныг илтгэлдээ онцолжээ. 1995
оны байдлаар 41 орон цаазын ялтай байсан бол 2013 онд энэ тоо 22 болж цөөрчээ.
Иракийн арми Тикрик хотыг чөлөөлөв
Иракий арми АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчний
дэмжлэгтэйгээр “Исламын улс”-ын босогчдын мэдэлд байсан Тикрит хотыг чөлөөллөө
хэмээн Багдадын эрх баригчид мэдэгдэв. Иракийн арми Тикрит хот дахь засаг
захиргааны ордон, эмнэлэг болон бусад гол барилга, байгууламжийг хяналтдаа аваад
байна. Зарим мэдээллээр, хотод минажуулсан зам, дүүргийг аюулгүй болгох ажил
үлдээд байгаа аж. Иракийн цэрэг, цагдаа болон шийт дайчид гуравдугаар сарын
2-ноос эхлэн Тикрит хотын төлөөх тулааныг эхлүүлсэн юм. Тэд эхлээд хотын
ойролцоох тосгон сууринг эзэлж Тикрит хотыг бүслээд байсан. Гэвч олон хоногийн
дараа олон улсын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр хотод нэвтэрч оржээ.
Тэрбумтан Гетти учир битүүгээр нас баржээ
АНУ-ын Getty Oil нефтийн компанийг үндэслэгч Пол
Геттигийн өв залгамжлагч 47 настай ач хүү Эндрю Гетти Лос-Анжелес дахь гэртээ
нас барсан байхыг олжээ. Бизнесмэний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Getty
Oil компанийг үндэслэгч Пол Гетти нэг хэсэг Америкийн хамгийн баян хүнд
тооцогдож байв. Эндрюгийн эцэг Гордон Гетти Forbes сэтгүүлийн баячуудын
жагсаалтад багтдаг. 1960-аад онд нефтийн жижиг компаниудыг нэгтгэн байгуулагдаж
байсан Getty Oil компанийн хөрөнгө найман тэрбум доллараар үнэлэгдэж байна.
Germanwings-ийн сүүлчийн мөчийг харуулсан бичлэг олджээ
Долоо хоногийн өмнө Альпийн нуруунд осолдсон Germanwings
авиакомпанийн онгоцны үлдэгдлээс сүйрлийн өмнөх мөчийг харуулсан бичлэгийг олж
авсан тухай Францын “Paris
Match” сэтгүүл, Германы “Bild” сонин мэдээлэв. Нисэх онгоц гуравдугаар сарын 24-нд уул мөргөн сүйрэхээс
өмнө зорчигчид хэрхэн сандарч, хашгиралдаж байгаа нь уг бичлэг дээр харагдаж
байгаа аж.
Онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож буй нэг хүн
гар утсаар бичсэн уг видеог олж авсан байна. Энэ бичлэгийг үзсэн мөрдөн
шалгагчид Germanwings-ийн нислэгийн сүүлчийн мөчүүдийн талаар хэвлэлд ярьсан
бололтой. Германы хэвлэлд бичиж буйгаар, аюулд орсноо мэдсэн зорчигчид “Бурхан
минь” хэмээн олон хэлээр хашгиралдаж сандарч байгаа нь бичлэг дээрээс харагдаж
байгаа ажээ.
Энэ бичлэгийг онгоцны арын суудлаас хийсэн байна. Гэвч
зорчигч хийсэн үү, нисэх багийн гишүүн хийсэн үү гэдэг нь мэдэгдэхгүй байгаа
аж. Нисэх онгоц аюулд орж, бүгд айж сандарсан байсан тул бичлэг тун их
хөдөлгөөнтэй хийгджээ. Бичлэг дээр харагдаж буй хүмүүсийг ч таних аргагүй
байгаа аж. Агаарын хөлгийн нэгдүгээр нисгэгч бүхээгний хаалгыг ямар нэг хүнд
зүйлээр онгойлгох гэж оролдож байгааг зорчигчид харсан хэмээн “Paris Match”-д бичжээ.
Нисэх онгоц уул мөргөсний дараа бичлэг хийж байсан гар утас
унаж, хүчтэй сэгсрэлт болсны дараа зорчигчид хашгирах нь дахин сонсогдсоноор уг
бичлэг дуусчээ. Энэхүү видео хэрхэн бичигдсэн нь тодорхойгүй байна. Хэдийгээр
бичлэг хийсэн гар утас эвдэрч дэлбэрсэн ч сим картны мэдээллийг нь сэргээж
болдог хэмээн гар утасны мэргэжилтэн Германы хэвлэлд ярьжээ.
Germanwings авиакомпанийн А320 онгоцны зорчигчдын цогцос,
үлдэгдлийг олж авчрах ажил дууслаа хэмээн Францын цагдаагийн газраас мэдэгдэв. “Бүх
цогцсыг олж авчирсан. Одоо эрэл хайгуулын ажиллагаа зорчигчдын хувийн эд зүйлс
болон нисэх онгоцны хоёр дахь хар хайрцгийг олж илрүүлэхэд төвлөрнө” хэмээн
цагдаагийн хурандаа Виаленк хэллээ. Германы Гадаад хэргийн яамнаас мэдэгдэж
буйгаар, хямд нислэг үйлддэг Germanwings авиакомпанийн
Airbus320 онгоцонд Германы 75, Испанийн 52, Аргентин, АНУ-ын тус бүр гурав, мөн 12 үндэстний 17
зорчигч явж байсан ажээ.
Monday, 30 March 2015
арын нүүрт...
Таргаар хооллодог охин
Н.Мөнхжин
Английн Беконсфилд хотын дөрвөн настай охин Эмили-Ли
Хайвард өдөрт 30 тараг идэж чадна. Өглөөний цайн дээр зургааг, өдөр, орой 24
тараг иддэг ажээ. Сонирхолтой нь, дөрвөн настай бяцхан охин тарагнаас өөр юу ч
иддэггүй. Тэрээр гүзээлзгэнэ, бөөрөлгөнөтэй тарганд тун ч дуртай.
Ээж
Наоми нь охиндоо өөр хоол, чихэр, шоколад өгөх гэж оролдсон ч ямар ч үр дүн
гараагүй аж. Хүүхдийн эмч, хоолны мэргэжилтнүүд ч тус болж чадаагүй байна.
Зөвхөн таргаар хооллодог охиныг үзсэн High Wycombe эмнэлгийн эмч нар “Тэр
өөрийн насны ямар ч охиноос илүү эрүүл саруул байна” хэмээн дүгнэжээ. Эмили
жилд хоёр мянган паундын тараг идэж байна. Одоогоор эцэг эх нь санаа зовохгүй
байгаа ч сургуульд орохоос нь өмнө өөр хоолонд оруулна хэмээн найдаж байгаа
ажээ.
Хойд Солонгосын эсрэг хоригийг сунгажээ
Японы Засгийн газар дөрөвдүгээр сарын 13-нд хугацаа нь
дуусч байгаа Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг хоёр жилээр сунгалаа
хэмээн Kyodo агентлаг уламжлав. Хойд Солонгосын тусгай албаныхан 1970-1980 онд
Японы иргэдийг хулгайлж байсан хэрэг явдлыг мөрдөн шалгах үйл явцад ахиц дэвшил
гарахгүй байгаа тул хоригийг сунгахаар болсныг онцлон тэмдэглэж байна. Хориг
арга хэмжээний дагуу Хойд Солонгосын хөлөг онгоцуудыг Японы боомтуудад орж ирэх,
мөн хоёр улсын хоорондох шууд нислэг хийхийг хориглож байгаа ажээ.
Цагдааг матар алсан хэргээр буруутгав
Мексикт нэгэн цагдаа матар буудаж алсан хэргээр
албанаасаа хөөгджээ. Тэрээр цагдаагийн дүрэмт хувцастай автомат буугаар матар
буудаж байгаа бичлэг YouTube дээр гарч ирсний дараа ийнхүү ажлаасаа халагдсан
байна. Мексикт таиар агнахыг хуулиар хориглодог. Матар буудсан цагдааг эрүүгийн
гэмт хэрэгт татаж болзошгүй байна. Дээрх хэрэг явдал болсон Синалоа мужид
матрууд нутгийн иргэдийн амь насанд ноцтойгоор заналхийлэх болсныг хэвлэлүүд
мэдээлж байна.
Д.Ковтун Литвиненкогийн хэргээр мэдүүлэг өгнө
Лондонд Оросын тагнуулч асан Александр Литвиненког
хөнөөсөн хэргийг шүүх хурлын дарга Оросын бизнесмэн Дмитрий Ковтуныг долдугаар
сарын 27-нд болох шүүх хуралдаан дээр мэдүүлэх өгөх ёстой хэмээн үзжээ. Ковтун
шүүхийн арван асуултад бичгээр хариулт өгөх ёстой. Тэрээр Лондонд болох шүүх
хуралд видео холбоогоор мэдүүлэх өгөхөд бэлэн байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ.
Александр Литвиненко 2006 оны арваннэгдүгээр сард Лондон
хотод цацраг идэвхт полонид хордон амиа алдсан билээ. Британийн цагдаагийн
газар Оросын экс тагнуулчийн үхэлд ОХУ-ын Думын депутат Андрей Луговой,
бизнесмэн Дмитрий Ковтун нарыг гол сэжигтнээр нэрлэсэн юм.
Хятадын хямд ган дэлхийг бүрхэж байна
Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос 7.0 хувь
руу буусан ч ган төмрийн үйлдвэрлэлээрээ дэлхийн бусад улс орныг нийлүүлсэнтэй
адил байна. Энэхүү урвуу хамаарал нь өнөөдөр дэлхийн төмрийн зах зээл дээр
хүчтэй доргилт үүсгэж байгаа аж. Хятадын эдийн засаг 1991 оноос хойш хамгийн
бага түвшиндээ очсон ч Хятадын ган төмөр нь дотоодын зах зээлд бус, дэлхийд
экспортлогдож байна. Хятадын ган төмрийн хэтийдсэн нийлүүлэлт АНУ-аас Европын
холбоо хүртэл, Хойд Солонгост ч ноцтой асуудал үүсгэж байна. Гангийн
хэрэглээгээр дэлхийд хоёрт ордог АНУ-д төмрийн гол үйлдвэрүүд гаалийн татварыг
нэмэхийг Конгрессоос шаардахаар болжээ. Латин Америкийн гангийн холбооноос
мэдэгдэж буйгаар, тус тив дэх Хятадын гангийн импорт энэ онд 75 хувиар өсчээ.
Энэ нөхцөл байдал төмрийн зах зээл дээр тэнцвэргүй байдал үүсгэж байна хэмээн холбооны
тэргүүн Рафаэль Рубио мэдэгдлээ. “Дэлхийн
хэрэглээнээс давсан үйлдвэрлэл, нийлүүлэлт хийгдээд байна. Үүний гол буруутан
нь Хятад. Учир нь тэд дотооддоо хэрэглэдэггүй ган төмрөө гадаадад нийлүүлэхийн
тулд зохиомол үнээр өрсөлдөж байна” хэмээн Рубио ярилаа.
Дэлхий даяар гангийн үйлдвэрлэл 3.5 хувиар өссөн бол
эрэлт хэрэгцээ нь дөнгөж хоёр хувиар өсчээ. Дэлхийн хэрэглээ багасч, Хятадын
экспорт нэмэгдсэнээр энэ гажиг үүсээд байна. Энэ оны нэгдүгээр сард Азийн
аварга улсын экспорт 2014 оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар өсчээ. Өнгөрсөн
онд хятадууд 82 сая тн ган экспортлосон бол, энэ онд энэ үзүүлэлтээ давуулан
биелүүлэх төлөвтэй байна. XXI зуунд нэг улс орон дангаараа ийм их ган төмөр экспортлож байгаагүй билээ. Үүн дээр
Хятад дахь төмрийн хэрэглээ 2014 онд 1.1 хувиар (дэлхийн дунджийн хагас), энэ
онд 0.8 хувиар өссөнийг нэмж тооцвол Хятад дахь төмрийн үйлдвэрлэл хэрээс
хэтэрсэн нь харагдана.
Дэлхийн худалдаа наймааны дүрмээр, шинэ зах зээл олохын
тулд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн өртгөөс нь доогуур үнээр худалдахыг
хориглодог. Үүнийг демпингийн бодлого гэдэг. Хятадууд демпингийн бодлого
явуулаагүй хэмээн няцааж байгаа ч экспортоо эрчимтэй нэмэгдүүлсээр байгаа юм. Хятадын
ган төмрийн улсын холбоо дээрх буруутгалыг үгүйсгэж “Гадаадын улс орнууд
өөрсдийн хомсдолоо нуухын тулд халхавчилсан протекционист (дотоодын бүтээгдэхүүнээ
хамгаалахын тулд ижил төрлийн гадаадын бүтээгдэхүүнийг хязгаарлах, гаалийн
татварыг нь нэмэх бодлого) бодлого явуулж байна” хэмээн мэдэгджээ. Иймэрхүү
ялгаа, зөрчлийг Дэлхийн худалдааны байгууллага (WTO) шийдэх үүрэгтэй байдаг. ДХБ тухайн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дахь үнэ
гадаад дахь үнээс дээгүүр байгаа эсэх, мөн үүнээс болж үйлдвэрлэлд хор хохирол
учирсан эсэхийг шалгаж тогтоодог ажээ. Одоогоор Хятадын экспортын ган төмрийн
үнийн асуудлаар 12 гомдол Дэлхийн худалдааны байгууллагад байна.
2014 онд Өмнөд Солонгосын Hyundai Steel болон Dongkuk
Steel компани Хятадын гангийн гаалийн татварыг 18-33 хувиар нэмэхийг ДХБ-аас
шаарджээ. “Хятадуудын төмрийн үнийн талаарх маргаан 18 сар үргэлжилж байна.
Энэ хооронд олон үйлдвэр, компанид нөхөж
болшгүй хохирол учраад байна” хэмээн Латин Америкийн гангийн холбооны тэргүүн
Рубио онцоллоо. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л АНУ-ын Steel Corp компани 756
ажилтнаа халжээ. Европын төмрийн үйлдвэрлэлийн лидерүүд гуравдугаар сарын
дундуур Европын холбооны Худалдааны газрын дарга Сесилиа Малмстрёмтэй уулзаж
Хятадын төмрийн экспортын гаалийн татварыг нэмэх асуудлаар ярилцсан байна.
Sunday, 29 March 2015
Роналдо Иринагаас хойш мууджээ
Португалын шигшээ болон Испанийн Реал Мадрид клубын
тоглогч Криштиано Роналдо 2014 оны “Алтан бөмбөг” хүртсэн ч 2015 онд од
хийморьгүй байна. Реал Мадрид Ла Лига-д тэргүүллээ алдаж заналт өрсөлдөгч
Барсагаас дөрвөн оноогоор хоцорчээ. Роналдогийн уналт найз бүсгүй Ирина Шейкээс
салсантай холбоотой хэмээн спортын сэтгэл зүйч Эва Молеха ярьж байна. Роналдо
орос бүсгүй Ирина Шейктэй таван жил ханилсны эцэст өнгөрсөн нэгдүгээр сард
салсан билээ.
“Роналдо найз бүсгүйгээсээ салснаас хойш тоглолтдоо
төвлөрч чадахаа больсон. Хэн нэгэнд итгэхээ больж, өдөр тутмын амьдралын хэмнэл
алдагдахаар томоохон тамирчдын сэтгэл зүй, спортын амжилтад илт нөлөөлдөг”
хэмээн Молеха өгүүлэв. Испанийн клуб ч португал довтлогчийг илт муудахаас нь
өөр багт багагүй үнээр зарах сонирхолтой байгаа ажээ.
Манчестер Юнайтед Гарет Бейлийг сонирхож байна
арын нүүрт
Мэрайя Кэри 45 хүрлээ
200 сая цомгоо борлуулж, 2000 онд мянганы хамгийн
амжилттай дуучнаар тодорч байсан Мэрайя Кэри 45 нас хүрчээ. Тэрээр ирланд
дуучин ээж, венесуэл-афроамерик гаралтай инженер аавын охин болж мэндэлжээ.
Эцэг эх нь багад нь салж, ээж нь амьдрахын тулд янз бүрийн ажил хийх болов.
Мэрайя гурван настайгаасаа эхлэн дуулж сургуулиа төгссөний дараа арын хоор
дуучдын нэг болж чаджээ. Түүний бичлэгийг сонссон Columbia Records студийн захирал
Томми Моттола 1988 онд Кэритэй ирээдүйтэй гэрээ байгуулж, анхны нөхөр нь болсон
юм.
М.Кэри 2000 онд Virgin Records-той 100 сая долларын гэрээ
байгууллаа. Гэвч дараа нь тоглосон кино, гаргасан цомог нь бүтэлгүйтэж, дуу
бичлэгийн компани түүний таван цомгийн эрхийг ердөө л 50 сая доллараар худалдаж
авчээ. Кэри амиа хорлохыг оролдож, сэтгэлийн хямралд нэрвэгдэж эмнэлэгт
хүргэгджээ. Моттолагаас ч салав.
2000 оны дундуур Island Records-той 80 сая долларын гэрээ
байгуулж, цомог, сингл гаргаж, аялан тоглолтоо амжилттай хийснээр дахин “шинээр
төржээ”. 2008 онд жүжигчин Ник Кэннонтой гэрлэж 2011 онд ихэр хүүхэдтэй болсон
байна. Харамсалтай нь 2014 оны эцсээр салжээ.
спортын нүүрэнд
Монголын залуус дахин хожигдлоо
Сахлаа ургуулсан хэмээн шийтгэжээ
Хятадын шүүх Шинжаан-Уйгурын Кашгар хотын 38 настай
иргэнийг сахлаа ургуулсан хэмээн зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн түүний
эхнэрийг олон нийтийн газар гивлүүртэй хувцас өмссөн хэмээн хоёр жилийн ялаар
шийтгэсэн байна. Хосыг “Дайсагнасан өдөөн хатгалга” хэмээх зүйл ангиар
буруутгажээ.
Лал уйгуруудын бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг
Шинжаан-Уйгурын бүс нутагт терроризмтэй тэмцэх зорилгоор эмэгтэйчүүдийг нүүрээ
халхалсан хувцас өмсөхийг хориглосон хуулийг саяхан баталсан юм. Гивлүүрийг бүс
нутгийн нийслэл Урумч хотод хоригложээ. Мөн эрчүүд сахлаа ургуулах нь хэт
даврах үзэлтэй холбоотой хэмээн үзэх болсон байна. Хятадын баруун өмнөд хэсэгт
байдаг энэхүү автономит бүс нутагт уйгур үндэстэн давамгай байдаг. Уйгуруудын
хэт даврагч бүлгүүд Шинжааны тусгаар тогтнолыг шаарддаг ажээ.
Арабын орнуудын нэгдсэн арми 40 мянган цэрэгтэй
Египетийн Шарм-эль-Шейхт хуралдсан Арабын орнуудын нэгдлийн
дээд хэмжээний уулзалтаар Йемен дахь цэргийн ажиллагааг ялалтад хүртэл нь
үргэлжлүүлэх арабын нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулах шийдвэр гаргажээ. “Йемен улс
ангалын ирмэг дээр ирж, хууль ёсны эрх мэдлийг сэргээж, хямралыг зохицуулахын
тулд арабын орнууд болон олон улсын зүгээс үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй
боллоо” хэмээн Арабын орнуудын нэгдлийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль
аль-Араби мэдэгдлээ.
Арабын нэгдсэн зэвсэгт хүчин 40 мянган цэргээс бүрдэх
бөгөөд байлдааны нисэх онгоц, хөлөг онгоц, хуягт техник хэрэгслээр дэмжүүлнэ
хэмээн Египетийн батлан хамгаалахын төлөөлөгч онцолжээ. Ерөнхий командлалын
штаб Каир, эсвэл Эр-Риядад төвлөрөх бололтой. Арабын орнуудын Гадаад хэргийн
сайд нар гуравдугаар сарын 26-нд цэргийн хурдан довтолгоо хийх замаар аюул
заналхийллийн эсрэг тэмцэх зорилгоор холбоотны арми байгуулах тогтоолын төслийг
баталсан юм. Саудын Араб болон Персийн булангийн бусад орон оролцсон цэргийн
эвсэл Йемений Ерөнхийлөгч Мансур Хадигийн хүсэлтээр Йемен дахь хусит босогчдын
эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Холбоотны хүчин Йемений нийслэл
Сана хот дахь нисэх буудал болон босогчдын байрлалыг бөмбөгдсөөр байна. Йемений
ихэнх газар нутгийг хяналтдаа аваад байгаа хусит босогчдын эсрэг цэргийн
ажиллагаанд Саудын Араб, Египет, Иордан, Судан зэрэг орон оролцож байна.
2015 оны нэгдүгээр сард Йемен дахь хусит босогчид
Ерөнхийлөгчийн ордон болон Засгийн газрын бусад барилга байгууламжийг эзэлсний
дараа Йемений Ерөнхийлөгч Мансур Хади огцорсон юм. М.Хади тэр цагаас хойш
гэрийн хорионд байсан ч дараа нь Аден хот руу зугтан гарч “Намайг огцруулсан нь
хууль бус” хэмээн мэдэгдэж өөрийн талынхныг цуглуулж эхэлсэн аж. Гэвч түүний
цэрэг анхны тулаандаа ялагджээ.
Папуа-Шинэ Гвинейд газар хөдөлжээ
Өчигдөр Папуа-Шинэ Гвинейд 7.7 магнитудын маш хүчтэй
газар хөдлөлт боллоо хэмээн France-Presse агентлаг АНУ-ын Геологийн албаны
мэдээллээс иш татан дамжуулав. Газар хөдлөлтийн төв Рабаул хотын ойролцоо
далайн гүний 22 км-т болжээ. Чичирхийлэл судлаачдын таамаглаж буйгаар, газар
доорх түлхэлтийн улмаас бүс нутагт аймшигтай цунами үүсч магадгүй байна. Хоёр
долоо хоногийн өмнө Папуа-Шинэ Гвинейд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн
билээ.
Их Британид сонгуулийн кампани эхлэв
“Нисэх онгоцны
осолд нэг хүн биш, системээрээ буруутай”
Германы Germanwings авиакомпанийн Airbus А-320 онгоцны
сүйрэлд хүний хүчин зүйл нөлөөлсөн талаар улам их ярих болов. Эхлээд прокурор
Брис Роба “Хоёрдугаар нисгэгч бүхээгт ганцаараа түгжиж байгаад онгоцоо албаар доошлуулж
уул мөргүүлсэн” гэсэн бол, дараа нь Андреас Любиц сэтгэлийн гутралд ордог
байсан, бүр сэтгэцийн эмчилгээ хийлгэдэг байсан нь тодорхой болсон юм. Сүйрсэн
онгоцны мөрдөн шалгалтын талаар болон цаашдаа ийм ослоос хэрхэн сэргийлэх
талаар “Нислэгийн аюулгүй байдал” агентлагийн ерөнхий захирал, Нислэгийн
аюулгүй байдлын бүх дэлхийн сангийн гишүүн Сергей Мельниченко ярьж байна.
-Дахиад л хүний
хүчин зүйлийн улмаас осол болов уу?
-Нисгэгчийг зорчигчдийн үхэлд буруутгасан прокурорын
мэдэгдэл нь ICAO (International Civil Aviation Organization-Олон улсын иргэний
нисэхийн байгууллага)-ийн нисэхийн осол, эндэгдлийг судлан шалгах тухай
шаардлага, стандартад харшилж байгааг хэлэх хэрэгтэй. Францад энэ ажлыг зохих
товчоо нь хариуцаж байгаа, тэд одоогоор ганц ч мэдэгдэл хийгээгүй байна. ICAO-ийн
дүрмээр, прокурорын ярьсан шиг зүйлийг хэд дахин баталж нотолж байж бусад
баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ярих ёстой.
-Прокрорт ийм
мэдэгдэл хийх хангалттай нотолгоо байгаа юм биш үү?
-Марселийн прокурорын үг одоо мэргэжлийн түвшинд ихээхэн
шүүмжлэлд өртөж байна. Иймэрхүү мөрдөн шалгалт дээр жинхэнэ үнэн тийм амар
тодордоггүй. Прокурорын мэдэгдэл ICAO-ийн стандартыг зөрчсөн. Түүний мэдэгдэл
эцсийн үнэн биш гэдэг нь ойлгомжтой.
-Андреас Любиц
гутарч, хямардаг байсан нь түүнийг буруутгах нэг шалтаг болж байна уу?
-Энэ тохиолдолд хоёрдугаар нисгэгчийг буруутгах нь бүгдэд
ашигтай байна л даа. Бүгдэд буруутай хүнийг олоод олон нийтэд зарласнаар
хүмүүсийг бага зэрэг тайвшруулж болох л юм. Гэвч нисэхийн осол сүйрэлд ганцхан
шалтгаан гэж байдаггүй. Үргэлж бие биенээсээ хамаатай гинжин шалтгаанууд
байдаг. Сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан хүнийг нисгэгчийн ажилд аваад, бүр
зорчигч тээвэрлүүлж байна гэдэг... Germanwings авиакомпани эрүүл мэндийн шалгалтыг
маш нухацтай авдаг гэж ярьж байна. Тэгэхээр нэг хүн биш, системээрээ буруутай
гэж бодож байна. Боловсон хүчнээ сонгож, шалгаруулах систем буруутай. Үүнд
эмнэлгийн үзлэг шинжилгээ ч багтана.
-Тэгээд энэ
гинжний эцэст хоёрдугаар нисгэгч байна байна шүү дээ. Хүний хүчин зүйлтэй яаж
тэмцэх вэ?
-Магадгүй нисгэгчийн бүхээгт заавал хоёр хүн байлгах дүрэм
журам нь хамгийн ухаалаг гарц байж болох юм. Нисгэгч шиг мэргэжлийн ур
чадвартай экипажийн гурав дахь гишүүн байх шаардлагатай юу гэж их ярьж байна.
Онгоцны үйлчлэгчдийн нэг нь бүхээгнээс ямар нэг шалтгаанаар гарч явсан
нисгэгчийг “орлон” сууж байхад хангалттай л даа. Ийм байсан бол энэ ослоос
сэргийлж болох байсан. Мэдээж нисгэгчийг “түр орлох” онгоцны үйлчлэгч нь тусгай
заавар, бэлтгэлтэй байх ёстой. Онцгой, стандарт бус нөхцөл байдалд хэрхэн
ажиллах, хөдлөх зэргийг сурсан байх ёстой.
-Ямар нэг
техникийн арга хэрэгсэл байж болох уу?
-Тэгж бодохгүй байна. Нисгэгчийн бүхээгт видео бичлэгийн
систем нэвтрүүлэх санаа гарч байсан. Энэ нь ослын дараахь мөрдөн шалгалтад тус
болох ч иймэрхүү ослоос сэргийлж чадахгүй.
-Бүхээгт хоёр хүн
дүрэм АНУ-д аль хэдийнэ үйлчилж байна..?
-Америкууд яагаад ийм журам нэвтрүүлсэн бэ? Яагаад гэвэл,
зорчигчдийнхоо хамтаар онгоцоо сүйрүүлсэн нисгэгчийн тохиолдол иргэний нисэхийн
түүхэнд байдаг, тав зургаан тохиолдол байдаг. Саяхных гэвэл, 2013 онд Мозамбикийн
авиакомпанийн онгоц ингэж сүйрсэн. АНУ-д ийм эрсдлийг бууруулахын тулд бүхээгт
үргэлж хоёр хүн байлгах амаргүй журмыг хэрэгжүүлж эхэлсэн. ICAO ч мөдхөн ийм
стандартыг нэвтрүүлэх биз.
Saturday, 28 March 2015
Ди Каприо хамгийн өндөр цалинтай
Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг Леонардо
Ди Каприо тэргүүлж байна. Тэрээр “Уолл-Стритийн чоно” кинонд тоглосныхоо төлөө
25 сая доллар авсан хэмээн Hollywood Reporter-т бичжээ. Роберт Дауни, Сандра
Буллок, Анжелина Жоли, Дензел Вашингтон, Мэтт Дэймон нар нэг кинонд тоглоод 20
сая доллар халааслажээ. Тэдний араас “Херкулес”
кинонд дүр бүтээгээд 15 сая доллар авсан Дуэйн Жонсон орж байна. Нэг киноноос
10-15 сая долларын шагнал авдаг жүжигчдийн жагсаалтад Марк Уолберг, Женнифер
Лоуренс нар багтлаа. Сет Роген 8.4 сая долларын үзүүлэлтээрэхний аравт биигдсэн
байна.
Узбекистанд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо
Өчигдөр Узбекистанд Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Улс
төрийн дөрвөн намын нэр дэвшигч энэ албанд өрсөлдөж байна. Улс орныг 25 жил
удирдаад байгаа өнөөгийн төрийн тэргүүн Ислам Каримов ялалт байгуулах төлөвтэй
байна. Тэрээр Узбекистаны Либерал ардчилсан намаас нэр дэвшиж байгаа юм. Ардын
ардчилсан намаас Хатамжон Кетмонов,
Ардчилсан намаас Акмаль Саидов, Социал демократ намаас Наримон Умаров нэр
дэвшжээ. Сонгуульд 20 сая иргэн саналаа
өгчээ. Дотоодын 80, гадаадын 300 орчим ажиглагч сонгуулийн үйл явцыг хянажээ.
Саудын Араб Йеменийг бөмбөгдсөөр байна
Саудын Арабын нисэх хүчин Йемен дахь хусит босогчдын
байрлалыг бөмбөглсөөр байна. Саудын Арабын хаан Салман Арабын орнуудын уулзалт
дээр мэдэгдэхдээ “Йеменд нөхцөл байдал хэвийн болох хүртэл босогчдыг
бөмбөгдсөөр байх болно” гэжээ. Эдүгээ Йемений үлэмж хэсгийг хусит босогчид
хяналтдаа авчээ. Өмнөд хэсгийн Аден хотод Засгийн газрын цэрэг нисэх буудлыг
босогчдоос булаан аваад байна. Хоёрдугаар сард хуситууд Ерөнхийлөгч Мансур
Хадийг эрх мэдлээс зайлуулжээ. Тэрээр гадаадад зугтан гарсныхаа дараа “Иран улс
Йемен дахь нөхцөл байдалд буруутай. Хуситууд бол Ираны утсан хүүхэлдэй” хэмээн
мэдэгджээ.
Хоёр жил олзонд байсан чех жуулчид гэртээ ирлээ
Чехийн иргэн Антониа Храстецка, Гана Гумпалова нар
Пакистанд хоёр жилийн турш барьцаанд байсны эцэст суллагдаж гэртээ иржээ. “Чехийн
27 настай иргэн Антониа Храстецка, Гана Гумпалова эх орондоо ирснийг мэдэгдэж
байна. Хэвлэл мэдээллийнхнээс тэдний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг
хүсье” хэмээн Ерөнхий сайд Богуслав Соботка телевизээр ярилаа. Бүсгүйчүүд хоёр
жилийн өмнө дэлхийг таньж, янз бүрийн шашны уламжлалыг судлахаар аялалаа
эхлүүлжээ. 2013 оны гуравдугаар сард Энэтхэгт очиж, түрээсийн микро автобусаар
Иран-Пакистаны хилийг давжээ. Гэвч удалгүй автобусыг нь зэвсэгтэй этгээдүүд
зогсоож, эмэгтэйчүүдийг барьцаалан авч явжээ. Дараа нь интернэтэд тэдний бичлэг
тавигдсан ч хоёр жилийн турш ямар ч мэдээлэл сонсогдоогүй юм. Пакистан дахь
лалын радикал бүлэг тэднийг хулгайлсан хэмээн үзэж байна.
Андреас Лубиц илүү багтаамжтай нисэх онгоц жолоодохыг
мөрөөдөж байжээ
Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд сүйрсэн Airbus
А-320 нисэх онгоцны хоёрдугаар нисгэгч илүү багтаамжтай онгоц жолоодохыг хүсдэг
байжээ. Тэрээр энэ тухайгаа осол болохоос гурван долоо хоногийн өмнө ажлын анд
Франк Войтонд хэлж байсан хэмээн Bild сонин мэдээлэв. Тэд Дюссельдорфоос Вена
руу нислэг хийж байхад энэ яриа болсон аж.
Войтоны хэлж буйгаар, Лубиц Airbus A-380 (853 зорчигчийн
багтаамжтай), Боинг-747 (568 зорчигчийн багтаамжтай) жолоодох хүсэлтэй
байгаагаа ярьж байжээ. “Тэр сайн нисгэгч байсан. Нисэх онгоц хэрхэн жолоодохыг
сайн мэддэг байсан” хэмээн тэрээр нэмж хэллээ. Энэ хооронд Францын мөрдөгч,
мэргэжилтнүүд осол болсон газраас Лубицийн цогцсыг олсон гэсэн мэдээ ирлээ. ДНК
шинжилгээний тусламжтайгаар түүний цогцсыг таньж мэдсэн байна. Хоёрдугаар
нисгэгч сүүлчийн мөчид ямар нэг эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоохоор
ажиллаж байна.
Die Welt хэвлэл мэдээлж буйгаар, Дюссельдорфийн мөрдөн
шалгагчдын баг Лубицийн гэрийг нэгжих үеэр сэтгэцийн эм бэлдмэл илрүүлсэн байна.
Ахлах мөрдөгчийн хэлж буйгаар, 27 настай Андреас Лубиц сэтгэцийн өвчнөөр
шаналдаг байсан нь ийнхүү нотлогдож байгаа аж. Гэвч Germanwings авиакомпанийн
нисгэгч хар тамхи болон архи хэрэглэдэг байсан гэх нотолгоо олдоогүй юм.
New York Times сонинд бичсэнээр, Лубиц осол болохоос
хэсэг хугацааны өмнө харааны асуудлын улмаас эмчид очиж байжээ. Тэрээр энэ
асуудлаа авиакомпаниас нуудаг байсан бололтой. Мөрдөн шалгалтын дүнд, Лубицийг
сүүлчийн нислэгт гарахын өмнө эмч гуравдугаар сарын 19-26-нд ажиллаж болохгүй гэсэн
эмнэлгийн акт бичиж өгсөн нь тогтоогджээ. Г эвч нисгэгч залуу энэ актыг урж
хаяад нислэгтээ гарсан байна.
Хямд төсөр нислэг үйлддэг Германы Germanwings
авиакомпанийн Airbus A-320 нисэх онгоц гуравдугаар сарын 24-нд Барселоны хотоос
Дюссельдорф руу нисч яваад Францын өмнөд хэсэгт уул мөргөн сүйрсэн юм. Нисэх
онгоцонд явж байсан экипажийн гишүүн, зорчигч нийлсэн 150 хүн бүгд амь
үрэгджээ. Ослын шалгааныг судлах мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр, экипажийн
ахлагч бие засахаар бүхээгийг орхин гарсны дараа хоёрдугаар нисгэгч бүхээгийг
дотроос нь түгжиж онгоцыг огцом доошлуулан санаатайгаар уул мөргүүлсэн болохыг
тогтоогоод байна. Хар хайрцагны бичлэг үүнийг баталж байгаа юм. Нэгдүгээр
нисгэгч бүхээгийн хаалгыг онгойлгох гэж сүх хүртэл хэрэглэсэн хэмээн хэвлэлүүд
бичиж байна. Бүхээгт ганцаар үлдсэн Андреас Лубиц хаалгыг түгжиж аваад онгоцыг
доошлуулж уул мөргөх хүртлээ нислэгийг удирдах төвд ч ямар ч мэдээлэл өгөөгүй
аж. Тэрээр нисэх онгоц уул мөргөн сүйрэх хүртэл амьд сэрүүн байж, амьсгалж
байсан нь хар хайрцагын бичлэгт тод бичигдэн үлджээ. Андреас Лубиц найз
бүсгүйдээ “Хэзээ нэгэн цагт бүгд миний нэрийг дурсдаг болно” хэмээн ярьж байсан
аж.
Wednesday, 25 March 2015
Саудын Араб Йеменд цэргийн ажиллагаа явуулж эхэллээ
Саудын Арабын зэвсэгт хүчин Йемений газар нутаг дээр
цэргийн ажиллагаа явуулж эхэллээ хэмээн
France-Presse агенилаг уламжлав. “Ажиллагааны гол зорилго бол хууль ёсны
Засгийн газраа хамгаалах” хэмээн хаант улсын Вашингтон дахь элчин сайд Адель
Жубер ярилаа. Йемен дахь ажиллагаанд агаарын цэргийн хүчин оролцож байгаа аж.
Йемений албаны эрх баригчдын хамгаалах цэргийн
ажиллагаанд Саудын Арабаас гадна Кувейт, Бахрейн, Арабын нэгдсэн эмирт улс,
Катар зэрэг есөн орон оролцож байна. Йемений нутаг дэвсгэр дээр хусит босогчдын
бүлэг үйл ажиллагаа явуулж байна. Аден хотод босогчид Ерөнхийлөгчийн ордонг
довтолжээ. Йемений Ерөнхийлөгч хаана байгаа нь тодорхойгүй байна. Зарим мэдээллээр,
тэрээр завиар улс орноо орхин гарсан бололтой.
Ослын шалтгаан бүрхэг хэвээр байна
Germanwings авиакомпанийн нисэх онгоц Альпийн нуруунд
яагаад унах болсон олон иаамаг, сэжиг дагуулах болов. Нисэх онгоц сүйрэхийн
өмнөхөн нэг нисгэгч нь бүхээгнээс гарсан ч буцаж орж чадаагүй тухай хар
хайрцагны бичлэгтэй танилцсан мөрдөгч The New York Times сонинд ярьжээ. Нислэг
эхлээд тайван үргэлжилж байсан аж. Дараа нь нэг нисгэгч нисгэгчийн бүхээгнээс
гарсан ч бцуцаж орж чадаагүй байна. Хар хайрцагны бичлэг дээр тэрээр бүхээгний
хаалгыг нүдэж, орох гэж оролдож байгаа нь сонсогдож байгаа аж. Дараа нь тэрээр
хаалгыг улам хүчтэй нүдэж эвдэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна.
Зорчигч тээврийн Airbus A320 нисэх онгоц гуравдугаар сарын 24-нд Барселонаас
Дюссельдорф руу нисч яваад Франц дахь Альпийн нуруунд унаж сүйрсэн юм. Онгоцонд
явж байсан 15 хүн бүгд амь үрэгджээ.
PayPal 7,7 сая долларын торгууль төлнө
Цахим төлбөр тооцооны PayPal систем АНУ-аас Иран, Куба,
Суданы эсрэг авсан хориг арга хэмжээг олон удаа зөрчсөнийхээ төлөө 7.7 сая
долларын торгууль төлөхөөр боллоо. АНУ-ын Сангийн яамны илтгэлд дурдсанаар, PayPal
нь Америкийн хууль тогтоомжийг 486 удаа зөрчжээ. Мөн цахим төлбөрийн систем нь
АНУ-ын хар жагсаалтад орсон хүмүүсийн эсрэг арга хэмжээ аваагүй хэмээн үзсэн
байна. Цахим төлбөр тооцооны PayPal систем нь интернэтийн eBay дэлгүүрийн өмч
ажээ.
Перуд хөрсний нуралт болжээ
“Орос байгаагүй
бол Крым цусанд живэх байсан”
“Оросын офицерууд” байгууллагын гишүүн, чөлөөнд гарсан
хошууч-генерал Андрей Молчанов “Правда”-д ярьж байна.
-Андрей
Алексеевич, Крымийг нэгтгэсний нэг жилийн ой болж байна. Энэ үйл явдал Оросын
төдийгүй дэлхийн түүхэнд шинэ хуудас нээж, дэлхий дээрх хүчний хуваарилалтыг
эрс өөрчилсөн. Америк, ТТГ, НАТО үүнд их гомдоллодог...?
-Тийм ээ, энэ бол манай улс төрийн удирдлага, тусгай
албадын гайхалтай ялалт. Энэ үйл явдлаас өмнө бид өөрсдийн хуучин газар нутаг
дээрээ Хар тэнгисийн флотыг байлгахын тулд асар их түрээсийн мөнгө төлдөг
байлаа. Одоо бид тэнд жинхэнэ Хар тэнгисийн флоттой болсон. Батлан хамгаалах
хүчирхэг хязгаар, түшиц газар бий боллоо. Орост ч, өрнөдөд ч өөрийн гэсэн ашиг
сонирхол бий. Эдгээр ашиг сонирхол мөргөлдөж, сөргөлдөж байдаг нь ойлгомжтой
зүйл. Харин Крым нь энэ үйл явцыг сааруулагч, тусгаарлагч болж өгсөн юм. Хэрвээ
бид Крымийг Оросын бүрэлдэхүүнд аваагүй бол тэнд гал дүрэлзэж, асар их цус
асгарах байсан.
-Саяхан дэлхий
нийт манай Ерөнхийлөгчийг алга болчихлоо гэж их шуугилаа...?
-Ерөнхийлөгч бол шоучин биш. Ямар нэг чухал шийдвэрийг
ард түмэндээ дуулгахын тулд тэр гарч ирэх ёстой. Телевизээр тасралтгүй чалчихын
тулд Ерөнхийлөгч болдог юм биш л дээ. Долоо хоног олон нийтийн өмнө харагдаагүй
нь тийм онцгой явдал уу?
-АНУ-ын лидер
Обама ухаалаг утас хэрэглэдэггүй, ер нь дуу хураагууртай төхөөрөмж хэрэглэдэггүй
гэдгээ хэлж байна. Энэ их аюултай гэнэ. Эсвэл тэр тийм их сэжигч хүн үү?
-Үгүй. Тэр мэдээж зөв зүйл хийж байна. Тиймэрхүү техник
хэрэгсэл дамжуулагчийн үүргийг гайхалтай гүйцэтгэдэг. Чагнах тагнах үзэгдэл маш
өргөн хүрээтэй тархаж байна шүү дээ. Путин ч ямар нэг гар утас барьдаггүй
гэдэгт би итгэлтэй байна.
-Хамгийн энгийн,
хямдхан утас ч барьж болохгүй гэж үү?
-Тэглээ гээд ч таныг аврахгүй. Бүр хамгийн энгийн гар
утас ч гэсэн унтраатай үедээ ч таны мэдээллийг дамжуулж байж болно. Ердийн хүн
бол хамаагүй л дээ. Харин улстөрчид болгоомжтой хандах хэрэгтэй.
-Сноуден, Ассанж гээд
нууц мэдээллийг задруулах нь их боллоо. Тийм их мэдээллийг хаана цуглуулж
хадгалдаг байна аа. Энгийн хүмүүс бол үүнийг нэг их анхаарахгүй байх...?
-АНУ-д Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон бусад
тусгай албад бий. Мэдээлэл цуглуулах нь тэдний ажил. Улстөрчдийг, өөр олон
хүнийг чагнаж, тагнасан мэдээллээ ангилж ялгаж байдаг. Тэдгээр мэдээлэлд
анализ, таамаг дэвшүүлж, хэрэгтэй газар руу нь явуулж байдаг мэргэшсэн маш олон
ажилтан байдаг. Дэлхий даяар ийм ажил
хэнээс хамааралгүй хийгдсээр байдаг юм. Хэдэн арван Сноуден гарч ирсэн ч энэ
ажил үргэлжилнэ. Ямар ч орны тагнуулын албад бүх л ичгүүр сонжуургүй аргыг
хэрэглэж тагнуул явуулдаг. Тагнах, чагнах арга барил улам боловсронгуй,
мэргэжлийн болсоор байна.
-Хиллари Клинтон төрийн
захидлыг хувийн цахим шуудангаараа явуулж байсан нь төрд ихээхэн хохирол
учруулсан хэрэг хэмээн Б.Обама хэлсэн. Гэтэл түүнийг дараагийн Ерөнхийлөгч
болно хэмээн зүтгүүлж байх юм...?
Зургийн тайлбар: Севастополь дахь Хар тэнгисийн флот
Tuesday, 24 March 2015
Афганистанд америк цэргүүд үлдэнэ
2015 оны эцсээр Афганистанд АНУ-ын есөн мянга 800 цэрэг
үлдэнэ хэмээн Цагаан ордноос мэдэгдлээ. Америк цэргүүдийн тоог уян хатан
байдлаар цөөлөх шийдвэрийг Афганы эрх баригчдын хүсэлтээр гаргасан бөгөөд
нарийн графикийг 2015 оны эцсээр боловсруулна хэмээн Вашингтон, Кабулын
хамтарсан мэдэгдэлд онцолсон байна. Вашингтон 2016 оны эцэс хүртэл Афганистанд
цэргээ үлдээж Кабул дахь Элчин сайдын яамаа хамгаалах бодолтой байгаа аж. 2001
онд талибуудын дэглэмийг унагаснаас хойш АНУ-ын цэрэг Афганистанд байрлаж байгаа юм.
Осолдсон онгоцны
хар хайрцгийг олжээ
Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд сүйрсэн Germanwings
авиакомпанийн Airbus A320 нисэх онгоцны хар хайрцгуудаас нэгийг нь оллоо хэмээн
Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдэгдлээ. Эрэл хайгуулын ажиллагаанд
арван нисдэг тэрэг болон цэргийн нисэх онгоц оролцож байгаа аж. Өчигдрийн
байдлаар сүйрсэн нисэх онгоцны жижиг сэгүүд болон хэд хэдэн зорчигчдын цогцсыг
илрүүлсэн байна. Уг онгоцонд нисэх багийн зургаан гишүүний хамтаар 144 зорчигч явж
байсан юм. Амьд хүн үлдсэн гэх найдвар бараг байхгүй хэмээн албаны хүмүүс
мэдээлж байна.
Барселона хотоос Германы Дюссельдорф руу нисч явсан
онгоцонд Испанийн 45 иргэн байсан бол, ихэнх нь Мальорка арал дээр амраад буцаж
явсан герман жуулчид байжээ. Тэдний дотор хоёр багштайгаа явж байсан 16 сурагч
байгаа аж. Germanwings нь хямд үнээр үйлчилдэг Германы Lufthansa авиакомпанийн охин компани юм.
Лалын дайчид Идлиб хот руу давшиж эхлэв
Лалын дайчид Сирийн Идлиб хот руу давшиж эхэлснээ
зарлалаа. 100 мянган хүн амтай энэ хот одоогоор Сирийн армийн хяналтад байгаа
юм. Идлиб хотын давшилтад “Аль-Кайда”-гийн бүрэлдэхүүнд багтдаг “Ахрар аш-Шам” болон
“Жебхат ан-Нусра” жихад бүлгийн дайчид оролцож байна. “Ройтерс” агентлаг
мэдээлж буйгаар, лалын босогчид хотод ойрхон ирээд байгаа аж. “Жебхат ан-Нусра”
бүлэг нь Сири, Иракт хүчээ аваад байгаа “Исламын
улс” бүлэгт үнэнч гэдгээ батлан илэрхийлсэн ажээ.
Б.Обама Палестин улсыг байгуулахыг дэмжлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израилийн бүс нутагт
тогтвортой байдлыг бий болгох цорын ганц зам нь Палестин улсыг байгуулах хэмээн
үзэж байна. “Палестин улсыг байгуулах нь бүс нутагт энх тайвныг бий болгох
шилдэг зам хэмээн АНУ үзэж байна. Гэвч Израилийн Ерөнхий сайд Беньямин
Нетаньяху энэ талаар өөр байр суурьтай байна” хэмээн Обама ярьжээ. Цагаан ордны
эзэн хэд хоногийн өмнө Huffington Post сонинд ярилцлага өгөхдөө, Б.Нетаньяху
Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь Израиль-Палестины
хямралыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Жирэмсэн бүсгүй хүүхдээ худалдаанд тавьжээ
Бээжин дахь хамгийн сүүлчийн нүүрсний цахилгаан станцыг
хаана
Хятадын Бээжин хотын эрх баригчид хот дахь хамгийн
сүүлчийн томоохон нүүрсний цахилгаан станцыг 2016 онд хаахаар боллоо хэмээн Bloomberg
агентлаг уламжлав. Саяхан болтол нийслэл хотод нүүрсний дөрвөн цахилгаан станц
ажиллаж байсан юм. 2014 онд нэгийг нь хаасан бол, өнгөрсөн долоо хоногт хоёрыг
нь хаажээ. Тэдгээрийн оронд байгалийн хийн дөрвөн цахилгаан станц ажиллаж 2.6
дахин их эрчим хүч нийлүүлж байна. Бээжингийн эрх баригчид 2017 гэхэд нүүрсний
хэрэглээг 2012 онтой харьцуулахад 13 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна.
Ийнхүү нийслэл хотыг нөмөрсөн өтгөн утааны асуудлыг хэсэгчлэн шийднэ хэмээн
найдаж байгаа аж.
Нүүрсхүчлийн давхар ислийн хаягдлыг багасгах үндэсний
кампанит ажлын хүрээнд Бээжин дахь нүүрсний цахилгаан станцуудыг хааж байгаа
ажээ. 2015 оны эцэс гэхэд Хятад даяар хоёр мянга орчим нүүрсний уурхайг хаахаар
төлөвлөж байна. Хятадын удирдлага үүнээс үүсэх эрчим хүчний хомсдолыг усан
цахилгаан станц, нар, салхины эрчим хүч, мөн цөмийн эрчим хүчийг хөгжүүлж нөхнө
хэмээн тооцоолж байгаа аж. 2014 онд сүүлийн арван жилд улс оронд анх удаа
нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ буурсан (хоёр хувиар) үзүүлэлт ажиглагджээ. Гэсэн
хэдий ч Хятадын том хотуудын оршин суугчид уушиг, амьсгалын замын өвчин
үүсгэдэг утаанд шаналсан хэвээр байгаа юм.
2013
оны нэгдүгээр сард Бээжин хотын утаа рекорд түвшиндээ хүрчээ. Тухайн үед нийслэл
хотын зам харгуй, байшин барилга утаанд “живж” харагдах орчин бараг байхгүй
болж, ард иргэд амны хаалттай явахаас өөр аргагүй болж байв. Сүүлийн хэдэн жилд
Бээжингийн агаарын бохирдол хэрээс хэтэрсний улмаас гадаадын мэргэжилтнүүд тэндээс
“дүрвэх” болжээ. Бээжингийн Harrow School International сургуульд дөрвөн жил
ажилласан Ханна Сандерс нөхөр Бений хамтаар Их Британи руугаа буцжээ. “Бид
зургаан жилийн гэрээтэй ирсэн. Гэвч агаарын бохирдол ийм боломж олгосонгүй.
Жаахан хүүхдүүд маань гадаа тоглоход баталгаагүй болж байна. Гэр бүлээрээ
Бээжинд амьдрах боломжгүй боллоо” хэмээн Ханна өгүүлж байна. Хэдийгээр Хятадын Засгийн газрын албаны
хүмүүс батлахгүй байгаа ч үйлдвэр компани, элчин сайдын яам, сургууль, хүний
нөөцийн зөвлөхийн эх сурвалжууд үүнийг баталж байгаа юм. Хятад улс олон улсын
үйлдвэр, компаниудын хувьд улам чухал болсоор байгаа ч Бээжин хот гадаадын
авъяаслаг мэргэжилтнүүдээ тун хурдан алдсаар байна.
Monday, 23 March 2015
Украинд зэвсэг нийлүүлэхийг уриалав
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Барак
Обамад Украинд зэвсэг нийлүүлж эхлэхийг уриалсан тогтоолыг дэмжин баталлаа
хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. Тогтоолыг Конгрессын 348 гишүүн
дэмжиж, 48 нь эсэргүүцсэн байна. АНУ-ын эрх баригчид Украинд зэр зэвсэг
нийлүүлэх тал дээр шийдвэр гаргаагүй байна хэмээн мэдэгдэж байсан юм. Харин
олон улсын ажиглагчид “Украинд зэвсэг нийлүүлснээр бүс нутгийн хямралыг зогсоож
чадахгүй” хэмээн үзэж байна.
Ж.Керри, А.Гани нар хэлэлцээ хийв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Афганистаны
Ерөнхийлөгч Ашра Гани нар Кэмп-Дэвидэд уулзаж 14 жилийн дайны улмаас тасраад
байсан хоёр талын харилцааг бэхжүүлэх зорилгоор хэлэлцээ хийжээ. Уулзалтын
явцад Америкийн төлөөлөгчид Афганы зэвсэгт хүчнийг 2017 он хүртэл санхүүжүүлэх
төслийг Конгресст өргөн барина хэмээн амласан байна. АНУ-д анхны айлчлалаа хийж
байгаа Ерөнхийлөгч А.Гани АНУ-ын бүс нутаг дахь тогтвортой байдалд гүйцэтгэж
үүргийг өндрөөр үнэлжээ. Ашраф Гани Цагаан ордны эзэн Барак Обаматай уулзахаар
төлөвлөж байна.
Америкийн генерал Скейлз: Орост “Fox News”-ийг үздэг гэж бодсонгүй
Украинд туслахын тулд оросуудыг устгах хэрэгтэй хэмээн
телевизээр уриалсан Америкийн чөлөөнд гарсан генерал Роберт Скейлз Орост
өөрийнх нь үг сонсогдоно гэж бодоогүй хэмээн ярьжээ. “Надад Оросоос, огт
танихгүй хүмүүсээс цахим шуудан ирэх болсон. Оросуудыг “Fox News” телевиз үздэг гэж бодсонгүй. Би ч одоо архи, борщний бараа харахаасаа
өнгөрөв бололтой” хэмээн тэрээр хошигнон өгүүлсэн байна. Оросууд Скейлзийн
эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь санаа зовоохгүй байна хэмээн тэрээр хэлсэн ч
өдөр бүр цацраг идэвхт полонийн шинжилгээ хийлгэх болно хэмээн мэдэгджээ. Оросууд
түүнийг полониор хордуулж магадгүй хэмээн айж буй бололтой.
АНУ-ын армийн коллежийн
дарга асан, чөлөөнд гарсан хошууч генерал Роберт Скейлз “Fox News” телевизинй шууд
эфирээр “АНУ Украины бүс нутагт нөлөөлөх ганц арга байгаа. Тэр нь ороуудыг
устгаж эхлэх” хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос
түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн ажээ.
Гитлерт адлагдаж, Эйнштейнд шүтэгдсэн математикч бүсгүй
-Эмэгтэйчүүд их сургуульд ч орж чаддаггүй байхад их
сургуульд хичээл заадаг байсан сод математикч эмэгтэй Эмми Нетерийн 133 насны
ой тохиож байна-
Математикийн түүхэнд дурсагдах гавъяатай эмэгтэй гэвэл
Эмми Нетер билээ. Энэ сэдвийг ойлгодог хүмүүс дотроос цуут Альберт Эйнштейн
гэхэд л түүнийг “Эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшиж эхэлснээс хойш төрсөн
математикийн хамгийн сод ухаантан” хэмээн тодорхойлж байв.
Еврей гаралтай Нетер 133 жилийн өмнө Германы Бавариа
мужид мэндэлжээ. Гүүгл нэрт математикч эмэгтэйд хүндэтгэл үзүүлж гуравдугаар
сарын 23-ны нүүрээ түүнд зориулсан юм. Эммигийн гэр бүл өмнөх гурван үеэрээ
математикчид байлаа. Тэр ч энэ уламжлалаас гажихыг хүссэнгүй. Эцгийнхээ их
сургуульд заадаг хичээлд очиж суусаар математикт суралцжээ. Тухайн үед
эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг зөвшөөрдөггүй байсан тул тэрээр зүгээр л
сонсогчийн хувиар хичээлд суудаг байсан аж. Эмми Нетер шаргуу зүтгэлийнхээ
ачаар төрөлх Эрланген хотынхоо их сургуульд элсэн орж, үл хувьсагчийн талаар
гайхалтай судалгаа хийж сургуулиа төгсчээ. Амжилтыг нь үнэлсэн багш Давид
Хилберт Эммийг Готинг хотод цуврал илтгэл тавихыг урьсан ч багш нарын холбооны
зарим хүн эсэргүүцсэнээр бүтсэнгүй. Харин туслах багшийн албан бус орон тоон
дээр хичээл заахыг л зөвшөөрчээ.
Эмми Нетер цагирагийн онол, алгебрийн онолыг нээж
математикийн салбарт хувьсгал хийсэн юм. Мөн физикийн салбарт Нетерийн теорем
хэмээх шинэ нээлт хийсэн нь физикийн хууль ямар ч хэлбэр, өөрчлөлтөд үл
хувьсдаг, аливаа биетийн хүч, зэрэг нь байнга хадгалагдаж байдаг гэсэн хоёр
үндсэн санаан дээр тулгуурлаж байв. Тэгш хэм бүрт хадгалалтын хууль үйлчилдэг
болохыг тэр нээсэн юм. Тодорхой тэгш хэмээс үүсч буй хадгалалтын хууль нь
судалгааны объектийн шинж чанарын талаарх гол эх үүсвэр болж байдгийг олж
мэдсэнээр талбайн квант онол дээр чухал үүрэг гүйцэтгэх болсон билээ. Нетерийн
санаа, эрдэм шинжилгээний нээлт олон эрдэмтэн, математикч, физикчид асар их
нөлөө үзүүлсэн юм. Тэрээр дэлхийн хэмжээний эрдэмтэн болж, олон олон нээлт
хийсэн суут хүмүүсийг хүмүүжүүлэн гаргасан ажээ.
Эмми Нетер математикийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ч
Гитлерийг эрх мэдэлд гарсныг дэмжих болсон Германы ард түмэнд адлагдах болжээ.
Тэр үеийн Герман орон сод ухаантнуудад зориулагдаагүй байлаа. Тэрээр еврей биш
байсан бол зүгээр л нэг авъяастай хүнд тооцогдож, бүгдэд мартагдах байсан биз.
Иргэний мэргэжлийн үйлчилгээний хууль батлагдсаны дараа улс төрийн сэжигтнүүд
болон еврей хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох болсноор Готингын их
сургуульд багшлах боломжгүй боллоо.
Хичээл зааж, илтгэл тавих боломжгүй болсон Эмми Нетер
Америк руу цагаачилж судалгааныхаа ажлыг үргэлжлүүлж, Принстоны дээд
боловсролын хүрээлэнд ажиллах болжээ. Үүний зэрэгцээ Брин Мор хотод багшийнхаа
ажлыг хийж байлаа. Хоёр жилийн дараа түүнд хорт хавдар илэрч хагалгаанд орсон ч
нас барсан юм. Гитлерт адлагдаж, Эйнштейнд шүтэгдэж явсан хамгийн сод
математикч эмэгтэй Эмми Нетерийн түүх ийм ажээ.
Subscribe to:
Comments (Atom)




















